Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын ах Ахмад Жалалабад хотод энэ сарын 21-нд баривчлагдсан ба хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч эхэлжээ. Киргизийн Дотоод хэргийн орлогч сайд Мелис Турганбаевын мэдэгдсэнээр түүнд үндэстэн хоорондын сөргөлдөөнийг өдөөж, олон нийтийн үймээнийг зохион байгуулсан гэх ялыг тулгаж байгаа юм. Ахмад Бакиевыг Жалалабад хотод хөлсөлсөн байранд нь баривчилсан юм. Тэрээр зэвсэглэсэн байсан ч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн байлаа. Нэгжлэг хийж байхад түүний байрнаас хиймэл үс, сахал олсон гэнэ.
Киргизийн ерөнхийлөгч Бакиевын засгийг унагасны дараа түүний хамаатан садан хүрээлэгч нарт эрэл зарлаад байгаа билээ. Ахмадаас гадна Бакиевын хоёр дүү Жаныш, Каныбек ба хүү Максим нарыг эрэн сурвалжилж байгаа юм. Тэдний тухай мэдээлэлд шагнал амлаад байна.