Конгресс Трампыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Конгресс Трампыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ

Конгресс Трампыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ. Энэ талаар Мягмар гаригт тус танхимын дарга Нэнси Пелоси (Калифорнийн ардчилагч) мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав. Нэнси Пелоси Ерөнхийлөгч Трампыг огцруулах үйл явцын хүрээнд албан ёсны мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж байгаагаа зарлажээ. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой, хэн ч хуулиас гадна байх ёсгүй. Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийг ноцтой зөрчсөөр ирлээ" гэж мэдэгджээ.

Конгресс дахь тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф өчигдөр (2019.09.24) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчөө гүтгэн, нэр хүндийг унагах зорилгоор Украины талд дарамт шахалт үзүүлсэн нь батлагдвал түүнийг огцруулах асуудлыг хөндөх боломжтой талаар мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Тус байнгын хороонд АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан нэгэн ажилтан гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо, долдугаар сарын сүүлээр Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Ардчилсан Намаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй Жо Байдентай холбоотой хэргийг шалгахыг хүссэн тухай мэдээлсэн байна.

Обамаг Ерөнхийлөгч байх үед Жо Байден Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж, хүү Хантер нь Украины байгалийн хийн компанийн хувь эзэмшигч байсан аж. Жо Байден тухайн үед хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан Украины прокурорыг халуулах хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй хамааралгүй болохыг мэдэгдсэн байна.

Трамп өчигдөр (2019.09.24) сэтгүүлчидтэй уулзахдаа “Би Байденыг харлуулах гэж утсаар яриагүй. Гэхдээ тэр маш муу зүйл хийснийг би хэлж чадна” хэмээн ярьжээ. Энэ үеэр тэрбээр өөрийн хуульчаар Конгрессын өмнө мэдүүлэг өгүүлэхээс айхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын улс төрийн дотоод тэмцэл Украины Ерөнхийлөгч Зеленскийг хүнд байдалд оруулжээ. Хэрвээ тэрбээр Трамп өөрт нь шахалт үзүүлснийг баталбал Украин АНУ-ын өнөөгийн засаг захиргааны дэмжлэгийг авч чадахгүйд хүрнэ. Трампыг хамгаалсан тохиолдолд 2020 онд сонгогдох шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцах харилцаанд асуудал үүсэх эрсдэлтэй аж.

Эх сурвалж: TASS, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж