Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг Канадад баривчилснаас хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл энэ хугацаанд Канадын хилийн офицерууд түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийн тулд “эрүүгийн мөрдөн шалгах хэрэг” үүсгэхээр хичээж байгааг өмгөөлөгчид нь мэдэгджээ. Мэн Ванжоу өнгөрсөн долоо хоногт шүүх хуралд оролцсон бөгөөд хоёр бие хамгаалагчийн хамт иржээ. Тэрбээр сэтгүүлчдийг хүрэлцэн ирсэнд талархаад тайлбар хэлэхээс татгалзжээ. Шүүх хурлын үеэр өмгөөлөгчид Мэн Ванжоугийн хэрэг нь хэрэгтэн шилжүүлэх хуулийн заалтад нийцэхгүй байгааг маргажээ. Өмгөөлөгчдийн мэдээлснээр Ванкувер дахь Их Британи Колумбын Дээд шүүхийн сонсгол болохоос 10-аад хоногийн өмнөөс Хууль зүйн яамнаас Мэн Ванжоугийн Ванкуверийн нисэх буудлаас баривчлагдсантай холбоотой бичиг баримтуудыг нэг бүрчлэн нягтлах болжээ.
Мэн Ванжоу нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд Хонгконгоос Мексик руу явах замдаа Ванкувер хотын нисэх буудлаас баривчлагдсан юм.
Өмгөөлөгч Ричард Пекийн мэдэгдсэнээр Канадын хилийн офицерууд АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой харилцаа тогтоож Мэн Ванжоуг буруутгах нотлох баримтуудыг цуглуулж эхэлсэн гэнэ. Эдгээр нотлох баримтууд нь ердийн цагаачлалын албаны шалгалт биш гэдгийг тэрбээр онцолсон байна. АНУ-ын албаныхан цагаачлалын албаны шалгалтыг нотлох баримтыг өөрт ашигтайгаар ашиглахдаа гаргуун гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын хуулийнхан Мэн Ванжоугийн электрон хэрэгслүүдийг гартаа оруулахыг хичээж байгаа аж. Түүнчлэн Мэн Ванжоуг баривчлагдахын өмнөх өдөр АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Канадын талд е-мэйл илгээсэн гэдгийг Ричард Пек мэдэгджээ.
Мэн Ванжоу нь батлан даалтад суллагдсан боловч хэсэгчилсэн гэрийн хорионд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр хөлдөө электрон төхөөрөмж зүүн зөвшөөрөгдсөн бүсээс гадагш гарвал баривчлагдах нөхцөлтэйгөөр суллагджээ. Тэрбээр 10 сая канад.долларын барьцаа төлж суллагдсан ба Ванкувер дахь АНУ-ын ерөнхий консулаас холгүй орших дүүрэгт 13 сая канад.долларын өртөгтэй сууцанд байрлаж буй. Энэ нь түүний Ванкувер дахь хоёр орон сууцны нэг нь аж. Тэрбээр энэ сууцыг нөхөр Карлос Луй Шяозунгийн хамтран эзэмшдэг аж.
Мэн Ванжоуг дэлхийн хамгийн том “HSBC” банкны сүлжээгээр дамжуулан Вашингтоноос тавьсан хоригийг зөрчин Ирантай бизнес хийсэн хэрэгт буруутган АНУ-аас баривчлах хүсэлт гаргасан юм. Өдгөө 47 настай Мэн Ванжоу нь Хятадын “Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рен Зенфейн охин юм. Түүний баривчилгаа нь АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайныг хурцатгах хүчин зүйл болж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна. Улмаар Мэн Ванжоуг баривчилснаараа Канад улс нь Хятадтай харилцаа муудаж, тус улсын хэд хэдэн иргэнийг Бээжинд баривчилсан юм. Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлэн өгөхийг шийдэх албан ёсны шүүх хурал ирэх 2020 оны нэгдүгээр сард эхэлж, он дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Хятадын хараат бус эдийн засагч Ей Таны дүгнэснээр, АНУ-аас Мэн Ваньжуог Хятадын эсрэг худалдааны дайны хэлэлцээнд “барьцаа” болгон ашиглах зорилготой байж болзошгүй.
“HUAWEI”-Г ОНИЛСОН ШАЛТГААН
Хятадын “Huawei” брэндийн ухаалаг гар утас дэлхийн зах зээлд худалдаалагдан хэрэглэгчдээс сайн үнэлгээ авч, АНУ-ын ‘Apple’, Өмнөд Солонгосын ‘Samsung’ корпорациудтай өрсөлдөх болсон билээ. Гэвч “Huawei” брэндийн ухаалаг утас, харилцаа холбооны төхөөрөмж нь Бээжингийн тагнуулын хэрэгсэл байж болзошгүй гэх хардлага АНУ-ын бизнес эрхлэгчдийн дунд их байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Пентагоноос “Huawei” болон “ZTE” компанийн бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгдэж, тус улсын цэргийн баазуудад хэрэглэхийг хоригложээ. Улмаар Австралийн Засгийн газраас “Huawei” компанийн “5G” утасгүй интернэтийн сүлжээг нэвтрүүлэхийг тагнуулын аюулаас сэрэмжлэн хориглосон юм.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЯВЦ
АНУ-Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайн 2018 оны гуравдугаар сараас эхэлснээс хойш хоёр улс нийтдээ 12 удаагийн яриа хэлэлцээг хийж, бие биедээ харилцан татвар ногдуулсаар ирлээ. Дараагийн яриа хэлэлцээ аравдугаар сарын эхээр болох аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд нэгдүгээрт АНУ-ын гадаад худалдааг алдагдалгүй болгох, ялангуяа Хятадтай хийж буй худалдааг алдагдалгүй болгох, хоёрдугаарт Хятадын удаан хугацааны эдийн засгийн ноёрхлоос урьдчилан сэргийлэхийн тулд тус улсаас үйлдвэрүүдийг нүүлгэж, нийлүүлтийг хүчээр хязгаарлан, хүчийг нь сулруулах гэсэн хоёр үндсэн зорилготойгоор худалдааны дайныг эхлүүлсэн. 2019 оны эхний долоон сард АНУ Хятадаас 260,5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оны мөн үеэс 36,6 тэрбум ам.доллар буюу 12,3 хувиар буурсан үзүүлэлт байв. Харин Хятадтай хийсэн АНУ-ын худалдааны алдагдал 2018 оны эхний долоон сарын байдлаар 222,9 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны үзүүлэлт 200 тэрбум ам.доллар болж, 22.9 тэрбум ам.доллар буюу 10,3 хувиар буурчээ.Өдгөө олон улсын шинжээчид АНУ болон Хятад улсыг хүйтэн дайны нөхцөл байдал руу ойртож буйг анхааруулж байна. АНУ-аас Хятадын 200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд 10-25 хувийн импортын татвар ноогдуулсан бол Бээжингээс хариу 200 тэрбум ам.долларын тарифаар цохилт өгөхөөр зэхэж буй.
Холбоотой мэдээ