Монголын даамын холбооноос 12 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 оноотой гарч, коэффициентийн давуугаар нэмэлт Г.Хэрлэнмөрөн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь жилдээ дараалан улсын аварга боллоо. Хүрэл медалийн эзнээр 10 оноо авсан МУИС-ийн оюутан, спортын дэд мастер С.Энхтүвшин тодорсон. Шагналт IV-V байрыг “Мандах” их сургуулийн оюутан, дэд мастер С.Гандиймаа, ШУТИС-ийн оюутан Д.Алтанчимэг нар эзэллээ.
Эрэгтэйчүүдийн хувьд швейцарь системээр 8 өрөг тоглож, адилхан 11 оноотой гурван тамирчин гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ялагчийг тодруулахад “Шинэ Монгол” сургуулийн оюутан ДДХМ М.Шийравжамц тэргүүлж, СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг, “Энэрэл” дээд сургуулийн оюутан, дэд мастер Ц.Хатансайхан нар удаалав. Шагналт IV-V байранд ШУТИС-ийн оюутан, дэд мастер Ц.Төмөрбаатар, ХААИС-ийн оюутан, спортын мастер Б.Гантогтох нар шалгарлаа.
Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд гурав дахь жилдээ ивээн тэтгэлээ.
Эх сурвалж: Монголын Даамын Холбоо
Холбоотой мэдээ