Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл Зуны олимпийн 32 дахь наадам 2020 онд болно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Япон Улсын ЗГХЭГ-ын Олимп хариуцсан сайд, хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадмын талаар ярилцаж, хоёр орны мэргэжлийн дугуйн спортын тамирчдыг хамтран бэлтгэл хангах тухайд санал солилцсон юм.
Цаашид хоёр орны тамирчид өвөлдөө японд, зуны улиралд монголд бэлтгэл хангах нь харилцан туршлага судалж, илүү амжилт гаргах ирээдүйтэйг хатагтай Хашимото Сейко дурдаад, дугуйн спортыг хөгжүүлэх нь бүхий л хамтын ажиллагааны эхлэл гэдгийг тодотгосон. Өнөөдрийн байдлаар Япон Улсад дугуйн спортын мэргэжлийн 180 тамирчин байдаг бөгөөд олимпод 96 тамирчин оролцохоор бэлтгэл хангаж буй аж. Энэ хүрээнд мөн монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хөндөж ярилцсан байна.
Ш.ЧИМЭГ