Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Шинжлэх ухааны "шинэ ургац" хатаж дуусах вий

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд бараг 100-аад жил болжээ. Нэгэн жарны түүхийг өгүүлэх энэ хугацаанд салбарын эрдэмтэн, судлаачид нэг ч удаа зөвлөлдөж байгаагүй ажээ. Тодруулбал энэ сарын 26, 27-нд шинжлэх ухааны ажилтны их хурал анх удаа зохион байгуулахаар болжээ. Уг их хуралд эрдэмтэн шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, их дээд сургуулийн нийт 800-аад төлөөлөгч оролцож, салбарын тулгадаж буй асуудал, хүндрэл бэрхшээлээ хэлэлцэх юм.


Аливаа улсын хөгжлийн тулгуур хүч бол шинжлэх ухаан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улс шинжлэх ухааны салбараа орхигдуулж, төрийн бодлогоос ангид үзэх болсон. Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээ уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц хэмээн тодорхойлж, эдгээр салбар луу хөрөнгө оруулалтаа түлхүү хуваарилдаг. Үлдсэнийг нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт багахан хэмжээгээр төсөвлөдөг байна.

Монголын хувьд шинжлэх ухаан сонирхолтой бус “гологдсон” болчихоод байна. Төсвийнхөө үлдэгдлээр л "хооллодог" гэхэд хилсдэхгүй.

Үүний тод илрэл нь санхүүжилтийн асуудал. Дэлхийн улс орнууд дунджаар ДНБ-ийхээ 0,1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Израйл улс гэхэд л таван хувийг зарцуулж байна. Харин Монгол улс 0,11 хувиас хэтэрдэггүй байна. Тухайлбал, био-анагаахын салбарын эрдэмтэн доктор Б.Галиндэв манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол улс газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг дэлхийн газрын зураг дээр тэмдэглэхэд Монгол улс цэггүй учир Балбын дараа ордог аж. Хэдий санхүүжилтийн хувьд шинжлэх ухааны салбар дэлхийн газрын зураг дээр цэггүй ч оюун ухааны чадлаараа дэлхийд тэргүүлэх эгнээнд явж байна. Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийтлэл, эшлэлийн тоо зэрэг шинжлэх ухааны чансаагаар эхний 20 орны тоонд орж байна. Харамсалтай нь оюуны энэ нөөц бололцоогоо бид ашиглаж чадахгүй байна. Харсаар, ярьсаар, бэлгэдэл төдий байлгасаар “зэврээж” байна.

Жил бүр олон мянган Монгол залуус гадаадын хөгжилтэй орноос эрдэм мэдлэг, технологийн нууц эзэмшин эх орондоо ирдэг. Гэтэл тэд сурч, мэдсэнээ хэрэгжүүлэх “эко систем” буюу материаллаг бааз суурь байдаггүй. Техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, зориулалтын байшин, барилга, хүний нөөцөөс гадна боловсон хүчнээ дэмжих төрийн тодорхой чиглэл бүрдээгүй.

Энэ байдлаас болж мэдлэг, чадвартай олон залуус яах учраа олохгүй төөрөлдөж “зэвэрнэ” аль эсвэл буцаад гадагшаа явах болж байна.

Тэдний төлөөлөл бол залуу эрдэмтэн, доктор Д.Эрдэнэбаатар. Тэрбээр физик, электроникч мэргэжилтэй, Японы Техникийн Их сургуульд сансарын инженерээр докторын зэрэг хамгаалсан. Монголын анхны Мазаалай хиймэл дагуул зохион бүтээсэн чадвартай боловсон хүчин. Д.Эрдэнэбаатар Японоос онол, практик, шинэ санаачилга, техник технологийн “ноу-хау”-г эх орондоо нэвтрүүлж, нутагшуулахаар хоёр жилийн өмнө Монголдоо иржээ. Гэвч түүний эзэмшсэн бүхнийг “шингээх хөрс” Монголд байсангүй. Тэрбээр энэ талаар ярихдаа

“Дөнгөж сургуулиа төгссөн залуус бол шинэ ургацын ногоо юм. Ногоог бид хавар тарьж, зун усалж, намар хурааж авдаг. Энэ хооронд маш сайн усалж, арчилж, торддог шүү дээ. Тэгээд ургаж гүйцэхийг нь тэвчээртэй хүлээдэг.

Үүний адил Монголын төр залуу боловсон хүчнээ төгсч ирсний дараа ажлын байраар хангах, цалин хөлсөөр дэмжих, материаллаг баазаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хийж бүтээх орчин бий болгох зэргээр бодлого гарган дэмжмээр байна. Ядаж л бид цалин хөлс сайтай бол ар гэрийн ахуйн асуудлаас чөлөөрч, бүх анхаарлаа бүтээх ажилдаа зориулна шүү дээ. Гэтэл хайран сайхан чадвартай, оюуны бүтээмж өндөртэй залуус гадагшаа явж эсвэл “халтуур”-ны үнэлгээтэй болж дууслаа” гэсэн юм.

Монгол Улс өнөөдөр оюуны хөдөлмөрөө үнэлэхгүй байгаа нь үнэн. Залуус 600 мянган төгрөгийн цалинтай албан өрөөнд сууснаас Солонгос явж хар ажил хийхийг илүүд үзэж байна. Аргагүй шүү дээ. Тэдний ард ар амьдрал, үр хүүхэд бий. Ийм байхад хүний нөөцийн тогтвортой байдал яриад ч хэрэггүй. Цалингийн энэ алдаатай бодлогоос болж хэчнээн мэргэжилтэн гадагшаа явж, мэргэжлээ өөрчилж, хүсэл мөрөөдлөө орхиж, урам хугарсан бол…

Монгол Улс 1990-ээд оны эхэнд эрдэм шинжилгээний 6000 орчим ажилтан, 200 шахам хүрээлэнтэй байжээ. Гэтэл 2015 онд бүтцийг нь өөрчлөхдөө хүрээлэнг 20 болгож цөөлсөн байна. Харин эрдэм шинжилгээний ажилтан улсын хэмжээнд дунджаар 3000 гаруй байна. Азид нэг хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 1500 байдаг бол хөгжингүй орнуудад 7000-8000 хүрдэг аж. Тэгэхээр Монгол улс шинжлэх ухааны салбарын залгамж халаа бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Шинэ ургацын ногоо”-гоо услаж, тордох цаг иржээ.

Тарьчихаад орхиод байвал тэд хатаж дуусах нь. Үүний тулд төрөөс шинжлэх ухаанд чиглэсэн дорвитой бодлого барьж, ядаж л дэлхийн газрын зураг дээр цэгтэй болох зорилго тавьж, ажилламаар байна. Монголын төр анх удаа эрдэмтэн, судлаачдаа их хурлаар сонсох гэж буйн сайшаалтай. Гэхдээ ямар нэгэн үр дүн, өөрчлөлт гараасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж