Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн түүхэнд томоохон үйл явдлууд нөлөөлсөн талаар олон улсын эрдэмтэн судлаачид, цаг уурчид сонирхолтой онолыг дэвшүүлжээ. Энэ талаар Чехийн "Zoommagazin.iprima.cz" сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Геофизикийн зөвлөлийн цаг уур судлаачид Сан-Францискод болсон бага хурлын үеэр танилцуулсан “Эрвээхэйн далавчны нөлөө” хэмээх онолд дэлхий дээр болж буй өөрчлөлтүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой, дэлхийн нэг буланд болж буй багахан өөрчлөлт тэрхүү уялдаа холбооны нөлөөгөөр өөр нэг өнцөгт маш том өөрчлөлтийг бий болгодог хэмээн тайлбарлажээ.
Судлаач Эми Хессл, Нил Педерсен нарын өгүүлснээр үүнтэй адил зүйл монголчууд Европыг байлдан эзлэх үед болсон гэх бөгөөд тэднийхээр бол цаг уурын өөрчлөлтийн ачаар монголчууд Евроазийг эзэлсэн аж.
Дундад зууны үеийн цаг уурын өөрчлөлт
Хессл, Педерсен нар эрт үеийн модны цагирагийг судалж үзээд Чингис хааны ид мандаж байсан үе буюу 1208-1231 онд монголын газар нутаг урьд өмнө нь байгаагүйгээр удаан үргэлжилсэн онцгой чийглэг уур амьсгалтай байсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Ер нь дээрх судалгаанаас харахад томоохон соёл иргэншлүүд хөгжих болон задран унахад цаг уурын нөхцөл байдал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хүрэл зэвсгийн үеийн Газар дундын тэнгисийн соёл иргэншил сүйрсэн, Төв Америк дахь Маяагийн эзэнт гүрний нууцлаг задрал, 9-р зууны Францын хувьсгал зэрэг дэлхийн түүхэнд өрнөсөн томоохон үйл явдлууд бүгд цаг уурын өөрчлөлттэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж энэхүү судалгааны багийнхан үзжээ.
Чингис хаан 40 сая хүний аминд хүрсэн нь агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулсан
Чингис хааны тухай түүхийг арай өөрөөр тайлбарлая. Германы Гамбург хотын Макс Планкийн Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Жулиа Понгратц Чингис хааны үед байгаль дэлхий илүү сэрүүн болсон гэсэн таамаглалыг 2011 онд дэвшүүлж байжээ. Түүний үзэж буйгаар тэр үед монголчууд 40 сая орчим хүнийг хөнөөсөн гэж үзвэл агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 700 сая тонноор бууруулсан гэсэн үг юм. Ингээд Чингисийн цэргүүдийн дайралтаас үүдэн оршин суугчид хот тосгодоо орхин дүрвэснээр үржил шимгүй болсон газруудад эргээд ой мод цэцэглэж, амьд байгаль сэргэж эхэлсэн гэж судалгаанд дурдсан байна.
Эх сурвалж: zoommagazin.iprima.cz