Хотын дарга аа, сурагчдыг “хордуулахаа” зогсоогооч | News.MN

Хотын дарга аа, сурагчдыг “хордуулахаа” зогсоогооч

Хотын дарга аа, сурагчдыг “хордуулахаа” зогсоогооч

Хотын дарга аа, сурагчдыг “хордуулахаа” зогсоогооч

Сурагчид сургууль дээрээ идсэн хоолноос хордох тохиолдол сүүлийн хоёр жилд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь олон шалтгаантай ч сургуулийн цайны газрын сонгон шалгаруулалттай холбоотой байж ч болох юм.  Учир нь, урьд нь сургуулийн цайны газрыг нийслэлийн Өмчийн харилцааны газар сонгон шалгаруулдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн сурагчид ямар цайны газраар үйлчлүүлэхийг тухайн сургуулийн захирал шийддэг болоод байгаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний А/671 дүгээр захирамжид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Боловсролын газрын төлөөллийг оролцуулан нээлттэй сонгон шалгаруулж ажиллахыг нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад даалгасугай гэжээ.

Сургуулийн цайны газрын тендерийг хэрхэн шалгаруулдгийг сурвалжлахыг зорилоо. Сургуулийн цайны газрын чанар ямар байгааг иргэдээс асуулаа.

Иргэн:

-Манай хүү хувийн сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байгаа. Сургууль нь өдөрт нэг хоол өгдөг. Сургуулийн хоол гоё амттай гэж манай хүү хэлж байсан. Даваа гаригт хоёрдугаар хоол өгсөн бол дараагийн өдөр нэгдүгээр хоол өгч, баасан гаригт цагаан хоол өгдөг юм билээ. Нэг хүүхдэд өдөрт 3000 төгрөг зарцуулахад үдийн цайг үдийн хоол болгох, чанаржуулах боломжтой юм байна гэж харж байна. Манай хүүгийн сургуулийн цайны газар нь ч давгүй цэвэрхэн юм билээ.

Иргэн:

-Манай зээ улсын сургуулийн гуравдугаар ангид сурч байгаа. Сургуулийнх нь цайны газрын хоол унд тааруу юм билээ. Зээ маань их өлссөн ирдэг. Хоолыг нь чанаржуулмаар санагддаг.

27 ТҮРЭЭСЛЭГЧТЭЙ ХИЙСЭН  ГЭРЭЭГ ЦУЦАЛСАН

Нийслэлийн боловсролын газрын Эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Алтантуяагаас сургуулийн цайны газрын тендерийг хэрхэн явуулж байгааг тодрууллаа.

 -Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад ямар шалгуур тавьж, хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

-Урьд нь нийслэлийн Өмчийн харилцааны газар сургуулийн цайны газрын тендерийг шалгаруулдаг байсан. Харин 2018 оны хичээлийн шинэ жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн цайны газрыг сургууль өөрөө сонгон шалгаруулдаг болсон. Ингэхдээ нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүдийг оролцуулж байгаа.

Тендерт ирүүлсэн материалаас хамгийн өндөр оноо авсныг нь сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь байгаа эсэх, ажиллах хүн нь мэргэжлийн эсэх зэрэг шалгуур тавьдаг.

-Ихэвчлэн хувийн сургуулиудад хордлого гарч байна. Үүнд ямар шалтгаан байна вэ. Зарим сургууль хоол, цайгаа өөр үйлчилгээний төвөөс авдаг гэх юм. Ийм байж болох уу?

-Төрийн болон хувийн өмчийн бүх сургуулийн цайны газарт адилхан шаардлага тавьдаг. Тиймээс энэ асуултад тодорхой хариулт өгч чадахгүй нь. Хувийн сургуулийн ихэнх нь сурагчдад үдийн цай биш үдийн хоол өгдөг. Ингэхдээ нэг сурагчийн өдрийн хоолонд 3000-5000 төгрөг нэмж авдаг. Харин улсын сургуулиуд улсын төсвөөс батлагдсаны дагуу нэг хүүхдийн үдийн цайнд 600 төгрөг зарцуулж байгаа.

-Эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс 79 дүгээр сургуулийн цайны газрыг саяхан хаасан. Тендерт шалгарсан цайны газар яагаад шаардлага хангахгүй байна вэ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын хэд нь шаардлага хангахгүй байна вэ?

-Тухайн сургуулийн цайны газар шаардлага хангахгүй байвал эцэг эхчүүд энэ талаарх мэдээллийг сургуулийн захиргаанд, манайд өгч болно, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өгч болно. Ингэснээр тухайн сургуультай байгуулсан гэрээг жилийн эцэст дүгнээд шаардлага хангаагүй бол гэрээг цуцалдаг.

Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн цайны газрын 27 түрээслэгчтэй хийсэн  гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн 217 сургуульд үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс 61 сургууль зориулалтын бус цайны газартай бол 10 нь огт цайны газаргүй.

-Жилийн эцэст дүгнэдэг нь ямар учиртай юм бэ. Цайны газаргүй болон зориулалтын бус цайны газартай сургууль үдийн цайг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Сургуулийн захиргаа сурагчдын эрүүл, аюулгүй байдалд үнэхээр санаа зовнин ажилладаг.  Хордлого үүсэх олон шалтгаан бий. Хордлого яг юунаас үүссэнийг мэргэжлийн байгууллага тогтооно. Тиймээс ихэвчлэн хичээлийн жилийн эцэст дүгнэлт гаргаад, шаардлагатай бол наймдугаар сард сонгон шалгаруулалт зарладаг. Харин тендер маргаантай болж, сунжирвал сургууль сурагчдад бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн цайны газаргүй, зориулалтын гал тогоогүй зарим сургууль бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

-Сургууль нь сурагчдаа хоолоор хордуулдаггүй болгохын тулд ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?

-Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага байх шаардлагатай байгаа. Ингэснээр сургуулийн захирал хоол хүнстэй зууралдалгүй зөвхөн боловсролын үйлчилгээндээ анхаарах боломжтой.

БОЛСОН БОЛОН ТҮҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТУСАД НЬ ХАДГАЛ

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн цайны газар түрээслэгчдэд дараах зөвлөгөөг хүргэсэн юм.

  • Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах
  • Ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах
  • Эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах
  • Тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах
  • Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх
  • Үйлдвэрлэлийн үе шат болгондоо дотоод хяналт тавьж, стандарт шаардлагыг хангах

Нийслэлд 217 сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд сургуулийн цайны газрын 27 түрээслэгчтэй хийсэн  гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт явуулсныг албаныхан хэлж байна. Эдгээрээс 61 сургууль зориулалтын бус цайны газартай бол 10 нь огт цайны газаргүй байна гэдэг өөрөө үдийн цай хөтөлбөрийн стандарт, зориулалт амьдрал дээр яаж хэрэгжиж байгааг тодотгож болохоор байна. Эрдэм сурахаар сургуулийн босгоор алхсан ч элдэв нянгаар халдварлан Халдварт өвчин судлалын үндэсний төвийг зорьж буй сурагчдын цувааг зогсооход хотын даргын анхаарал хэрэгтэй байна. Хотын дарга дээрх журмыг эргэн харах шаардлагатай тулгарч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

huuhdiin toloo. 2019-09-25 64.119.22.221

songon shalgaruulah ajlaa oligtoi hiigeech.PLS PLS.

Avatar

Иргэн 2019-09-25 202.21.127.165

. Ингэснээр тухайн сургуультай байгуулсан гэрээг жилийн эцэст дүгнээд шаардлага хангаагүй бол гэрээг цуцалдаг.-Хүүхдүүдийг БҮТЭН ЖИЛ хордуулж байгаад, жилийн эцэст муу байсан байна гээд цайны газрыг нь хаах юм уу? Хүүхдүүд хордуулаад байгаа бол яагаад бүтэн жил хүлээнэ гэж?!!!!

Avatar

Туул 2019-09-25 103.229.121.177

Энэ сургуулиудын захирлуудад сонгон шалгаруулалт явуулах эрхийг өгсөн үнэхээр буруу. Хамаатан садан, Танил ах дүү найз нөхдөө оруулаад тэр нь ажилуулж чадахгүй хоолны хордлого өмнө нь гардаг байлаа. Сүүлдээ нийслэлийн өмчийн газар овоо цэгцэнд нь оруулж байсан юмсан. Одоо ч нилээн юм болно доо

Avatar

хариуцлага гэж алга 2019-09-25 103.229.120.163

нийслэлийн эрүүл мэндийн газар ажлаа хийгээч

Avatar

ннн 2019-09-25 192.82.65.120

Сургуулийн хоолонд цадна гэж байхгүй. Их, бага нь яахав, Гол нь эрүүл хоол унд л өгчих.

Avatar

Зочин 2019-09-25 202.131.233.214

Мэргэжлийн хяналт, боловсролын яам мэдмээр юм.

Avatar

Зочин 2019-09-25 66.181.169.116

Бичсэн юм яагаад ага болчихоод байна вэ? Таалагдахгүй байна уу???

Avatar

Базуука 2019-09-25 66.181.169.116

Боловсролын сайд, холбогдох газрын дарга, захирал нараас нь асуу л даа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж