Пхеньян “ууртай” байна

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Пхеньян “ууртай” байна

Фото: EPA

 

Наймдугаар сарын 17-нд хийхээр  төлөвлөсөн Өмнөд Солонгос ба Америкийн цэргийн “Ulchi Freedom Guardian” нэртэй  хамтартсан хээрийн сургуульд “өрөвдөх сэтгэлгүйгээр” цохилт хийн хариу барина гэж  Пхеньян ууртайгаар мэдэгдэв.  Эх орноо энх тайвнаар нэгтгэх Хойд Солонгосын хорооны ийм мэдэгдлийг Цахилгаан мэдээний төв агентлаг нь дамжуулжээ.

 

"БНАСАУ нь дайн явуулах ямар ч арга барилын эсрэг баттай зогсож, АНУ-ын өдөөж байгаа цөмийн сөргөлдөөнд хариу барих хангалттай хүчин чадалтай” гэж мэдэгдэлд өгүүлжээ.  Тус хороо нь төлөвлөсөн хээрийн сургуулийг “БНАСАУ-д нэвтрэн орох бэлтгэл” гэж нэрлээд Өмнөд Солонгос нь Пхеньяны нарийн тусгалтай зэвсгийн тусгалын бүсэд байгаа хэмээн сануулжээ.

 

Кёнгидо  мужид явагдах хээрийн сургуульд өмнөдийн К-2 танкууд, К-21 хуягт машинууд, бөөнөөр галлах пуужингийн системүүд, “Сурён” нисдэг тэрэг,  “FA-50 Fighting Eagle” онгоцнууд оролцоно. Америкийн талаар “Bradley” явган цэргийн хуягт, Paladin гаубица буу, Apache нисдэг тэрэг, А-10 бөмбөгдөгч онгоцнууд оролцоно. Хээрийн сургуулийг гадна дотны 12 мянган хүн үзэж сонирхох ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж