&#34Зэвсэгт хүчний ангиуд бүтээн байгуулалтад бэлэн&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

&#34Зэвсэгт хүчний ангиуд бүтээн байгуулалтад бэлэн&#34

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд  Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаад иржээ. Ц.Цолмон сайд салбарын удирдлагын хувиар орон нутагт байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бол Засгийн газрын гишүүний хувиар орон нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаж ярилцсан байна. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбаттай орон нутагт ажилласан тухай, зэвсэгт хүчний анги байгууллагын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

-Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй батлан хамгаалах салбарын удирдлагууд баруун бүсийн аймгуудад ажилласан гэсэн. Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги байгууллагын үйл ажиллагаатай танил­цаж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой байсан байх?

-Нэгдүгээрт, салбарын сайдын хувиар  баруун бүсийн аймгуудад суурьшиж үйл ажиллагаа явуулж буй Зэвсэгт хүчний анги салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байлаа. Хоёрдугаарт, анги салбаруудын үйл ажиллагааны төвшин ямархуу байна, тулгамдаж буй асуудал нь юу байна, офицер, ахлагч нарын нийгмийн асуудлаас сонсч ярилцахаар БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын бүрэлдэхүүн ажиллалаа. Мэдээж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц нь юу байж болох талаар ний нуугүй ярилцсан. Нөгөө талаас орон нутгийн удирдлагуудтай уулзаж тухайн аймгуудад батлан хамгаалах бодлого, зорилтыг сурталчлах арга хэмжээ ямар төвшинд байна. Зэвсэгт хүчний анги салбарын удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа, тэдэнд ямар үнэлэлт өгч байгааг нь судлах зорилготой ажиллалаа. Энэ нь цаашдаа орон нутагт батлан хамгаалах чиглэлээр  юу хийх вэ гэдэг бодлого, зорилтоо тодруулж гаргахад дөхөм боллоо.

-Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги салбаруудын тулгамдсан асуудал юу байх юм?

-Орон нутагт байрлаж байгаа манай Зэвсэгт хүчний анги салбарууд үндсэн үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж байна. Харин үйл ажиллагаагаа явуулахад барилга байгууламжаас эхлээд тулгамдсан асуудал олон. Өнөөдөр зарим анги, салбаруудад ашиглаж байгаа барилга, байгууламж хэт хуучирчээ. Олон жил ашигласан, тодорхой засвар үйлчилгээний хугацаа өнгөрчихсөн учраас шинээр барилга барих шаардлага тулгарсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 253 дугаар ангийн зарим барилга хуучин оросын цэргийн ангиас үлдсэн байр учраас хэт хуучирч, үйл ажиллагаа явуулахад бэрх юм. Цаашдаа өнөөгийн стандарт шаардлагад нийцсэн барилгыг улсын төсөвт суулгах шаардлага байна. Дээрээс нь шинээр байгуулагдсан барилгын цэргийн ангиудын материаллаг баазыг бэхжүүлж, зэвсэг техникээр хангах, барилга байгууламжийг нь нэмж барих хэрэгцээ шаардлага тулгарчээ.  Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэж баруун бүсийн төвийн нэгдсэн Сургалт мэдээллийн төвийг  байгуулах гэж бишгүй бүтээн байгуулалт гүйцэтгэсэн байгаа. Спорт заалыг нь барьж байгууллаа. Цаашид  бүсийн сургалтын төв хэлбэрт оруулахад ямар ажил үлдэв гэдгээ тодотгож ярилцсан. Үүнээс гадна тусгай салбаруудад зэвсэг техникийн шинэчлэл хийх гэхчилэн тулгамдсан асуудлаа тоочвол олон байна.

-Эх орныхоо төлөө тангараг өргөсөн, тушаалаар явах цэрэг эрс насны эцэст орон байргүй үлдэх нь олонтаа. Орон нутагт ч гэсэн энэ бэрхшээл ажиглагдсан байх?

-Ер нь зэвсэгт хүчний хэмжээнд нэн тулгамдаж буй асуудал бол орон сууц юм. Яахын аргагүй тулгамдсан асуудал. Ялангуяа, орон нутгийн анги салбарт ажиллаж байгаа залуусыг ая тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нэгэнт тушаалаар явдаг учраас тэдний гэр бүлийг ажил хөдөлмөртэй болгоход туслах, үр хүүхдийнх нь сурч боловсрох нөхцлийг нь хангахад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын хэмжээнд ажил хэрэг болгож шийдэх асуудал байна. Томилолтын явцад энэ талаар бид дэлгэрэнгүй ярилцаж явлаа. Одоо ажил хэрэг болгох нь чухал юм.

-Цэрэг татлагад залуус эрүүл мэндээр тэнцэхгүй байна гэх юм. Тулгуур эрхтэний гэмтэлтэй биш л бол цэрэгт аваад бие бялдарыг нь чийрэгжүүлж болдоггүй юм уу?

-Орон нутгийнхан маань залуусаа цэргийн албанд хамруулах сонирхол их байдаг юм билээ. Гагцхүү цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх шаардлага байгаа нь харагдлаа. Ялангуяа, цэрэгт ирж байгаа залуусын  бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн бэлтгэл хангалтгүй байна. Үүнийг төлөвшүүлэхэд орон нутгийн удирдлага болоод анги салбарын удирдлагаас хамаарах нь гарцаагүй юм. Мэдээж манайхан цэрэгт татсаны дараа бие бялдарыг нь төлөвшүүлэх чиглэлээр ажил хийж байгаа ч цаашдаа улам төгөлдөршүүлж, сайжруулах шаардлага байна.

-Хуучирсан барилга байгууламжийг халж, стандарт шаардлага хангасан барилгатай болох гарцаа яаж тодорхойлж байна. Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэх боломж байна уу?

-Бид Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гадна улсын төсвөөр зарим обьект барилгаа шийдэж байна. Гэхдээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангаар бүгдийг шийднэ гэвэл хэцүү. Яагаад гэхээр энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд хуримтлал бий болгосон энэ сангийн төсвийг хайр найргүй цацаад байж таарахгүй. Цаашдаа улсын төсөвт суулгах замаар зарим барилгаа шинэчлэх боломж гарч ирж байгаа юм. Сайдын тэргүүлсэн томилолтын багийнхан 2010 онд байгуулагдсан Зэвсэгт хүчний барилгын цэргийн хоёр ч ангийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалтыг нь сонирхлоо. Орон нутгийн удирдлагууд манай хоёр ангид их ам сайтай байна. Энэ нь зам тавих, барилга барихад бүрэн бэлтгэгдсэн анги салбар гэдгийг нь илтгэж байгаа хэрэг. Эцэст нь хэлэхэд, бүтээн байгуулалтын ажилд оролцоход манай зэвсэгт хүчний ангиуд бэлэн байна.

-Архангай аймгийн удирдлагууд орон нутагтаа цэргийн анги байгуулах санал өгсөн гэсэн үү?

-Ганцхан Архангай биш юм. Говь-Алтай, Дорноговь аймгуудын удирдлагууд цэргийн анги байгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Энэ аймгуудад цэргийн анги байгуулах шаардлага байна гэж үзээд тодорхой тооны судалгаа хийж байгаа. Орон нутгийн удирдлагуудын зүгээс бүтээн байгуулалтаар орон нутагт дэмжлэг болно гэж харж байна. Архангай аймгийн хувьд барилга, экологийн чиглэлийн цэргийн анги байгуулах боломжтой гэж үзээд судалж байна. Аймаг бүхэлдээ ой модоор бүрхэгдсэн учраас ой цэвэрлэх, нөхөн сэргээлтийн ажлууд гүйцэтгэх чиг үүрэгтэй анги байгуулах эсэхээ судалж байгаа. Гэхдээ зөвхөн судалгааны төвшинд л байна. Нөгөө талаас зарим орон нутгийн удирдлагууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхийг хүсч байсан. Энэ нь хөтөлбөр ямар үр өгөөжтэй байгааг илтгэж буй хэрэг биз. Гэхдээ эрх зүйн орчныг бүрдүүлж төгөлдөржүүлэх шаардлага бол бий.

О.ЦЭРЭНХҮҮ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж