Хүүхдийн спортын V их наадам ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын V их наадам ирэх сард болно

Үндэсний хэмжээнд монголын хүүхдийн спортын V их наадмыг энэ онд зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж, Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн билээ.

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээ өчигдөр /VIII.14/ боллоо.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ, "Энэхүү их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно” гэдгийг онцолсон юм.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Наадамд нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна.

Өчигдөр болсон ёслолын үеэр Хүүхдийн спортын их наамдын элч төлөөлөгчөөр томилогдсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Эрдэнэболд,  Б.Батцэцэг нарт батламж гардууллаа.

Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг тамирчин эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин, ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад Эрүүл мэнд, спортын яамнаас уриалж байна.

Эх сурвалж: www.mohs.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж