Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, аюултай бүс болон гарамд бүртгэгдсэн осол, зөрчлийг бууруулах таслан зогсоох зорилгоор “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” зөвлөгөөнийг 2019.09.24-ний өдөр Төмөр зам дахь цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, удирдлагууд мөн дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчид, Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн прокурор, Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын алба, Улаанбаатар төмөр замын Онцгой байдал, цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож тулгамдаж буй асуудлын хүрээнд ярилцсан юм.
Шийдвэрлэх асуудлын хүрээнд дараах асуудлуудыг дурьдлаа.
Нэгдүгээрт: Улаанбаатар төмөр замын удирдлагууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран “Хонгилон гарц” барихаар” Санамж бичиг” байгуулсаны дагуу Төмөр зам дахь цагдаагийн газартай хамтран осол, зөрчил ихээр үйлдэгддэг, иргэд олноор зорчдог газарт хонгилон гарц хийх байршлыг тодруулж хамтран ажиллах;
Хоёрдугаарт: Галт тэрэгний зүтгүүрүүдэд хяналтын камерыг нэмж бүрэн камержуулах;
Гуравдугаарт: Тээврийн тухай хууль тогтоомжид заасны дагуу “Аюултай бүсийн дэглэм”-ийг төрийн захиргааны төв байгууллагаар шинэчлэн батлуулах. 2016, 2018 онд гарсан багц дүрмэнд нэр томъёоны өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн яам болон Зам тээврийн яаманд хүргүүлэх;
Дөрөвдүгээрт: Салбар зам ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодотгон, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг камержууллатын асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх;
Тавдугаарт: Жолооны курсуудын сургалтын багц цаг дээр төмөр замын гарам нэвтрэх дүрмийн заалтыг тодотгож, гүнзгийрүүлсэн сургалтыг оруулах асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх;
Зургаадугаарт: Төмөр замын “Аюултай бүсийн дагуух байрлах хөдөлгөөний хязгаарласан торыг бетон нь хаалт хашлагаар солих асуудлыг холбогдох газруудад саналыг хүргүүлэх.
Долдугаарт: Төмөр замын аюултай бүс болон гармын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар иргэд олон нийтэд сурталчлах, иргэдэд төмөр замын аюултай бүс, гармын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах зэрэг шийдэлд хүрсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ