Жон Керри Кубад айлчилж байна
Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Кубад хүрэлцэн очлоо. 1945 оноос хойш тус аралд очсон Америкийн анхны Төрийн нарийн бичгийн дарга нь Керри болж байна. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дипломатууд, Конгрессийн гишүүд, Цагаан ордны аппаратын ажилтнууд зэрэг хориод хүн багтжээ. Керригийн айлчлал нь хоёр хэсгээс бүрэлдэж байна. Эхнийх нь АНУ-ын Элчин сайдын яамны байранд төрийн далбааг мандуулах ёслол бөгөөд орой нь шинээр нээгдсэн яаманд албан ёсны хүлээн авалттай. Дараагийн хэсэг нь Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригестай хийх албан ёсны хэлэлцээр юм. Кубын Төрийн зөвлөл ба Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастротай уулзахгүй гэнэ.
Атомын станц тог өгч эхлэв
Энэ долоо хоногт ажиллагаа нь сэргэсэн Кагошима мужийн “Сэндай” АЦС өнөөдөр анхныхаа цахилгааныг өгч эхэллээ гэж компани-оператор Kyushu Electric Power мэдээлэв. Энэ АЦС-ын анхны тогооны хүчин чадал нь 890 мегаватт (МВт) юм байна. 2011 оны Фүкүшима станцын ослын дараа Японы 48 атомын цөмийн тогоог зогсоосон юм. Сүүлийн хоёр жилийн дотор Японы үндэсний АЦС анх удаагаа наймдугаар сарын 11-нд ажиллаж эхэлжээ.
Трамп ажлаас халагдав
Тэрбумтан Дональд Трампыг 2008 оноос хойш хөтөлж ирсэн "The Celebrity Apprentice" гэх шоуны хөтлөгчийн ажлаас халжээ. “Шоу ирэх жилд эфирт гарахгүй, гэхдээ тэр шинэ хөтлөгчтэйгээр буцаж ирнэ” хэмээн NBC телевиз мэдээлсэн байв. Буяны ажилд аль болох их мөнгө цуглуулах эрмэлзэлтэй цуутнууд оролцдог "The Celebrity Apprentice" шоу нь Дональд Трамптай хамт ажиллах эрхийн төлөө бизнесменүүд өрсөлддөг "The Apprentice" төслийн нэг хэсэг нь юм.
Курдуудын эсрэг хий хэрэглэжээ
AP Photo/Militant Website
“Исламын улс бүлэглэлийн дайчид Иракийн курдуудын байрлалд энэ долоо хоногт довтлохдоо “хичийн хий” гэж нэрлэгддэг ипритийн химийн зэвсгийг хэрэглэсэн гэж Америкийн эрх баригчид үзэж байна. Америкийн The Wall Street Journal сонины Төрийн департамент дахь эх сурвалж энэ тухай мэдээлсэн байна. Террористууд ипритийн хийг Сириэс олж авсан байх магадлалтай. Иракаас ч түүнийг олж авсныг үгүйсгэхгүй гэж америкийн тусгай алба үзжээ.
Хойд Солонгосын цэргийнхэн өмнөдийн ерөнхийлөгчийн зургийг бай болгожээ
AP Photo/Jon Chol Jin
Хойд Солонгосын цэргийнхэн буудлагын сургууль хийхдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн зургийг бай болгож байсан тухай Японы NHK телевиз мэдээлэв. Ийм кадруудыг Хойд Солонгосын телевизээр анх удаагаа харуулсан гэнэ. Өмнөд Солонгосын Хоёр орныг нэгтгэх яамнаас Пхеньяны энэ үйлдлийг буруушаан дахин ийм кадруудыг үзүүлэхгүй байхыг шаардлаа. “Ийм үйлдэл нь хүмүүсийн хооронд дайсагнал үүсгэх учраас байж боломгүй зүйл” гэсэн уг яамны мэдэгдлээс NHK ишлэн мэдээлжээ.
Жулиан Ассанжийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Жулиан Ассанж. AP Photo/Kirsty Wigglesworth
Шведийн прокурорын газар, WikiLeaks-ийг үндэслэгч одоо Лондон дахь Экваторын Элчин сайдын яаманд бүгж байгаа Жулиан Ассанжийн бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэх дөрвөн зүлийн ялаас хоёрыг нь хэрэгсэхгүй болгов. Эдгээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа нь дууссан учир ийм шийдвэр гаргасан байна. Бас нэг хэргийг нь ирэх сарын 18-нд хэрэгсэхгүй болгох юм. Хүчингийн хэргийн авч хэлэлцэх хугацаа нь 2020 онд төгсөх ажээ.
Эрх баригч намын тэргүүн огцров
Шве Манн
AP Photo/Khin Maung Win
Эрх баригч Эв нэгдэл, хөгжлийн намуудын холбоо намын тэргүүн, Ардын төлөөлөгчдийн танхимын дарга Шве Манныг намын даргаас нь огцруулжээ. Тус намын байрыг зэвсэгт хүмүүс бүслэн хаасны дараа энэ үйл явдал болжээ. “Шве Манн намын тэргүүн биш болсон. Одоо тэрээр эрүүл саруул, гэртээ хоригдож байгаа” гэж намаас нь мэдээлэв. Харин тэрээр парламентын Доод танхимын дарга хэвээр байна. Спикер намынхаа бодлогын талаар тус орны ерөнхийлөгч Тейн Сейнтай зөрөлдсөн гэх яриа байгаа юм.
Өмнөд Америк цасанд дарагдлаа
Фото: EPA
Боливи, Перу хоёрын нутгаар их хэмжээний цас орлоо. Түүний улмаас Боливийн нийслэл Ла-Пас руу явдаг олон зам хаагдав. Энэ бүс нутагт цас бараг ордоггүй учраас цас цэвэрлэх техник ховор. Мөн агаарын хэм 0 хүртэл унаж, хүйтэрчээ.
Компаниуд даатгалын мөнгө шаардаж байна
Фото: EPA
Zurich Insurance Group компанийн Хятад дахь салбар Тяньжиний ослоос хохирол амссан тухайгаа мэдээлэв. Дэлбэрэлтийн улмаас хохирсон компаниуд даатгалын мөнгөө шаардаж эхлэв. Одоо хохирлын хэмжээг бүрэн тогтоохоор Zurich Insurance Group ажиллаж байна. Өмнө мэдээлснээр, Renault компанийн агуулахад байсан 1500 шатсан машины үнэ нь 210 юань буюу 33 сая ам.доллар болжээ.
6,5 мянган хоригдолд өршөөл үзүүлэв
Фото: Adrees Latif / Reuters
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойтой холбогдуулан 6527 хоригдолд өршөөл үзүүллээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дотор SK Group гэх гэр бүлийн холдингийн тэргүүн Чой Тхэ Уон багтжээ. Түүний эхнэр нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Ро Дэ У-гийн охин юм. Бизнесменийг 40 сая ам.доллар завшсан хэргээр 2013 онд дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм. “Өршөөлийн жагсаалтад улс орны өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд хэрэгтэй хүмүүс багтсан” гэж ерөнхийлөгч Пак Кын Хе хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР