Эрх баригч намынхны дипломат албанд эхлүүлсэн “зодоон”-оос болж, Монгол Улс өнөөдөр Орос, Швед, Австрали, БНСУ-д Элчин сайдгүй байгаа бол АНУ-ын Сан-Франциско, Туркийн Истанбул , БНХАУ-ын Өөртөө засах орон болох Өвөр Монголын Хөх хот, тусгай бүс Хонконг тус бүрт ерөнхий консулгүй, Эрээн хотод консулгүй байна.
Элчин сайд бол томилогдсон орондоо эх орноо төлөөлөн, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн яамаа удирдах үүрэг хүлээн ажилладаг алба. Улс орнууд энэхүү онцгой албанд мэргэжлийн хүмүүсээ томилдог. Тухайлбал, Монголын хоёр хөрш болох Орос, Хятад Гадаад харилцааны яаманд ажиллаад мэргэшсэн хүмүүсээ, Япон улс нь томилогдох орныхоо хэл, соёлыг маш сайн мэддэг дипломатчийг Элчин сайдаар томилдог жишигтэй. Ерөнхий консул, консул нь мөн энэ жишгээр мэргэжлийн хүмүүс томилогддог.
Харин Монголд энэ категори алдагдсан. Улстөрчийн хамаатан садан, найз нөхөд, нам, фракцын “шивэгчин” л томилогддог. Мэргэжлийн, мэдлэгтэй, чадвартай байгаад нэмэргүй. МАН-ын үед томилогдсон Элчин сайд нь Ардчилсан нам эрх барихад “хусагдана”, Ардчилсан намыг эрх барих үед томилогдсон Элчин сайд нь МАН-д Засгийн эрх шилжихээр огцорно. Энэ жишгээр доод шатанд мөн халаа сэлгээ хийгдэнэ. Дипломат албаныхан ийм нэг бичигдээгүй хуультайгаа бүр эвлэрчихсэн.
Сүүлийн жилүүдэд өмнөх Ерөнхийлөгчийн үед томилогдсон Элчин сайд нар өнөөгийн Ерөнхийлөгчид таалагдахгүй бол татагддаг шинэ шалгуур гараад ирсэн. Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нар дээрх шалгуурт тэнцэхгүй бүдэрснээс хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдсаныг санах хүн олон биз.
Нэлээд хэл ам болж, мэргэжлийн хүмүүс томилж явуулсан ч Швед улсад Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэг нь буцаан татагдсан. Өөрийн хүсэлтээр буцах хүсэлт тавьсан тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдэж байсан ч цаанаа улс төрийн шалтгаан нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэх яриа цацагдаад намжсан юм.
Монгол Улсын иргэд хамгийн олноор ажиллаж, амьдардаг улсын нэг нь Өмнөд Солонгос. Элчин сайдыг нь эгүүлэн татсанаас хойш хоёр жил болоход өнөөг хүртэл Элчин сайдгүй л байна. Ерөнхий сайдын санаачлагаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилсон ч агреман ирээгүй тул томилгоог буцаасан. Үүний дараа Д. Даваасүрэнг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болж, Ерөнхийлөгч санал гаргасан ч УИХ-аар хэлэлцэлгүй гацаачихсан. Энэ нь Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хамаарах шалтгаан биш байж болох ч УИХ-ын улс төрийн намчирхал мэргэжлийн хүнийг томилох болоход тээг тавьж, улсын эрх ашгийг хохироож байна.
Уг нь бол монголчуудынхаа эрх ашгийг бодсон ч, БНСУ-тай тогтоосон стратегийн харилцаагаа бодсон ч яаралтай Элчин сайдаа Сөүлд суулгаж авах нь Гадаад харилцааны яамны хийх ажлын нэг мөн. Энэний төлөө УИХ-д асуудлыг тавих ёстой.
Австралид суух Монголын Элчин сайдын томилгоог МАН “өмчлөөд” авчихсан гэж хэлэхэд буруудахгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ албанд Г.Тэнгэрийг санал болгоход Ерөнхийлөгч зөвшөөрөөгүйгээс буцсан ч У.Хүрэлсүхийн танхим Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг зүтгүүлээд дэмжсэн. Г.Тэнгэрт чагт тавьсан Ерөнхийлөгч Н.Анхбаярт зөвшөөрөл олгосон нь аавын нөөлөг ч УИХ-аар хэлэлцэхгүйгээс хоёр жилийн турш Монгол Улс тус улсад Элчин сайдгүй байна.
ОХУ-аас Монгол Улс Элчин сайдаа эгүүлэн татсанаас хойш есөн сар өнгөрлөө. Чухам юу нь таалагдаагүй юм, Ерөнхийлөгчийн шийдвэрээр татсан. Гэтэл энэ хугацаанд Засгийн газар Элчин сайдын нэрийг өргөн барьсангүй. Хүн дээрээ тохирч чадахгүйгээс томилгоо цаг алдаж буй тухай сонстох. Мэргэжлийн, хоёр орны харилцааг сайн мэдэх, зурагдсан гэрээнүүдээ ажил болгох хүн МАН-д олдохоор Ерөнхийлөгч таалдаггүй, Ерөнхийлөгчид олдохоор МАН зөвшөөрдөггүй тамын тогооныхон шүү.
Экспортын гол харилцагч, монголчууд олноор зорчдог Хятад улсад Монгол Улс Элчин сайдтай ч хэд, хэдэн Консулын газар нь ерөнхий консулгүй, консулгүй байна. Гэтэл Хятадад монголчууд олноороо хар тамхины хэргээр ял эдэлж байгаагаас гадна хүний наймааны золиос болсон охид, бүсгүйчүүд олон бий. Худалдаа наймаа эрхлэхээр явсан иргэд бусдад залилуулснаас болж, эрх ашгаа хамгуулахаар хандах болоход ерөнхий консул, консул нь чөлөөлөгдчихсөн хүнгүй байгаа нь бас л асуудал дагуулж байна. Гадаад харилцааны сайд аа, энэ бүхнийгээ цэгцэлж, эзэнтэй болгох болоогүй юу.
Бүлэг, фракцынхаа хүнийг зүтгүүлээд, мэргэжлийн бус хүн томилох гээд болдоггүй юм бол ил тод зарлаад тэмц л дээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ