Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм!

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм!

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм!

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн ярилцлага өчигдрийн сошиал медиагийн гол сэдэв байв. Түүний ярилцлага өгсөн нь ямар зорилготой  байсан нь  сонирхол татахаас гадна сошиалын хэлэлцүүлэг болохоос ч аргагүй. Жир хүн биш жаран тэрбумын гол дүр шүү дээ.

Найз нөхдийнхөө урвалт шарвалт, учир зовлонгоо илэн далангүй тоочиж суусан Ц.Сандуйг хувь хүн талаас нь харвал өрөвдмөөр. Хэн нэгэнд хууртагдсан, чадуулсан эр хүн. Хүн чанаргүй хөгийн найзууддаа гомдож суугаа уярмаар дүр.  Гээд энэ бол түүнийг зөвтгөх зөвтгөл биш юм.

Өнцгөө өөрчлөөд харвал яагаад  шүүхийн хаалга татах болсноо өнөө ч ойлгоогүй ялихгүй нэгэн улстөрч. Бүр хатуухан хэлэх юм бол, Монголын төрийг арилжааны хэрэгсэл болгож ирсэн нам, бүлэглэлүүдийн гол төлөөлөгч. Бидний авах ёстой эрүүл мэндийн үйлчилгээг, боловсролыг, сайн, сайхан амьдрах боломжийг, төртэй нь цуг арилжаалж ирсэн тэднийг, улстөрчдийг ингэхэд яагаад өрөвдөх ёстой юм бэ.

Төдийгөөс өдий хүртэл улс төрийн дардан замаар өгсч явсан түүний хувьд өнөөдөр газар хатуу, тэнгэр хол болсон нь ойлгомжтой. Тэглээ гээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх асуудлаар Эрүүгийн хуулийн 19.2-оор зүйлчлүүлж буй НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш/2019.09.26/ болохоор товлогджээ.  Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийг ямартай ч  хүлээн зөвшөөрөхгүй, “60 тэрбумын гэх схем хэрэгжээгүй. Зөвхөн ярьсан яриа. Үүнд ял өгч болдог юм уу” гэж Ц.Сандуй телевизэд ярилцлага өгөхдөө тодруулж байна лээ. Монголд хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн  сонгодог үг.

 Түүнийг хэлмэгдүүлсэн үгүйг, тэр төрийг худалдахыг завдсан эсэхийг шүүх шийднэ.  Тэрбээр шүүх хурлынхаа өмнөхөн Ерөнхийлөгчийн гэх телевизэд очиж ярилцлага өгсөн нь ял зэмгүй үлдэхийг хүссэн үү. Эсвэл ард нь улс төрийн  ямар нэгэн тохироо наймаа явагдсан уу. Монголын улс төрд тооцоогүй, тохироогүй үзэгдэл, үйл явдал гэж үнэндээ байхаа больсон.

Ямартай ч  Монголын төрийг арилжаалах 60 тэрбумын схемыг МАН-ын удирдлагууд сонссон, сонирхсон нь үнэн, өөрөө ч УИХ-ын сонгуулийн үеэр ам алдчихсан. Намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрсөн.  М.Энхболдыг огцруулах үед “Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход ч бэлэн” гэж байсан Ц.Нямдорж харин гэрчээр очиж, хэлсэн үгээ батлах эсэхийг харин харж сууя.

Жаран тэрбумын гэх схемийг  МАН-ынханд барьж очсон Г.Доржзодов баатар ч биш, шүгэл үлээгч бүр биш.  Жижиг гарын шантаажчин, бас нэг төрийг зарахыг санаархагч этгээд. Тийм схемыг зурж, төлөвлөөд хэн нэгэн дээр барьж очиж байна гэдэг яавч сайн хүн биш нь тодорхой.  Хэрэвзээ түүнд Ц.Сандуй шиг эрх мэдэл байвал аль хэдийн Монголын төрийг арилжаалчихсан байж мэдэх үл бүтэх л нөхөр.  Тиймээс түүнийг Ц.Сандуй, А.Ганбаатар хоёртой нь хамт шүүхэд дуудах ёстой байсан юм. Монголын төрийг арилжаалахыг санаархсаных нь төлөө шүү.

Жаран тэрбум бол Монголыг төрийг арилжаалж ирснийг батлах анх удаагийн том кэйс юм. Урьд нь ах дүү, хамаатан саднаа төрд чихэхийг оролддог байсан бол сүүлдээ улаан цагаан гарч, төрийн алба, сандал ширээ болгон тодорхой  менютэй болсон. Менюнээс ямар хоол захиалахаас хамаараад үнэ, тариф, өөр гэж байгаа.  Сайд, дэд сайд, төрийн нарийн, яам агентлагийн газрын дарга гээд дор бүрнээ тодорхой тарифтай, тиймээс хэчнээн чадалтай байгаад ч мөнгөгүй бол төрийн албанд ажиллана гэдэг мөрөөдөл. Тийшээ зүглэлтгүй болсон нь үнээн.  Сандуйгаас ч өмнө, Сандуйгийн үед ч, Сандуйгийн дараа ч ийм л байгаа. Үндсэндээ үүнийг өөрчлөх цаг болсон.

Гол нь жаран тэрбумын кэйсийг зүгээр өнгөрөөвөл дараагийн Г.Доржзодов , дараагийн Ц.Сандуй нар дахиад төрнө лгэсэн үг. Төрийг илүү томоор арилжаална, илүү том авлига хээл хахуулийн асуудал яригдана.

ЖДҮ ч мөн адил Монголын төрөөс эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд яаж хулгайлж, хумсалж ирсний яруу тод жишээ. Аль, аль нь уучлах аргагүй томоос том гэмт хэрэг.  Энэ хоёр хэргийн гол хохирогч нь Монголын төр өөрөө. Иймээс жаран тэрбум, ЖДҮ хоёулангаас нь хариуцлага нэхэх нь дараа дараагийн төр наймаалагчдад, төсвөөс мөнгө гулгуулагчдад томоо сануулга болно. Түүнээс Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрын мууг үзэх гээд байгаа юм биш л дээ.

Авлигын асуудлаас болж нийтдээ 11.9 их наяд төгрөгийн хохирол үүссэн талаар АТГ-ын мэдээлэлд нэгэнтээ дурдагдсан.  Манай улсын жилийн нийт төсвийг хоёр үржүүлсэнтэй тэнцэх их мөнгө.  Ийм их мөнгө авлигачдын халаасанд, оймсонл орж байгаа нь   Монголын төр сүлжээний бизнес болсны нэг үзэгдэл. Төрийн албыг мөнгөөр худалдаж авсан хүн шархаа нөхөхийн тулд түүнээс илүүг авлигад авахыг хүснэ. Оймсондоо ам.доллар нуудаг хурган дарга бол төрийн алба санхүүгийн пирамид болсны  сөрөг үр дагавар нь.  Төр наймаалагчдын авлигад авсан мөнгөөр, эрүүл мэнд боловсролынхоо салбарыг сайжруулсан бол хэчнээн хүн амьд, аз жаргалтай амьдрах байсан бол доо.  Энэ өнцгөөс харвал авлигыг албажуулах гэсэн санаархал чинь зөвтгөж боломгүй алдаа байсаан, Ц.Сандуй. Дахин хэлэхэд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.

Ж.ЭРХЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж