УЛААНБААТАРЫН ТҮҮХЭН БАРИЛГУУД: Дэлхий хамгаалж, бид нурааж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

УЛААНБААТАРЫН ТҮҮХЭН БАРИЛГУУД: Дэлхий хамгаалж, бид нурааж байна

УЛААНБААТАРЫН ТҮҮХЭН БАРИЛГУУД: Дэлхий хамгаалж, бид нурааж байна

NEWS агентлаг түүхэн дурсгалт барилга, байгууламжийн талаар цуврал сурвалжлага бэлтгэж байгаа билээ. Улаанбаатар хотын давтагдашгүй төрхийг илтгэх архитектурын түүхэн барилгууд газарт нь шунасан хүмүүсийн гарт орж, моодноос гарсан шилэн цамхагуудаар солигдоод удаж байна. Одоо хэдхэн үлдсэн барилгуудаа хамгаалж, сэргээх нь Улаанбаатардаа хайртай бүх хүний сэтгэлийн дуудлага боллоо.


Улаанбаатар хотын төв хэсэг дэх хуучны дурсгалт газар, байгууламжийн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, өмнөх түүхээ бид өөрсдөө ч анзаарахгүйгээр баллуурдаж байна. Нурж унах шахсан, навсайсан нэг давхар модон байшингууд нэг л мэдэхэд цөөрч, суурин дээр нь шилэн цамхаг сүндэрлэсээр буй. Үүнийг бид ч удалгүй мартаж хаана ямар түүхтэй хуучны байшин барилга байсныг саналгүй, мартаж орхидог нь нууц биш. Өнгөрсөн хугацаанд бид ямар ямар чухал дурсгалуудаа алдсан бол. Монголын хамгийн анхны чулуун тоосгон барилгатай дөрөвдүгээр сургуулийг нураагаад суурин дээр нь Багшийн хөгжлийн ордон барьсан. Гадаад харилцааны яамны зүүн талд Хүүхдийн номын сан нэртэй архитектурын дурсгал байсныг газартай тэгшилсэн. Аль ч улсын нийслэлд хотын хаалга байдаг. Нисэхийн болон үйлдвэр комбинатын цагаан хаалга нэртэй хоёр ч дурсгал байсныг ад үзсээр байгаад буулгасан.

Эдгээр түүхэн дурсгалт барилга байгууламжийн устаж үгүй болсон түүх нь бүгд ижилхэн. Ердөө л “тоосгон чулуун ханатай тул ашиглалтын шаардлага хангахгүй, нурж унах аюултай” гэсэн шалтгааны ард ашиг сонирхол нуугдаж байдаг нь нууц биш. Тэгвэл одоо Байгалийн түүхийн  музейг нураах шийдвэр гарчихаад байгаа бол дэлхийн тавцанд Монголын сонгодог урлагийг таниулж буй уран бүтээлчдийн “гэр”-ийг нь буулгах, шинэчлэх асуудал хөндөгдөх болов.

Нийслэл хотын архитектурын цөөхөн дурсгалт газрын  нэг болох  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга 70 жилийн настай. Зураг төслийг герман архитекторч Герхард Косель гэгч зохиосон ч монгол урчуудын гараар бүтсэнээрээ онцлог. Өндөр шилэн барилгууд дунд ажин түжин оршиж буй уг театр шиг ур хийцтэй барилга барууны орнуудад байхгүй. Архитектурын өвөрмөц шийдэл бүхий сонгодог урлаг, өв соёлын цөм болсон энэ барилгыг нураах, шинэчлэх, хотын төвийн энэ гайхалтай байршилд барилга барих сонирхол хэн нэгэнд байдаг бололтой.

Дуурийн театрын газарт санаархагчид театрын барилгыг мөн л чийгтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлийг гаргаж ирэхийг хичээж буйг үгүйсгэхгүй. Тэгвэл 2016 онд Engelbert Zollner нарын Австрийн мэргэжилтнүүд ирж Дуурийн театрын барилгыг бүхэлд нь үзэж харж, нарийн багаж төхөөрөмжөөр элэгдэл эвдрэлийг нь  шалгаад “Бүх зүйл хэвийн” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ дүгнэлттэй бас архитекторууд санал нэг байгаа юм.

Харин өдгөө 200 гаруй уран бүтээлчид ажиллаж буй театрынхны зүгээс барилгын асуудлаас илүү хүний нөөц, урын сан томрохын хэрээр гэртээ багтаж шингэх зайгүй болсон тул орчин нөхцөлийг нь сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫГ НУРААХ БИШ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА БИЙ БОЛСОН

Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий найруулагч Г.ЭРДЭНЭБААТАР:

Бид дэлхийн стандартын дагуу сонгодог хөгжмийн театр болох л хэтийн зорилготой. Дэлхийн стандарт гэдэгт хүмүүсийн шуугиад буй барилга, гаднах пасад, өрөөнүүд, хоёр гурван тайз, сургуулилтаа хийх заал гэх мэт бүхий л тохижилт багтаж буй. Театр маань XX зуунд 1960-1980 оны үед шаардлага хангаж байсан ч хүний нөөц, урын сангийн хэмжээ томрох хэрээр театр маань багадаж байна. Дэлхийн хэмжээнд Монгол Улс байхыг хүсч байвал олон улсын стандартад нийцсэн театртай болох ёстой. Ийм хүсэлтийг үе үеийн уран бүтээлчид 20, 30 жил ярьж ирсэн. Төр засгаас энэ хүсэлтийг хүлээн авч, дэмжсэн. Монгол Улс дэлхийн түвшинд стандартын театртай болох нь гэдэг ойлголттой болж байна. Яаж болох вэ гэдэг асуудлыг маш олон мэргэжлийн байгууллага хамтран ажиллаж байж л шийднэ. Дэлхийн томоохон улс гүрнүүдэд олон улсын стандартад нийцсэн томхон театрууд баригдаж байна. Энэ стандартын шаардлагад нийцсэн театр өнөөгийн XXI зуунд Монголд алга. Ийм стандартыг бий болгосноор сонгодог урлаг ч бас дэлхийн түвшинд хүрнэ.

Дуурийн дуулаачид мэргэжлийн уран бүтээлээ туурвихад өнөөгийн театрын шаардлага хангахгүй байна. Гол нь барилгадаа биш. Баруун Европын томхон барилгууд 200, 300 жил тогтоцтой. Анхны суурь материалыг нь олон зуун жилээр тооцоолсон, барилгын доторх бүтцийг нь ч өөрчилж болж байгаа юм. Манайх хэдэн зуун жилээр тооцоогүй 100 жилийн хугацаатай гэж байсан ч эргэн тойронд том барилгууд баригдсанаас болж суурийг нь доргиосон.

Бид өөрсдөө нэг өдөр нурах уу, театраа өргөтгөх үү гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэхдээ театрын үндсэн төрхийг нь хэвээр үлдээж, дотоод байгууламжийг өргөтгөх тухай ярьж байгаа. Бид дахин 800 жил наслах театртай болох хэтийн төлөвөө бодох ёстой. Театрыг шинэчилнэ гэдэг нураах биш өргөтгөхийг хэлж байгаа юм. Гэтэл театрыг сайн мэдэхгүй хүмүүс нураана гэж ойлгож байх шиг байна. Театрын уран бүтээлчдийн ажиллах орчинг бүрдүүлэх л ёстой. Манай уран бүтээлчдийн чадвар дэлхийн хэмжээнд  хүрсэн ч ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлага бий болсон. Ерөнхийдөө театрын дотоод бүтэц, орчны нөхцөл байдлыг засч шинэчлэх тухай яригдаж байгаа болохоос биш нураах тухай яригдаагүй. Нурааж байгаа юм биш өөрчилж шинэчлээд өргөтгөж байна гэж ойлгох хэрэгтэй. Дэлхийн стандартад нийцсэн томхон театртай болох хэрэгтэй байна.

         ДЭЛХИЙД ТҮҮХЭН БАРИЛГУУДАА ХАДГАЛЖ ХАМГААЛДАГ, ХАРИН МАНАЙД НУРААДАГ

Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх архитектор Д.БАТ:

-Монголд хуучны барилгуудаа аль болох буулгаж, дахин төлөвлөлтөд хамруулах сонирхолтой байх шиг. Түүх өгүүлэх барилга хэр их үлдсэн бол?

-Архитектур, хот байгуулалтын ажил бол бүхэлдээ улсын түүх. Үүнийг олон улсын хэллэгт “чулуугаар бичсэн түүх” гэдэг. Архитектур, хот байгуулалт нь хүний нүдэнд ил байдгаараа онцлогтой. Хүний нүдийг сэргээж сэтгэлийг баясгаж байдаг чухал ач холбогдолтой. Тиймээс өнөөдөр дэлхийн улс орнуудад архитектурын дурсгалыг хадгалах хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байна. Зарим улс орон Үндсэн хуульдаа тусгасан байдаг бол ихэнх улс оронд архитектурын тухай тусгай хууль баталж хэрэгжүүлдэг. Хууль дотроо түүхийн дурсгалт байгууламжуудыг хувьчилж болно. Гэхдээ эвдэхгүй, үндсэн дүр төрхөөр нь хадгалж хамгаална. Харин дотор талыг нь өөрчилж болно гэсэн зарчим үйлчилдэг. Жишээ нь, хамгийн сүүлд өнгөрсөн жил Москва хотын томоохон вокзалын нэг Павелецкийн орчим нь хоёр, гурван давхар байшингуудтай. Нийт 1700 байшинг хүмүүсийг хувьчилж авах уриалга гаргаж, барилгын гаднах үндсэн төрхийг үлдээж доторх орчныг нь шинэчлэн тохижуулж, барилгын гаднах үндсэн төрхийг хуучны байдлаар нь хадгалж үлдэхийг уриалсан. Гэтэл Монголд хоёр, гурван давхар барилгуудыг нураадаг. Ерөөсөө хуучны барилга байгууламжаа нураах тухай л ярьж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн 50 жил болсон барилга байгууламжийг ашиглалтын шаардлага хангахгүй тул нураана гэх зальтай аргыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол хаана ч бичигдээгүй, хэн ч нээгээгүй хууль. Ашиг хонжоо хайсан, шинэ барилга байгууламжаар мөнгө олох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан башир арга.

Эдгээр хүмүүс мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй. Олон нийтийн дунд хуучны барилга байгууламж аюултай гэж худал итгүүлж нураах л сонирхолтой байгаа нь өнөөдөр маш ичгүүртэй байдалд хүрч байна шүү дээ. Ийм харамсалтай явдал газар авч байна. Энэ эрчээрээ цаашид үргэлжилбэл зөвхөн Улаанбаатар хот биш Монгол Улсын түүх устаж үгүй болно.

Хүнд үзүүлэх, түүх өгүүлэх барилгагүй л болно. Хуучин барилгын суурин дээр баригдсан орчин үеийн барилгыг хараад өмнө нь энд ийм барилга байсан юм л гэж дурсахаас цаашгүй л болно.

Дэлхийн улс орнуудад архитектурын шийдэл бүхий барилга байгууламжийг хадгалж хамгаалдаг олон жишээ бий. Харин буулгаж шинэчилсэн тухай сонсч байгаагүй?

-Дэлхийн II дайны үед Варшав хот үнс нурам болж нураагдсан. Тус хотыг сэргээн засварлахад Варшавын түүхэн хэсэг болох хоёр давхар бүхий байшингуудыг сэргээн засварлаж өдийг хүрсэн. Өнөөдөр Монголд 1-3 давхар байшинг нураах л сонирхолтой. Суурин дээр нь ойр орчимдоо зохицоогүй хүний хүсэл хэрэгцээг биелүүлэх хэмжээний өндөр гозгор барилга л сүндэрлүүлэх зорилттой болсон байна.

-Монголд хуучны барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үздэг. Эсрэгээрээ хуучны барилга байгууламжууд сүүлд баригдсан барилгуудаас илүү газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгийг гаднын шинжээчид тогтоосон байдаг. Жишээ нь, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга байна шүү дээ?

-Мэдээж ашиглалтын хугацаа, чанарын асуудал яригдана. Гэхдээ дээрх хэлснээр 50 жил болсон барилгыг нураана гэсэн хууль дүрэм байхгүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын байрыг нурааж хэрхэвч болохгүй, өөрчилж шинэчлэх шаардлагагүй. Дахиад 50 жил болсон ч ямар ч асуудал байхгүй. Түүхэн дурсгалт барилгууд долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх болно. Тэдгээр барилгын цонхны хоорондох хана, тулга нь бүгд тус тусдаа нарийн хэмжээтэй. Магадгүй борооны янданг солих, дээврийн төмрийг солих, модон хучилттай байшинг бетонон хучилттай болгох, орчин үеийн материалаар хэсэгчлэн сольж болно.

Дэлхийн улс орнуудад, тухайлбал, Италид гэхэд л 2000 ба түүнээс дээш насжилттай барилгууд нь одоо ч байна. Эдгээр хот хуучны барилгуудаа хур чийг, борооны уснаас хамгаалахад гол анхаарлаа хандуулдаг. Харин Монголд барилгаа ашиглаж мэддэггүй. Ерөөсөө л НМХГ-ын улсын байцаагчийн гаргасан “тухайн барилга байгууламж нь ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргасанд үндэслээд л нураахыг яардаг.

Энэ асуудлаар бид өнгөрсөн жил Монголын архитектурын зөвлөлтэй гэрээ хийж, байцаан шалгах газарт зөвлөмж хүргүүлсэн. Барилгын ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг нэг хүн гаргаж болохгүй. Ядахдаа гурван улсын байцаагчийн гаргасан тодорхойлолт, мэргэжлийн байгууллага буюу архитектурын холбооны эвлэлээр тухайн барилгыг ашиглах боломжтой эсвэл үгүй гэсэн дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл нэг л хүний “ашиглаж болохгүй” гэсэн дүгнэлтээр олон нийтийг итгүүлж, түүхээ үгүй хийх завхрал бий болсон. Монголын архитекторчдын эвлэлээс хотын түүх соёлд хамаарах 140 гаруй барилгыг бүртгэж, үндсэн дүр төрхөөр нь хадгалж үлдээе гэсэн санал өчнөөн тавьсан ч анхаарч хэрэгжүүлээгүй. Нөгөө талаас эрх баригчид мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсолгүйгээр цүнх баригчдын үгэнд итгэснээс болж  хот байгуулалтад байж боломгүй алдаа, завхралууд гарч байна.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас Чингис хааны музейн барилгын эх загварын уралдааныг мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулаагүй нь архитекторчдын нэр хүндэд хөндлөнгөөс халдсан гэж Архитектурчдын эвлэлээс үзсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

Архитекторчдын эвлэлээс гаргасан энэ байр суурьт санал нэг байна. Үндэсний их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей бол аль ч улсын түүхэнд нэг удаа баригдах хосгүй бүтээл. Энэ бол Монгол түмний бахархал байх ёстой. Ийм учраас өнөөдөр нэг нь хэлж, маргааш нөгөө нь барьчихдаг асуудал биш. Энэ үүднээс бид Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамд хандаж олон улсын уралдаан зарлаж, шилдгийг нь шалгаруулъя гэх санал тавьсан. Уг саналыг салбарын яамнаас хүлээн зөвшөөрч байсан ч өөрчлөгдсөн. Чингис хааны музейг хуучин барилгын суурин дээр жирийн хүмүүс барьчихдаг асуудал биш. Мэргэжлийн хүний хувьд олон хүний саналыг авч, тэр дундаас шилдэг санааг нь тодруулж байж л музейн ажлыг эхлүүлнэ. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд Чингис хааны музейг дөрвөн замын уулзвар дээрх буланд барьж болохгүй. Чингис хааны музей биш цогцолбор барих ёстой юм. Чингис хааны өсч бойжсон газар, найман сүлдээ алдсан газар гэх зэргээр бүхий л дурсгалт зүйлсийг үзүүлсэн төвд нь хааны хөшөөтэй, бас музейтэй барих ёстой. Ийм маягаар байгуулах хэрэгтэй. Тиймээс ямар ч зохилдлогогүй хуучин барилгын суурийг ашиглаж шинэ музей барих нь буруу юм.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрыг шинэчлэх асуудал яригдаж байна. Хэрэв цаашид нураавал түүх өгүүлэх барилга, өв соёл, сонгодог урлагтайгаа сүйрэх нь гэж хүмүүс хэлж байна?

-Энэ асуудалд маш их сэтгэл зовж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын буланд дахин өргөтгөл хийнэ гэх асуудал барина гэж яригдаж байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зохион байгуулагчийн хэлснээр суудлын тоо хүрэхгүй байгаа тул 1500 болгоно гэх. Тэр хүн театрын барилгын онцлогыг огт ойлгохгүй байна. Хэдийгээр барилгын нүүрэн талын үндсэн дүр төрхийг хадгалж авч үлдлээ ч доторхыг нь өөрчилж, суудлыг нь гурав дахин нэмэхэд л үндсэн дүр төрх алдагдана.Тэгвэл маш олон хүнтэй Москва хотын Большой театрын суудлыг өнөөдрийг хүртэл нэмээгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ арга бие даасан барилгад зохимжгүй. Гаднын орнуудад энэ арга технологийг шахуу барилгатай учраас нүүрэн талын үндсэн төрхийг нь авч үлддэг. Манайхан Улсын төв театр , дуурийн театр гэж нэр өгөхдөө сайн атал нураах тал дээр огт санаа зовохгүй байна.

-Монголын сонгодог урлагийн гол цөм болсон эдгээр барилга байгууламж нь соёлын өвд ч бас хамаарч буй. Шинэчилж, өргөтгөснөөр ямар эрсдэл байна вэ?

-Дуурийн театр бол Монголын урчуудын хосгүй бүтээл. Маршал Чойбалсан Монгол Улсын ууган архитектор Чимэд гуайг тусгайлан дуудаж үүрэг өгч, нэрт зураач Маньбазар гуай нарын урчууд хамтран таазны гоёл чимэглэлүүд, балкон, люстрийг нь урласан. Энэ бол хэдэн саяар ч үнэлэгдэх боломжгүй хосгүй үнэ цэнтэй өв соёл юм. Энэ барилгад гар хүрч болохгүй. Улсын драмын эрдмийн театр бол монгол архитекторчдын бүтээсэн дэлхийн архитектурын соёлд бүтээсэн өв юм. Та бүхэн анзаарсан бол баганууд нь морин толгойтой. Гэтэл дэлхийн архтектурт барилгуудын багана нь өвс ногоо хааяа нэг шувуу байхаас морин толгойтой багана байхгүй. Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зургийг герман архитекторч гаргасан ч барилгын нүүрэн тал, гаднах хашаа /одоо нурсан/ доторх суудал, тайз чимэглэл нь Монгол өв соёл, монгол соёлыг гайхалтайгаар үзүүлж чадсан. Хэнд ч гологдохгүй. Үүнд гар хүрч, нүүрэн талыг нь үлдээж өргөтгөвөл нүүр минь хэвээрээ, биеийг маань дөрөв, тав дахин томсгосонтой ялгаагүй л болно. Энэ бол нэг хүний хүслээр шийддэг асуудал биш юм. Өмнө нь Их тэнгэрийн аманд байрлах 50-1 дүгээр байрыг 1980-аад оны дундуур засварласан. Тэр үед Ю.Цэдэнбал гуай тэр буудлын хана таазан дахь хээ чимэглэлүүдийг Маньбазар гуай зурсан учраас  Х.Чойбалсан гуай өглөө бүр үзэж, сүсэглэж байсан тул хээ, гар чимэглэлд гар хүрч болохгүй гэж бидэнд сургаж байсан. Өнөөдөр ийм зүйлийг огт бодолгүйгээр л барилга барьж, шинэчилж байна.

Хуучны түүхэн дурсгалт байгууламжууд барилгажилт, хууль бус тендерээс болж их өртсөн гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй иргэд ч бас ярьдаг. Түүхэн дурсгалт барилга байгууламжаа нурааснаар хотод түүх өгүүлэх барилга үлдэх үү гэх асуудал олны анхаарлын төвд байна?

-Тендер гэдгийг манайхан маш буруу ойлгож, их алдаа завхрал гаргаж байна. Архитектурт бол тендер нь чанаргүй юм биш хамгийн үнэтэй, хамгийн шударга, хамгийн сайхныг бүтээх ёстой. Харамсалтай нь тендер гэх алдаа завхралд түүхэн дурсгалт барилгууд их өртөж байна. Маш олон дурсгалт барилга, байшинг нураах, түүхээ үгүй хийх асуудал ердийн үзэгдэл мэт болсон. Жишээ нь, Улаанбаатар хотын онцлох үзүүлэн болж байсан Нисэхийн цагаан хаалга, Комбинатын цагаан хаалга, баригдаад 50 жил ч болоогүй Худалдаа хөгжлийн банкны байр, Гадаад харилцааны яамны зүүн талд байрлаж байсан Хүүхдийн номын сан гэх шовх оройтой архитектурын өвөрмөц шийдэл бүхий хуучны барилга, Монголын анхны IV сургууль тоосгоор баригдсан сургууль Сэлбийн орчимд байсан гэх мэт социализмын үеийн үлдэгдэл гэх нэрийдлээр түүх өгүүлсэн барилга байгууламжуудаа нурааж өв соёл түүхээ үгүй хийж байна.

Хүнд үзүүлж, ярих барилга үлдэхгүй нь. Түүхээ баллуурдаж байна л гэсэн үг шүү дээ. Улаанбаатар хотын түүх устаж үгүй болж байна. Энэ үйл явц хоёр үе шаттай өрнөж байна.

1921 оны хувьсгалын дараах үе, зах зээлийн нийгэмд шилжсэн үед түүхэн дурсгалт барилга байгууламж асар ихээр сүйдэж, Улаанбаатар хотын түүх бүдгэрэх шалтгаан болсон. Нийслэл хүрээг харуулах түүхэн барилга байгууламж 1940 оны үед устсан. Тэдгээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж өөрийн гэсэн онцлогтой, архитектурын шийдэлтэй хот болох юм. Сайд дарга нар хоёр сая жуулчин авна гэж ярихаас бус юу үзүүлж харуулах вэ гэдгээ огт боддоггүй. Хуучны барилгуудаа сэргээж байгаа зүйл огт байхгүй. Дэлхийд түүх соёлын дурсгалт барилгаа авч үлддэг, хадгалж хамгаалдаг бол манайд нураадаг, түүхээ үгүй хийдэг.

-Архитектурчдын зүгээс хуучны барилгуудаа авч үлдэх, хамгаалах тал дээр анхаарал хандуулж, нурахаас нь өмнө хадгалж үлдсэн барилга бий юу?

-Урлан бүтээх төв буюу Монголын Пионерын ордонг нураах гэж байсныг эсэргүүцсэний үр дүнд золоор япончууд дээврийг нь солихоор болж энэ барилга сүйдэхээс аврагдсан. Хотын захиргааны байрлаж буй ордонг бас л нураах тухай яригдсан. Бидний зүгээс эл барилгыг Монгол Улсын архитектурын хувьд онцгой ач холбогдолтой барилга гэж эсэргүүцсэн. Хэрэв Яармаг руу хотын захиргаа нүүвэл энэ барилгыг нурааж болохгүй юм.

-Сүүлийн жилүүдэд хуучны барилга байгууламжуудаа дахин төлөвлөлт нэрээр буулгаж, сууринд нь шилэн барилга сүндэрлэх нь түгээмэл болжээ. Шилэн барилга хотын өнгө үзэмжийг хэр нэмэгдүүлдэг юм бэ. Энэ нь зөв шийдэл үү?

-Дэлхий даяар шилэн барилгыг сонирхохоо болиод удаж байна. Өөрөөр хэлбэл, моодноос гарсан. Улс орнууд өнөөдөр урьд өмнө нь байгаагүй шинэ загварлаг барилга барихыг илүүд үзэж байна. Жишээ нь, Сиднейд баригдсан алхаж буй байшин, шувууны үүр гэх мэт олон бий. Гэтэл монголчууд  улс орныхоо байгаль цаг уурын онцлогт тохирох үгүйг тооцохгүйгээр гадны орнуудыг дуурайж шууд л шилэн барилга барих болсноороо алдаж байна. Үүнийг хэн ч  анхаардаггүй. МАН-ын байрны ард байрлах  City towеr барилга гэхэд л хойд талын хэсгээ шилээр бөглөсөн. Энэ нь хойд талаасаа дулаан алддаг, их хүйтэн хэсэг. Монголд барилгын шинжлэх ухаанд байхгүй. Зүгээр л наймаачдын оруулж ирсэн бараа материалыг ашиглаж барилга барьж байгаа. Зүй нь нарийн судалгаа тооцооллын үр дүнд зураглал гаргаж болно. Шинжлэх ухаанд тулгуурлаж зураг төслөө зурах ёстой. Хэн нэгэн хүний зохиосон зураг, хэсэг бүлэг хүмүүсийн гаднаас оруулж ирсэн барилгын материалд тулгуурлан барилга барьж байна. Өөрийн гэсэн толгойгүй гэж харж байна.

УЛААНБААТАР ХОТ 230 ГАРУЙ АРХИТЕКТУРЫН ТҮҮХЭН БАРИЛГАТАЙ

Улаанбаатар хотын хэмжээнд 143 газарт 230 гаруй архитектурын түүхэн барилгатай. Эдгээр барилга нь тухайн нийгэм цаг үеийн өнгө төрхийг өөртөө шингээсэн соёлын биет өвд хамаарах түүхэн дурсгалууд юм. Олон улсын зарчмаар 50-иас дээш жилийн наслалттай, тодорхой ур хийц шингэсэн, нэртэй уран бүтээлч хийсэн барилгуудыг барилга архитекторын түүхэн дурсгалт барилга соёлын өвд хамруулдаг зарчимтай аж.

Манай улсад 100 жилийн наслалттай барилга цөөхөн ч “Азийн архитектурын өв"-д Улсын драмын эрдмийн театр, Эрдэнэ зуу хийд, гэр хэлбэрт модон дуган, Амарбаясгалант хийд, Төвхөн хийд, Чойжин ламын сүм, Жанрайсиг сүм, монгол гэр, Гадаад хэргийн яамны барилга гэсэн есөн барилга бүртгэгджээ. Соёлын өвийн үндэсний төвөөс соёлын үл хөдлөх биет дурсгал болох Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг нь нураалгүй, үндсэн төрхөөр нь хадгалах нь зүйтэй хэмээн үзэж буй.

ХОТЫНХОО ХӨГЖЛИЙГ ХАРУУЛЖ, НИЙГМИЙН ӨНГӨ ТӨРХӨӨ ХАРУУЛСАН ДУРСГАЛТ УРАН БАРИЛГУУДАА НУРААЛГҮЙ АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ

Соёлын өвийн үндэсний төвийн  Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.АНХСАНАА:  

Хотын өнгө төрх, түүхийг илтгэж харуулдаг гол зүйл нь дурсгалт уран барилгууд юм. Хот төлөвлөлт буруу хийгдсэнээс болж хуучны барилгуудаа нурааж суурин дээр нь шинэ барилга байгууламж барина гэх зарчим үйлчилж байх шиг. Хэрэв төлөвлөлтөө зөв хийсэн бол хуучны барилгуудаа авч үлдэхийн сацуу орчин үеийн барилгуудаа барих байсан болов уу. Ерөнхийдөө соёлын биет өвд хамаарах түүхэн дурсгалт барилга байгууламжид эртний туурь, сүм хийдээс орчин үеийн барилга болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилга хүртэл хамаарч буй. Монголчууд бол нүүдлийн соёл иргэншилтэй учраас суурин биет харагдах дурсгалууд цөөхөн бүтээдэг. Үүнээс авч үзвэл дор хаяж л 50-70 жилийн түүхтэй барилгууд бий.  Тиймээс 100 жилийн настай түүхэн барилга архитекторын дурсгал гарын 10 хуруунд багтахаар цөөхөн. Жишээ нь, Батлан хамгаалах их сургуулийн хашаан дахь Цэргийн сургуулийн барилга, Монг-Ин эмийн үйлдвэрийн барилгын эзэмшиж буй барилга бий. Тэр бол нийслэл хүрээний анхны чулуун барилга гэх зэргийг дурдаж болно.

Үл хөдлөх дурсгалт байшин бүр өөр өөрийн түүхтэй. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зургийг гэхэд л герман хүн гаргаж байсан ч монгол урчуудын хийц шингэсэн байдгаараа онцлогтой. Бидний хувьд дурсгалт уран барилгуудыг хадгалж хамгаалах ёстой гэдэг үүднээс харж ажилладаг. Соёлын өвийн үүднээс байх ёстой дурсгалууд гэж боддог. Ер нь тухайн үеийн нийгэм цаг үеийн өнгө төрхийг шингээсэн барилгуудаа соёлын өв талаас нь харж нураалгүй авч үлдэх нь чухал.

Бас энэ нь нийслэлийн өнгө төрхтэй холбоотой. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Төв музей, Байгалийн түүхийн музей зэрэг түүхэн уран барилга нь соёлын биет өвд хамаарах үл хөдлөх дурсгал учраас нураахгүй байх хэрэгтэй. Гэхдээ тухайн соёлын өв нь хүний амь насанд эрсдэл учруулахааргүй байх нь зүйтэй. Улаанбаатарт гурван үеийн хот байгаа юм. Тодруулбал, нийслэл байгуулагдахаас өмнөх үе, социализмын үеийн хот, зах зээлийн нийгэмд шилжсэний дараах буюу орчин цагийнх гэж хэлж болно. Үе тус бүрийг төлөөлж байдаг уран барилга, түүхэн ач холбогдлоороо өндөр барилга байгууламжууд байгаа ч тоо нь өнөөдөр цөөрсөн. Магадгүй  50 жилийн дараа одоо ад үзэгдэж буй шилэн барилгууд соёлын өв болбол хамгаалах асуудал яригдана. Хотынхоо хөгжлийг харуулж, нийгмийн өнгө төрхөө харуулсан дурсгалт уран барилгуудыг нураах биш хадгалж үлдээх нь ч чухал. Түүхэн барилгуудаа аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх ёстой. Гэхдээ энэ асуудалд хүмүүс харилцан адилгүй байр суурь илэрхийлж байгаа байхаа. Гэхдээ хүний амь насанд халтай болбол үндсэн төрхийг нь хадгалж өргөтгөл хийх, хүчитгэл хийх шаардлагатай гэлээ.

Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын шинэчлэх, буулгах асуудал олны анхааралд өртөж, бас дургүйцлийг хүргээд буй. Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тодруулав.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР, ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫГ БУУЛГАХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Монгол Улсад 2000 оноос өмнө барилгын салбар эрчимтэй хөгжсөн. Үүнээс хойш шинэ үеийн барилга бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байдаг юм. 2000 оноос өмнө 1970 онд газар хөдлөлтийн норм батлагдаж мөрдөгдөж эхэлсэн. Үүнээс өмнө ямар нэгэн газар хөдлөлтийн тооцоололгүйгээр барилга байгууламж барьж байсан. Эдгээр барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн ангилалд багтаж байгаа. Харин шинэ барилгууд ийм ангилалд ороогүй. Дүгнэлт гаргаж пасспортжуулсан барилгуудын 50 хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй. Тэсвэргүй барилгуудад чулуун суурь, тоосгон ханатай, модон хучилттай 40, 50 мянгатын байрнууд болон хотоос алслагдсан барилгууд хамрагдаж байдаг.

Түүх соёлын барилгыг авч үлдэх нь зүйтэй гэдэг асуудалд буулгах уу дахин хүчитгэх үү гэдгийг тухайн захиалагч, шийдвэр гаргагчид шийдвэрлэнэ. Монгол Улсад барилгыг хүчитгэх норм сүүлийн жилүүдэд батлагдаж тэсвэргүй барилга болгоныг буулгахаас илүү хүчитгэж, хүчитгэх боломжгүйг нь ашиглахыг хориглосон шийдвэр гаргана. Энэ жил манай ажлын төлөвлөгөөнд түүх соёлын дурсгалт барилга буюу Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгууд багтсан.

Өмнө нь манайд түүх соёлын барилгуудад дүгнэлт гаргаж, газар хөдлөлтөд тэсвэргүй гэх үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Манай байгууллагын төсөвт 250 сая төгрөгийг улсаас суулгаж, олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн өмчийн барилга зэрэг олон нийтийн барилга байгууламжийг тусгаж өгсөн. Эдгээр тусгагдсан барилгуудын хүрээнд бидний зүгээс үзлэг шалгалт хийж, пасспортжуулж байгаа юм.

Энэ ажлын  хүрээнд УДЭТ, УДБЭТ-ыг буулгана гэсэн шийдвэрийг манайх гаргахгүй. Сүүлийн үед Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхи нэмэгдэж байгаа. Эрсдэлийг тооцоолж хүчитгэх боломжтой барилгуудыг цаашид ашиглаж явах нь зүйтэй.

Монгол Улсад газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм, барилгын тухай хууль бусад холбогдох дүрэм журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий компанийн зурсан зургийг Барилга хот байгуулалтын яамнаас магадлал хийж, түүнийг нь тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниуд гүйцэтгэж, мэргэжлийн комисс хүлээж авдаг учраас  сүүлд баригдсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй гэлээ.

Улаанбаатар хотын төрх алдагдахад газар олголтыг дагасан бүтээн байгуулалтаас шалтгаалж буй. Өнөөдөр барилгажилт, бүтээн байгуулалт түүх соёлын дурсгалт газрын аюулгүй байдлын маш том эрсдэлтэй хүчин зүйлсийн нэг болоод байна. Тиймээс газар олголтыг ямар шалгуур, зарчмаар олгодог асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас дараах тайлбарыг авсан юм.

 АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛСОН БАРИЛГУУДЫН ГАЗРЫГ ТӨРД ОЛГОДОГ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.БАТ-ӨЛЗИЙ:

-Үл хөдлөх түүхэн дурсгалт барилга байгууламжийн хамгаалалтын бүс байдаг. Энэ бүс дотор орж буй барилгуудыг хадгалах хамгаалах хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн жил Чойжин ламын сүм музейн урд иргэнд олгосон газрыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтөд зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламж хамрагдана. Түүхэн дурсгалт объектод хийхгүй, бүртгэлжүүлж кадастрын зураг хийлгэн бүртгэлжүүлж хамгаалдаг. Хуучны барилгуудын тухайд ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг дахин төлөвлөлтөд хамруулж тухайн барилгыг нурааж  орчин үеийн өнгө үзэмж сайтай барилга баридаг. Дахин төлөвлөлтийн барилгад 60 жилийн өмнө баригдсан барилгын технологи, орчин үед баригдаж буй  барилгын технологи хоёр нь газар тэнгэр шиг ялгаатай. Одоо барьж буй барилгуудын инженер шийдэл, газар зохион байгуулалт илүү гэсэн үг. Дахин төлөвлөлтийн ажилд төрийн байгууллагад газар нь олгогддог. Тухайн барилгууд нь гүйцэтгэгч хэлбэрээр төрөөс захиалсан захиалгыг гүйцэтгэх хэлбэрээр оролцоно. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас төрд газар олгодог гэж ойлгож болно гэлээ.

 

НИЙСЛЭЛИЙН ТҮҮХИЙГ ХАДГАЛАХАД ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО ЧУХАЛ

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас түүхэн дурсгалт барилгуудад анхаарлаа хандуулж ажилладаг талаар онцолсон. Тус газраас түүхэн барилгуудаа өндөр насжилттай гэж нураах бус сэргээн засварлаж, хүчитгэх нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.ДАВААЦЭРЭН:

-Нийслэлийн түүхийг хадгалах, үнэт зүйлийг хойч үедээ үлдээхийн тулд нийслэлийн төр захиргааны байгууллагын оролцоо маш чухал. Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудалд хандах, төрийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. БСШУСЯ бодлогоо тодорхойлж, соёлын өвд хамаарах газар, барилга байгууламжийн түүхэн үнэ цэнэ ач холбогдлыг харгалзан тухайн дурсгалт зүйлсийг эх төрхөөр нь хадгалах бодлого гаргаж, чиглүүлдэг. Харин нийслэлийн төр захиргааны байгууллагаас хотын ерөнхий төлөвлөгөөндөө газар олголтын тухай нарийвчлан тусгаж, бүтээн байгуулалт, түүхэн дурсгалт газрыг хамгаалах зэрэг чиг үүргийг нарийвчлан тусгаж, энэ нь батлагдаж байх ёстой. Харамсалтай нь, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хотын ерөнхий төлөвлөгөөний талаар ямар шийдэл гарч буй мэдээлэл БСШУСЯ-нд ирдэггүй. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа маш сул байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байж обьектын төлөвлөлтийг гаргах ёстой.

Ямар ч барилга байгууламж тухайн цаг үеийнхээ түүхийг илэрхийлж байдаг гол төлөөлөл юм. Улаанбаатар хотод 1930 оны барилга байгууламжийг харъя гэхэд хэвлэх үйлдвэр байна, 1910-1920 он, 1940, 1950 оны өндөр барилга байгууламжаа өндөр насжилттай гээд нураах бус гадна харагдаж буй барилгын үндсэн төрхийг алдагдуулахгүйгээр доторх бүтэц талаас нь сэргээн засварлаж, дахин шинэчлэх боломжтой.

Ирээдүйд эдгээр барилга түүх, соёлын дурсгалт өв болно. Европын хотууд хуучны барилга байгууламжуудаа сэргээн засварлах хамгаалах чиглэлээр их олон ажил хийдэг. Хотынхоо түүхэн хөгжлийг хадгалж үлддэг ном журамтай. Өөрийн үүх түүх, үнэт зүйл, дүр төрхийг цаг хугацаагаар хамгаалж үлддэг. Урлагийн гэх тодотголтой бүхий л үнэт зүйлсээ хадгалж, хамгаалж, сэргээн засварлаж, бүх зорилгоор ашигладаг. Гэхдээ нэг л шаардлага тавигддаг. Энэ бол тэдгээр олон зуун жилийн настай барилга байгууламжууд хүний амь нас хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахааргүй л байх нөхцөлтэй. Европын барилга байгууламжууд энэ шаардлагад нийцдэг. Үүнийг Монголд хөрвүүлж үзэхэд Улаанбаатар хотын барилга байгууламж харьцангуй залуу байгаа юм.  Түүх соёлын дурсгал барилга байгууламж гэдэг ангилалд орсон барилгуудад бид гол анхаарлаа хандуулдаг. Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтад тухайн хотын захиргаа маш их үүрэг рольтой. Үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжаа тордох хэрэгтэй. Их засвар хийх шаардлагатай. Тухайн хотын төлөвлөлтөд нийцүүлж тухайн барилгаа буулгах, хадгалж үлдэх асуудалд хотын оролцоо хамгийн чухал гэлээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж