Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай тус суманд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.
-Замын-Үүд суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван багц ажил хийгдэж байна. Тухайлбал, 2013 онд "Шинэ сум" төслийн хүрээнд баригдаж байгаад царцсан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилыг энэ жил нэг тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үргэлжлүүлж байна. Амжвал энэ ондоо эмнэлэг ашиглалтад орно. Хоёрдугаарт, 150 хүүхдийн ортой цэцэрлэг. Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долдугаар цэцэрлэгийн барилга баригдаж байна. Гуравдугаарт, хоёр багийн төвд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх биеийн тамирын иж бүрэн талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сая төгрөгөөр барьж байна. Энэ ажил саяхнаас эхэлсэн. Дөрөвдүгээрт, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 600 сая төгрөгөөр багийн Хөгжлийн төвийг барьж байгуулж байна. Үүнээс гадна нийтийн халуун ус барих ажил үндсэндээ дуусч байна. Тавдугаарт, Сум хөгжлийн орон нутгийн хөгжлийн сан гэж байдаг. Үүгээр дамжуулаад манай суманд 466 сая төгрөгийн төсөв хуваарилагдаж ирсэн. Түүгээрээ бид найман багц ажлыг хийж байгаа. Нийтийн эзэмшлийн зам талбайг байгуулах, шинээр сургууль цэцэрлэг, соёл спортын төвийн гадна зогсоол хийх гэх мэтчилэн гэрэлтүүлэг, явган хүний зам хийгдээд дуусч байна.
Замын-Үүд сум энэ жил нэг километр гаруй хатуу хучилттай авто зам, хоёр километр гаруй явган хүний замыг орон нутгийн хөгжлийн сан болон сумын төсвөөр ашиглалтад оруулж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нэлээд ажил хийгдэж буй. Үүнд Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн H3 авто замын төгсөл хэсэг болох хүнд даацын 600 гаруй метр авто зам, сумын төв рүү орсон 4.2 км авто замыг 3.7 тэрбумын өртөгтэйгөөр хийгээд ирэх сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү замыг дагаад 1.7 км явган хүний зам, гэрэлтүүлэгтэй зам ашиглалтад орно. Дашрамд дурдахад Замын-Үүд сум 2019 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хүүхэд, залуучууд руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийж хийж байгаа юм.
ЭХНИЙ ЭЭЛЖИЙН АВТО ЗАМЫН БООМТ, ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН БООМТЫГ ИРЭХ САРД НЭЭНЭ
-Замын-Үүд авто замын боомтыг шинээр барих явц ямар шатанд явна. Шинэ боомт ашиглалтад орсноор одоо байгаа ачаалал хэд дахин буурах вэ?
–“Хөгжлийн хөтөч” хэмээх томоохон төсөл өрнөж байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 75 тэрбум төгрөгийн өртгөөр Замын-Үүд сумын авто замын боомтыг шинэчлэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор хэрэгжиж буй төсөл юм.
Уг төсөл нь энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бид ирэх аравдугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн авто замын боомт, зорчигч тээврийн боомтыг нээнэ. Дараа жилээс ачаа тээврийн терминалыг өргөтгөн барьж байгуулах 24 сарын хугацаанд хэрэгжих төсөл эхэлнэ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр одоо байгаа Замын-Үүд боомтын хүчин чадлыг зорчигчдынхыг дөрөв дахин нэмэгдүүлэх, одоо байгаа нийт талбайн хэмжээ найм дахин нэмэгдүүлэх, ачаа нэвтрэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх гэх мэтчилэн томоохон 30 гаруй барилга ашиглалтад орно. Эдгээр барилга ашиглалтад орсноор Замын-Үүд боомтын өнгө төрх сайжирч, зорчигч урсгалын ачаалал тодорхой хэмжээнд буурах юм.
-Замын Үүд суманд эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах ажил олон жил саатаж байна. Үүний гол шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
-Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал олон жил дамнан яригдаж ирсэн. Энэ жилийн тухайд Монгол, БНХАУ-ын хоорондын гэрээ хэлэлцээр үзэглэгдсэн. Дээрх асуудлыг УИХ-руу өргөн барьсан. УИХ-аас чөлөөт бүс байгуулахыг соёрхон батлах юм бол энэ ажил далайцтай өрнөнө. Хэрвээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах юм бол Замын Үүд сумын хөгжил цэцэглэлт, орон нутгийн орлого сайжрах, үйлдвэр баригдах гэх мэтчилэн орон нутаг хөгжих боломж нээгдэнэ хэмээн харж байна. Олон улсын жишигт хүрсэн чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
-Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор сургуулийн гадна, дотоод талбайг иж бүрэн камержуулсан гэв үү?
-Миний бие 2016 оны арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авсан даруйдаа боловсролын байгууллагын аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэж үзээд камержуулалтыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн Одоогоор Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулж буй төрийн, хувийн сургууль цэцэрлэгүүд бүгд гадна, дотно талдаа иж бүрэн камержуулагдсан.
Хилийн боомт учраас хүүхэд алга болохоос сэргийлэхийн тулд турникет буюу цахим бүртгэлийн системийг сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар сургуульд нэвтрүүлсэн. Дээрх систем нэвтэрснээр хүүхэд бүрийн сургуулиас орж, гарч буй мэдээлэл нь эцэг эхэд нь мессежээр очдог болсон. Энэ жилээс бид хоёрдугаар сургуульд нэвтрүүлэх бол дараа жилээс үлдсэн сургуулиа хамруулна.
Манай суманд улсын гурав, хувийн нэг сургууль байдаг. Тэдгээрт 4083 хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгийн тухайд улсын долоо, хувийн дөрвөн цэцэрлэгт 1900 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх жил бид долоо, наймдугаар цэцэрлэгийн барилгыг хувийн хэвшлээс худалдаж авах юм бол цэцэрлэгт хамрагдалтыг зуун хувь болгож чадна.
-Өнгөрөгч онд Замын-Үүд сумыг бүтэн камержуулах асуудал яригдаж байсан. Одоогоор хэчнээн газрыг камержуулсан бэ. Алслагдсан гэр хорооллын гудамж талбай, гэмт хэрэг ихээр гардаг цэгүүдийг бүрэн камержуулж чадсан уу?
–Манай суманд 2017 онд хүүхэд алга болсон том сургамжийн дараа камержуулах асуудлыг шийдвэрлэхээр зорьсон. Замын-Үүд сум Монгол орны бусад сумдуудтай адил төсөвтэй. Гэхдээ 2017 оны сүүлээр бид 39 байршилд камержуулалт хийсэн. Одоо бид хяналтын камерыг цагдаа дээр төвлөрүүлэн ажиллаж байна. Ингэхдээ төв талбай, хүмүүсийн зорчиж буй хэсэг, гэмт хэрэг гарах гээд буй тэр газруудыг камержуулсан. Өнгөрсөн жил сүүлийн үеийн 360 градусаар эргэдэг 10 камерыг тавьсан. Цаашдаа орон нутгийн төсвөөр үлдсэн газруудаа камержуулна. Ингэснээр гэмт хэргийн тоо буурч, эрсдэлээс хамгаалах боломжтой болно.
-Д.Сэржмядаг охины эрлийн ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Д.Сэржмядаг охин алга болсон байдаг. Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа ЦЕГ дахь ажлыг хэсэгт төвлөрч өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Замын-Үүдийн иргэд хүүхдүүдээ Эрээн хотын дунд сургуульд өгдөг гэсэн мэдээлэл бий. Нийт хэчнээн хүүхэд Эрээн хотын сургуульд суралцаж байгаа юм бол?
-БНХАУ-ын Эрээн хотод олон улсын дунд сургууль байдаг. Эрээн Замын-Үүд ойрхон учраас эцэг эхчүүд хүүхдэдээ Хятад хэл сургах сонирхол ихэссэн. Одоогийн байдлаар 50 гаруй хүүхэд Эрээн хотод суралцаж байна. Орон нутгийн удирдлагууд сургуулийн нөхцөл байдалтай танилцсан. Бид Эрээн хоттой хамтын ажиллагааныхаа хүрээнд Замын-Үүд сумын хоёрдугаар сургуульд Хятад хэлний анги нээсэн. Түүнд хоёр багш ажиллаж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн төгсөх ангийн зургаан оюутныг авчирч Орос хэлээр хүүхдүүдэд хичээл оруулсан. Манай суманд багш боловсон хүчин хангалттай байдаг ч яаж тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах вэ гэдэг талаас нь бодлого барьж ажиллаж байна. Хямд өртөгтэй орон сууц төсөл хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дэмжлэгээр нутгийн зөвлөлийн хөрөнгөөр мкв нь 650 мянган төгрөгийн үнэтэй 284 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Ирэх жилээс энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлье гэдэг саналыг холбогдох хүмүүст тавьсан. Ингэснээр залуу боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, сум орон нутагт ая тухтай амьдруулах боломж нээгдсэн.
-Хар тамхитай холбоотой гэмт хэрэг Замын-Үүд сумын хэмжээнд хэр их байдаг вэ?
-Хар тамхины гэмт хэрэг биднийг цочоож буй асуудлын нэг. Үүнд орон нутгийн удирдлага анхаарлаа хандуулж байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс жил бүрийн хар тамхитай тэмцэх өдрөөр ахлах ангийн сурагч, ачаа тээврийн жолооч нарт ухуулга нөлөөллийн ажил явуулаад гурван жил болж байна. Гэхдээ жилээс жилд хар тамхи хилээр зөөвөрлөх тохиолдол ихсэж байгаа.
Одоогийн байдлаар Замын-Үүдэд хар тамхи хэрэглээд янз бүр болсон тохиолдол гараагүй. Гэхдээ манай боомтоор ямар нэгэн байдлаар ачаа тээвэр эрхэлж байгаа хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох вий гэдгээс сэргийлэх чиглэлээр тууштай ажиллана.
-Хил гаалийн шалгалт, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээтэй байдаг уу?
-Одоо бид авто замын боомт шинээр баригдаж буйтай холбогдуулан түр горимд шилжсэн учраас тоног төхөөрөмжийн хувьд тааруу. Шинээр баригдаж буй авто замын боомтод тоног төхөөрөмжүүд хангалттай шийдэгдэх болов уу.
-Замын-Үүд боомтоор зорчиж буй иргэд хилээр гарах олон цаг дараалан зогсож нэлээд ачаалал үүсгэж, бухимддаг. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа юу байгаа вэ?
–1995 онд тухайн үеийн зорчигч урсгалд тааруулан Замын-Үүд авто замын боомт баригдсан. Өнөөдрийн байдлаар өдөрт хоёр талдаа гурван мянга орчим авто машин, 10 мянга гаруй зорчигч дамжин өнгөрч байгаа нь 1995 оноос хойш арав дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгэхээр бид хэд давсан ачаалал дунд хил гаалийнхан уртасгасан цагаар хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ бид зорчигчдыг дээрх шалтгаанаас үүдэн удаагаад байхгүйгээр боломжоороо ажиллаж байна. Шинэ боомт ашиглалтад орсноор иргэдэд чирэгдэл үүсгэдэг дээрх байдал багасна.
–Замын-Үүд суманд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил ямар байдаг вэ?
–Миний бие хүүхэд хамгаалах хамтарсан багийн ахлагчаар ажилладаг. Өнгөрсөн жилүүдэдтэй харьцуулахад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэг харьцангуй буурч байгаа. Гэсэн хэдий ч ний нуугүй хэлэхэд охидын жирэмслэлт, үр хөндөлт их байна. Ажил авах үед эрсдэлтэй хүүхдийн тоо 99 байснаас өнөөдөр 38 хүүхэд болгож бууруулсан.
Бид ирэх жилүүдэд эрсдэлтэй бүлгийн хүүхэд байхгүй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн суурь судалгаа нөхцөл байдлыг хийснээр тухайн гэр бүл, хүүхдийг яавал эрсдэлээс гаргах вэ гэдгийг аажмаар шийдэх юм. Түүнчлэн сумын хэмжээнд амьдралын баталгаат түвшнээс доогуур 66 өрх байдаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон хүмүүс байдгаас өнгөрсөн жилүүдэд 43 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Нэмээд 10 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж, эрсдэлт бүлгийн хүүхдийг цэцэрлэгээр хангасан. Мөн эрүүл мэндийн үзлэгт өрхийн гишүүдийг хамруулсан. Гэхдээ бид байнга халамжийн маягаар тэтгээд байх биш яавал өрхийн орлоготой болгох вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.
-Замын-Үүдэд нэн тулгамдсан ямар асуудал байна?
-Бид гурван зүйлийг чухал гэж үзэж байгаа. Юун түрүүнд эрүүл мэндийн асуудал. Замын-Үүд сум хөл хөдөлгөөн ихтэй. Нэгдүгээрт, сүрьеэ, хоёрдугаарт бэлгийн замын өвчлөл, гуравдугаарт элэгний В, С вирүс. Дээрх өвчинтэй тэмцэхийн тулд аймгийн Засаг дарга, салбарын яам, Эрүүл мэндийн газартай хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал их. Хилийн боомт учир хүн амын суурьшил, хөдөлгөөн ихэсч байгаа нь халдварт өвчин дэлгэрэх шалтгаан болж буй.
Хоёрдугаарт, хилээр орж гарч буй арилжаа наймаа эрхлэгчид, буудал цэнгээний газрын нөхцөл байдал болон авто тээврийн хөдөлгөөнийг хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хотыг хараа хяналттай болгох зорилгоор цаашдаа бүрэн камержуулна. Дээр нь олон нийтийн цагдаагийн тоог нэмэх асуудлыг зохих шатны байгууллагад тавьсан. Гурав дахь чухал асуудал бол Замын-Үүд сум өөрийн орлогыг нэмэгдүүлэх явдал. Орлогоо нэмэгдүүлж байж орон нутаг хөгжинө.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ