Монголын сүмо бөхийн холбооны тавдугаар бага хурал өнөөдөр болж байна. Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ хурлаар Сүмо бөхийн холбооны дүрмийн шинэчлэл, бүтэц зохион байгуулалт, удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч сонгох, ДАШТ-2016 тэмцээн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Энэ удаагийн хурал нь хэд хэдэн онцлогтой болж байгаа аж. Тухайлбал, холбооны дүрмийг сүүлийн 20 гаруй жил шинэчлээгүй юм. Тиймээс энэ удаад дүрэмд шинэчлэлт, өөрчлөлт оруулна. Дээрээс нь сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн онцлог хурал болж байгааг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр онцоллоо.
- Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд Монголын аварга, арслангууд ид хавыг үзүүлэн барилдаж байгаа бол сонирхогчдын сүмод ч мөн олон залуус өндөр амжилт үзүүлж байгааг тэрбээр онцлов. Ялангуяа манай эмэгтэй тамирчид сүмогийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдэх болсон байна. Энэ мэт амжилт, үйл ажиллагааг харгалзан Олон улсын сүмо бөхийн холбооноос Монголын сүмо бөхийн холбоог үр дүнтэй ажилладаг хэмээн дүгнэжээ. Тиймээс ч өсвөр насныханд цол олгох эрхийг зөвхөн Монгол Улсад олгохоор болсон байна.
- Сүмо бөхийн холбооны тавдугаар бага хурлаар олон асуудал тодорхой болно гэдгийг холбооны гишүүд хэлэв. Наад зах нь сүүлийн 20 жил шинэчлээгүй, хоцрогдсон дүрмийг өөрчилж, өнөөгийн нөхцөлд тохируулна. Цаашид хийх ажил, холбооны бүтэц зохион байгуулалтаа тодорхойлж, үр дүнд хүрсэн хурал болно гэдгийг оролцогчид онцолж байлаа.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Э.ЭНХБАТ