Месси, Суарез, Роналду нар туналаа

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Месси, Суарез, Роналду нар туналаа

УЕФА-гаас 2014-2015 оны Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх эцсийн шатны гурван хөлбөмбөгчнийг зарлалаа.

Энэ удаа Европын шилдэг хөлбөмбөгчний төлөө Испанийн “Барселона” клубийн Месси, Суарез болон “Реал Мадрид”-ын Роналду нар тунажээ. 2011 оноос тодруулж эхэлсэн тус шалгаруулалтад УЕФА-гийн харьяа 54 орны спортын сэтгүүлчдийн саналаар тодруулах аж. Өмнө нь Роналду, Рибери, Иньеста, Месси нар тус бүр нэг удаа шилдгээр шалгарч байсан юм. Эхний шалгаруулалтад буурал тивийн шилдэг лигүүдэд тоглож буй 10 тамирчныг тодруулсан билээ.

Английн “Челси” клубийн Азар эхний шалгаруулалтад 21 оноо авч зургаадугаар байрт орсон бол Италийн “Ювентус”-ын Буффон дөрөвт багтсан байна. Үүнээс гадна Пирло, Видал, Погба, Тевес, Неймар нар эхний аравт оров. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Месси “Барселона”-гийн хамт Ла лиг, Копа дель Рей болон Аваргуудын лигт түрүүлсэн. Лигтээ 43 гоол, 18 оновчтой дамжуулалт өгснөөс гадна таван удаа хет-трик хийжээ. Суарез ч мөн адил “Барселона”-гийн хамт гурван цом өргөж, лигтээ 25 гоол оруулсан байна. Месси, Неймар, Суарез гурав өнгөрсөн жил хамтдаа 122 гоол оруулсан гэх стастик гарчээ. Харин Роналдугийн хувьд лигтээ 48 гоол оруулж, найман удаа хет-трик хийснээс гадна тавдугаар сарын шилдэг тоглогч болсон юм. Европын шилдэг хөлбөмбөгчнийг энэ сарын 27-нд болох Аваргуудын лигийн хэсгийн сугалааны үеэр тодруулна.

Б.ЗУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж