"Ц.Нямдорж Ерөнхийлөгчийг шүүмжлэхээ больж, дуу нь гарахаа байлаа"

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж Ерөнхийлөгчийг шүүмжлэхээ больж, дуу нь гарахаа байлаа"

Хуульч, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Хоригт тусгагдсан тайлбаруудыг та уншиж танилцсан байх.  Хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй хориг вэ?

-Үндсэн хуульд хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсангүй гэж Ерөнхийлөгч үзсэн байна. Бид үүнийгээ  хууль гэж нэрлэх үү, үгүй юу гэдгийг олон жил ярьж байгаа сэдэв шүү дээ. Хуульчдын олонхи нь Үндсэн хууль ба ердийн хуулийн эрэмбийн асуудлыг ярьдаг юм. Үндсэн хууль бол ердийн хуулиас том зүйл. Түүнд ердийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж үздэг. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нь Үндсэн хуулийн адил эрх зүйн эх сурвалжийн нэг хэлбэр. Манай Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйл тийм утгаар бичигдсэн гэдэг. Нөгөө нэг хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хууль хэлбэртэй байна гэж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж бичих нь зүйтэй гэж үздэг. Энэ нь ч байж болох. Яагаад гэвэл Журмын тухай хууль бол сүүлд гарсан, нарийвчилсан зохицуулалт юм. Түүнийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгоогүй, Цэцийн хүчингүй болгоогүй зүйл заалтыг хэн нэгэн хуульч Үндсэн хуульд зааснаас буруугаар заасан тул хэрэглэхгүй гэж хэлэх нь дур зоргын асуудал юм. Гэхдээ манай практикт тогтсон ойлголт, хуульчдын олонхийн санаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бие даасан эрх зүйн эх сурвалжийн нэг хэлбэр, яг хууль гэж бич гээгүй, харин хуулийн бүрдэлийг хангасан байна гэдэг санаагаар зохицуулагдсан гэдэг санал давамгай байна.

-Өөрөөр хэлбэл, сая УИХ-ын хоёрдох хэлэлцүүлгээр дэмжигдсэн нь зөв гэсэн үг үү?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэж нэг томьёолол, нөгөө нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл гэж томьёолол байна. Алийг нь ч хэрэглэлээ гэсэн хэн нэгэнд асуулт гарч л ирнэ. Хуульд функциональ зарчим гэж байдаг юм. Аливаа зохицуулалт чиг үүргийг илэрхийлж байх тухай зарчим. Энэ хоёр томьёоллын алийг нь ч хэрэглэсэн зохицуулж буй чиг үүрэг нь нэг, үр дүн болон үр дагавар нь ижил. Шал өөр хоёр зүйл зохицуулаад байгаа юм биш. Ашиглаад аваад явья гэвэл аль ч томьёолол нь зөв, хэрэлдээд явья гэвэл нэг хэрүүлийн л алим байхгүй юу.

Дутуу ойлгосон хүнд асуулт гарч таарна, өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд асуудлаа тавьж байгаа л нэг хэлбэр юм, энэ Ерөнхийлөгчийн хориг.

Зүйрлэж яривал, хотын хүүхэд хөдөө очоод энэ цагаан саарал морийг яагаад бор морь гээд байгаа юм бэ гэж асуудаг биз дээ. Цагаан саарал гэнэ үү, бор морь гэнэ үү цаана нь нэг л морь давхиж яваа. Харин энийг бор морь гэж нэрлэх ёстой гэдэг бол олонхийн туршлага, нэрийн хэрэглээний асуудал юм. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэлээ гээд буруудаад, эсхүл зөвтгөөд их онол ярих шаардлагагүй.

-Ерөнхийлөгчийн хориг улс төрийн акц гэж ойлгогдлоо. Хориг тавьсны цаана ямар зорилго агуулагдаж байгаа гэж та харж байна вэ?

-Сэтгэлийн хөөрлөөр юм яривал зөндөө л юм ярьмаар байна. Бусад хүмүүс хангалттай л ярилаа шүү дээ. Өөрөө зөвшилцөх ажлын хэсгээ удирдах явцдаа энэ мэт зүйлээ ярьж ойлголцоогүй хэрнээ, одоо огло үсрээд өөр юм яриад байгаа нь нөгөө ноён нуруу, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэгтэйгээ хэр нийцэж байна вэ гэдгийг ард түмэн ялгах байлгүй. Муу нэртэй ч энэ бидний УИХ, бидний Ерөнхийлөгч, бор морио яаж нэрлэх вэ гэдэг түвшинээсээ салах хэрэгтэй. Цаг хугацаагаа иймэрхүү зүйлд зарах хэрэггүй. Аягүй бол Цэц цагаан морь гэх нь зөв гэх ч юм уу, шийдвэр гаргана гээд бас баахан хэрүүл болох вий дээ. Заримдаа ч хэд хэд том алхаад явчих юман дээр, “аймар том хууль мэддэг” нөхөд гарч ирээд алхах биш, шавхайндаа хутгалдаж зодолдоод байгаа юм шиг залхуутай байх юм.

-Магадгүй Үндсэн хууль гацаанд орох вий гэсэн болгоомжлол байна. Цаашид улс төрийн өрнөл хэрхэх бол?

-Ерөнхийлөгчийн засаглал гэж их ярих боллоо. Манайд Ерөнхийлөгчийн засаглалыг тухайн үед нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүний нэр хүндтэй холбож дэмжих эсэхийг харж болдог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн эрх зүйн судлал, судлаачдын үзэл тогтворгүй хоёроос дөрвөн жилээр өөрчлөгддөг. Одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулгад хувь хүнийх нь хувьд буцах зам байхгүй юм шиг байна. Хамгийн түрүүнд шоронд орох гэж байсан хүн одоо өөрийн засаглалаа алдах, суудлаасаа буухад нь нөгөө Ц.Нямдорж сайдын Жастын Ш.Батхүүд туслаад байна гээд байгаа хөөн хэлэлцэх хугацаа л тусладаггүй юм бол суудлаасаа буугаад шалгагдах эрсдэл ихтэй. Гэм буруутайг нь зөвхөн шүүх тогтооно. Ц.Элбэгдорийн бий болгосон хонгил дээр сандайлж суучихаад тавихгүй, тэр тогтолцоог эвдэхгүй гээд зууралдаад байгаа юм шиг л харагдаж байна. Би 13 шүүгчийн асуудлыг Ц.Элбэгдоржийн үед чадлаараа хөөцөлдсөн, даанч бараагүй. Шүүх засаглалын ийм тогтолцоог Үндсэн хуулиар засах боломжийг үгүй хийж байна гэж хардаж байна. Энэ Ерөнхийлөгчийн хамгийн их ярьсан зүйл бол шударга бус шүүх шүү дээ. Ахлах зөвлөх нь хонгил гээд байсан. Гэтэл тэр хонгилоо бий болгосон ердийн хуулиудаа нэгийг нь ч засаагүй. Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэдэг байгууллагын даргын бүрэн эрхийн хугацаа дуусчихаад, дараагийн хүн нь тодорчихоод байхад нөгөө хуучин муу нэртэй даргаа байлгаад л байгаа.

Ц.Нямдорж сайд жинхнээсээ дуугарах болов уу гэж найдтал Х.Баттулга Ерөнхийлөгчийг шүүмжлэхээ байж, энэ асуудал дээр дуу нь гарахаа байлаа. Нөгөө хурц, дайчин гэгддэг гишүүд нь олны анхааралт хэрэг яриад л явахаас биш Шүүхийн захиргааны тухай хуулийг өөрчлөх асуудлаар хууль санаачлаад яваад байгаа юм алга.

Монголын хөгжил Үндсэн хууль муухай, түүний нэмэлт өөрчлөлт бүр муухай гэж дороо дэвхцэхээс илүүтэй Үндсэн хуулийн зарчмаа зөрчиж байгаа ердийн хуулиа засах, тэр дундаа Шүүхийн захиргааны хуулиа, шүүгч нараа томилдог тогтолцоогоо засах, засаад түргэн хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг олон жил хуульчид ярилаа. Маш том зузаан судалгаанууд хийгээд, төслийг бичээд гишүүдэд, Хууль зүйн яаманд өглөө. Гэтэл улстөрчид нь дороо л хий дэвхцээд байх юм. Хууль тогтоогч юу хийх ёстой вэ, түүнийгээ л хий л дээ  гэж энэ хэдэн попуудад хэлье. Газар тариалангийнхан намрын ургацаа авах гээд, малчид өвөлдөө бэлдээд, эмч нар эмчилгээгээ хийгээд, багш хичээлээ заагаад дор бүрнээ өөр өөрсдийнхөө хийх зүйлийг чармайж хийж байна. Харин хууль тогтоогчид нь өөрсдийнхөө үндсэн ажлыг хийхгүй, энд тэндгүй далдагнаад, зарим нь тэднийгээ дагаж далдагнуулаад байхаар чинь энэ улс яаж хөгжих юм бэ. Ер нь завхарч байна даа.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй тохиолдолд ямар эрсдэл гарах вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт муухай шүү гэдэг Пиарын нэг хэсэг болов уу. Санаархал нь мэдээж ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь нэгэнт ил болчихлоо. Ерөнхийлөгчийн засаглал Монголд хэрэггүй.

"УИХ-АА ТАРААНА ГЭЭД БАЙГАА ГИШҮҮДИЙН САНАА БОЛ ХАЖУУД СУУЖ БАЙГАА ХҮҮХЭД МААНЬ СОЛИГДЧИХВОЛ БИ ОНЦ СУРНА ГЭЖ БАЙГААТАЙ АДИЛ"

-Сүүлийн үед УИХ-ыг тараах асуудал хүчтэй яригдаж байна. Эрх баригч нам Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгуулийг хийх талаар дотроо ярилцаж байх шиг байна. УИХ тарах нь зөв үү?

-Хүмүүс ажиллахгүй гээд байхад нь ажилла гээд байх нь утгагүй биз дээ. Явья гээд байгаа бол явна л биз. Хөөж байснаа гэнэт баахан хайр зарлаад, одоо байж бай гээд байгаа нь ямар ч утгагүй. Зарим нь бүр Үндсэн хуулиар эд нарыг тарахыг хориглосон гээд аргаа ядаад байна лээ, тийм бодлын гажгаа засах хэрэгтэй. Явмаар байхад нь Үндсэн хуулиар явуулахгүй гэсэн үг байхгүй. Аливаа хуулийн онолоос гадна хууль чинь өөрөө хамгийн түрүүнд ердийн амьдралын логик гэдэг юмнаас эхлэлтэй. Үүнийгээ мартаад хэтэрхий их хэлбэрдээд байгаа санагддаг.

-УИХ-ыг тарааснаар ямар эрсдэлүүд үүсэх вэ?

-Хууль зүйн хувьд нарийвчилсан айхтар хязгаарлалт байхгүй байна, тарахгүй байх тухай. Тараасны дараа ажиллахгүй гээд байсан нөхдийг дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай ч ямар нэг зохицуулалт байхгүй. Нөгөө талаас утаа, махны үнэ, ЖДҮ-чин гишүүдээ хамгаалаад байгаа, бас Ерөнхийлөгчөөс ирэх цохилтууд гэх мэт олон асуудлын нөлөөллөөр одоогийн Засгийн газрын нэр хүнд ирэх хавар иргэдийн дунд унах эрсдэлтэй, бараг унаж таарна. Энэ эрсдлийг тооцоод ЖДҮ-чдийн мөчир дээр тогтож байгаа Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон түүний Пи-Ар баг, магадгүй Ерөнхийлөгчийн зүгээс энэ санааг дэмжиж болно. Гэхдээ У. Хүрэлсүх сайд одоо вакумжиж байна, яаж улсаа хөгжүүлэх вэ, миний хувийн нэр хүнд хамаа алга, улсаа хөгжүүлье гэхээсээ илүүтэй яаж дүүжигнэх вэ, яаж засгаа нураачихгүй байх уу, яаж намаа ялуулах уу гэдэг вакумдаа орчихлоо. Уг нь ЖДҮ-чдээ мөргөж унагаад,  махны үнийг барих  шаардлагагүй гэдгээ зарлаад, утаагаа энэ жил шууд дарчих боломжгүй гэдэг үнэнүүдтэйгээ нүүр тулаад, ард түмнийхээ дэмжлэгийг аваад явах ёстой юм. Засгийн газар нь унавал унана л биз, унахдаа Монголдоо сайн өв, соёл үлдээж унаж байвал дахиад л босоод ирнэ. Гэтэл тэгэхгүй эсрэгээр нь хийх гээд байна. Энэ бол төрийн дээр намын эрх ашиг цухалзаж байгаагийн нэг тод илрэл.

-УИХ-ын тараах бичигт гарын үсгээ зурсан гишүүд ээлжит бус сонгуульд дахин нэр дэвших ёс зүй бий юу?

-Хажууд сууж байгаа хүүхэд маань солигдчихвол би онц сурна гэж байгаа хэрэг шүү дээ. Хажуудах нь зарим нэг гишүүний хувьд хэтэрхий дүрсгүй, үймүүлээд байдаг байж болох юм. Тэгээд нөгөө үймүүлээд байгаа хэддээ шаардлага тавьж чаддаггүй, аймхай. Хувийнхаа ажлыг бол доогуураа найгүй сайн хийнэ, улсынх болохоор нам гүм болчихдог. Тийм хүнээр өөрийгөө  дахин төлөөлүүлнэ үү, үгүй юу гэдэг нь сонгогчийн мэдэх асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж