Ээлжит бус чуулган хаалтаа хийв

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган хаалтаа хийв

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.

Чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн зургаан асуудлын дөрвийг нь баталсан бол үлдсэн хоёр чухал хууль болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.

Ирэх долоо хоногоос дахин Ээлжит бус чуулган зарлах бололтой.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, "Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн, ирэх 7 хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцэхээр дахин Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байна. Мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох зургаан сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ийм хоёр шалтгаанаар Ээлжит бус чуулганы товыг дээрх хоёр асуудлыг өргөн баригдмагц зарлах болно" гэлээ.

Д.ЦЭЦ


ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭГ ҮГ

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ

2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.

Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.  

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтануудад хамаарахгүй  болохыг онцлон тэмдэглэж байна.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, өмнө нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгсөнөөрөө ач холбогдолтой хууль боллоо.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг  баримталсан болно. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй. Мөн энэхүү хуульд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар тусгасан болно.

Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн, ирэх 7 хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцэхээр дахин Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн, ирэх 7 хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцэхээр дахин Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байна.

Мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох зургаан сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ийм хоёр шалтгаанаар Ээлжит бус чуулганы товыг дээрх хоёр асуудлыг өргөн баригдмагц зарлах болно.

УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.


ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТОВЛОСОН АСУУДАЛ:

  • Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль;

  • Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;

  • Өршөөлийн тухай хууль;

  • Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хууль;


ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ҮЛДСЭН НЬ:

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж