Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр /2019.09.24/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд” нэгдүгээр цэцэрлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн дулааны станцаар очиж ажиллалаа. Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн Хөвсгөл аймагт хийж буй албан томилолт нь ихээхэн онцлогтой бөгөөд ирэх оны төсөв батлагдахаас өмнө бусад салбарын сайдууд, албаны хүмүүсийн хамтаар орон нутагт ажиллаж ард иргэдтэй уулзаж, нутаг оронд нь тулгамдсан асуудлыг ирэх оны төсөвт суулгаж шийднэ гэдгийг онцолж байв.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд” нэгдүгээр цэцэрлэг нь 1953 онд үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Улмаар 2018 онд өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар одоогийн байдлаар 37 багш, ажиллагсадтай есөн бүлэгт 400 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. “Аймгийн хэмжээнд улсын 45, хувийн таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ирэх 2020 он гэхэд тус аймаг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг цэгцэлж, хүүхэд бүрийг сурч, хүмүүжих боломжоор 100 хувь хангаж ажиллахаар байгаа” гэдгийг аймгийн засаг дарга Л.Ганболд хэллээ.
100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА
Харин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь аймгийн 135 мянган хүнд 1500 орчим эмч, ажиллагсад эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өнгөрсөн наймдугаар сард тус аймагт ажиллах үеэр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүссэн байна.
Тэгвэл энэ үеэр шаардлагатай байгаа арав гаруй нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй тоног, төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн юм.
Тус суманд Халдварт, сүрьеэгийн 30 ортой эмнэлэг баригдаж байгаа бөгөөд энэ ажлын явц 75 хувьтай байна. Мөн нутгийн удирдлагууд, иргэдийн хамгийн ихээр хэлж байсан хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудлыг шийдэж, 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх оны төсөвт суулгахаар болжээ.
Цаашлаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд нийт зургаан суманд жишиг эмнэлэг байгуулах төсөл хэрэгжиж байгаагийн хоёр нь Ринченлхүмбэ, Тариалан сумдад хэрэгжих юм.
ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БҮС “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС” БОЛНО
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх болсныг дуулгалаа. Тухайлбал, 1000 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны мэдээллийн төв, аялагч жуулчдад зориулсан тохижилт, мэдээллийн самбаруудыг байршуулах, Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах, Хатгал, Ханх, Жанхай, Дээд модот булан, Ардаг, Тойлог зэрэг цэгүүдэд 8.450 метр квадрат талбайд 500 автомашины найман ширхэг авто зогсоол байгуулах зэрэг бусад олон ажил хийгдэх юм.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар хэрэгжүүлэхээр болжээ.
ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛД 2.4 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ШААРДЛАГАТАЙ
Хөвсгөл аймгийн дулааны станц нь нийт 25.9 Гкал/ц ачаалал бүхий 1700 орчим хэрэглэгчдийг дулаанаар хангаж ажилладаг байна. Хөвсгөл аймгийн Дулааны станцын Техник эдий засгийн үндэслэл /ТЭЗҮ/ анх 2010 онд хийгдсэн тооцоогоор Мөрөн сумын тооцоот ачаалал 16.736 Гкал/ц ачаалалтай байжээ. 2014 онд тус дулааны станц ашиглалтад ороход тооцоот ачаалал жилд 21.74Гкал/ц гэх мэтчилэн тасралтгүй өсөн нэмэгдсээр 2018-2019 оны халаалтын жилд 25.9 Гкал/ц болжээ. 2019 оны халаалтын жилээс шинээр хэрэглэгч нэмж холбох боломжгүй болсон учраас ТЭЗҮ тооцоог хийлгэж эх үүсвэрийн өргөтгөлийг нэн даруй хийх шаардлагатай байгааг ерөнхий инженер Ш.Нямханд хэлж байв. Эх үүсвэрийн хувьд одоо байгаа гурван зуухан дээр нэмж 20Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай орон нутгийн нүүрсний онцлогт тохирсон байгаль экологид нөлөөлөх нөлөөлөл багатай технологийн зуух сонгож тавих, станцын өргөтгөл хийхэд урьдчилсан тооцоогоор 2.3-2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ