Нам, улс төр хамаарахгүйгээр залуусын санаачилга, нэгдэл дор парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.09.24/ зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсны ач холбогдол, иргэдэд УИХ-ын эрх мэдлийг шилжүүлж байгаа тухай болон энэ чухал үйл явдлыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган зохион байгуулах нь олон эрсдэлийг дагуулж буй учир шалтгааныг талууд тайлбарлав. Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хуульзүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, Хуульч Ж.Эрхэмбаатар, эдийн засагч Г.Ганбат, хуульч өмгөөлөгч Н.Баасанжав нар өөр өөрсдийн судалгаа, ажиглалт дээр тулгуурлан илтгэл тавив.
"ПАРЛАМЕНТЫГ ЗАСАГЛАЛ ЗАЛУУЧУУД БИДНИЙ ХУВЬД МАШ АЗ ЗАВШААНТАЙ ХЭРЭГ"
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан:
-Иргэдийн дунд төслийн талаар эргэлзээ үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас ажлын дэд хэсгийн гишүүний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл өгье. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн бүх заалтууд батлагдаагүй ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гол амин сүнс нь болсон шүүх засаглалыг хараат бус, шударга болгох, УИХ-ын хууль тогтоох ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, Засгийн газрыг тогтвортой байлгах олон зүйл заалтууд хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн.
1992 оны Үндсэн хуулийн гол амин сүнс нь парламентын тогтолцоо. Энэ тогтолцоог сонгож авсан Үндсэн хууль тогтоогчид маш ухаалаг сонголт хийсэн. Монголын хувь заяатай холбоотой шийдвэрийг дангаараа гаргах хэтэрхий эрсдэлтэй. Геополитикийн хувьд ч тэр Орос, Хятад гэх хоёр том гүрний дунд байгаа учраас нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэх бус олон түмнээс сонгогдсон парламентын засаглалаа бэхжүүлэх нь хараат бус байдлаа хамгаалахад чухал үүрэгтэй хэмээн үзэж сонгосон байдаг.Энэ засаглалаа цааш тордож авч явах шаардлагатай. Иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах олон асуудалд бид ардчилал төлөвшсөн улсуудтай харьцуулахад чамлахаар байж магадгүй. Гэхдээ адилхан гараанаас эхэлсэн 1990 оноос хойш чөлөөт ардчилсан нийгэм рүү алхаж орсон улсуудтай харьцуулахад бид адаг сүүлд нь ороогүй. Харин ч эсрэгээрээ дээгүүр яваа. Иргэдийн дунд бухимдал байгаа нь үнэн. Ажилгүйдэл, ядуурал, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, боловсролын хүртээмжгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөөгүй байгаа зэрэгт иргэд сэтгэл дундуур байгаа. Төр хааччихив, яагаад ажлаа хийхгүй байна вэ гэдгийг иргэд хэлж байна. Гэхдээ үүнийг нь зарим хүн мушгин гуйвуулж, буруу тайлбарлаж байгаад бидний олон залуус харамс байна. Өөрөөр хэлбэл төрийг илүү сайн ажиллаач гэж шаардах иргэдийн хүслийг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих, энэ зүйл рүү түлхэх санаархал, төлөвлөгөө байгаа нь ил тод болсон. Иргэд төрөө бэхжүүлээч ээ гэж шаардаж байгаа болохоос биш засаглалын хэлбэрээ өөрчил гэж шаардаагүй юм шүү дээ. 1992 оны Үндсэн хууль бол манай улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн үндэс суурь болж чадна гэж үзэж байна.
Судалгааны дүнгүүдээс танилцуулахад, Хууль дээдлэх ёс өндөр хөгжсөн эхний 30 орон парламентын тогтолцоотой, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, авлигаас ангид эхний 30 улсын дийлэнх нь парламентын тогтолцоотой, өндөр хөгжилд хүрсэн эхний 30 орны дийлэнх нь мөн л парламентын тогтолцоотой байна. Үүгээр би Ерөнхийлөгчийн тогтолцоог муу гэсэнгүй. Бид сонгож авсан замаараа илүү тууштай явж үр дүнг нь үзэх юм бол ардчилсан, тусгаар тогтносон байх төдийгүй эдийн засгийн хувьд хөгжих боломжтой юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт таван үе шат дамжиж бий болсон төсөл. 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн заалтуудыг засч мөн 2011,2012, 2015 онуудад өргөн барьсан төслүүдээс судалсан. Мөн Зөвлөлдөх санал асуулгын дор иргэдийн санал бодлыг гурван жил сонссон. 20 гаруй мэргэжлийн байгууллагуудын шүүлтүүр, олон нийтийн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын санал, Ерөнхийлөгчийн өгсөн санал, АН-ын санал гэх мэт маш олон санал шүүмжлэл, шүүлтүүрээр орсны эцэст Үндсэн хуулийн төслийн өнгөрсөн зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Төслийн гол гол заалтуудаас онцолбол,
- Засгийн газрын дундаж нас 1.8 жилийн хугацаатай болсон гажуудлыг арилгаж байгаа.
- Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал сүүлийн 28 жилийн турш огт хэрэгжээгүй. Үүнийг бий болгосон
- Ерөнхий сайд бие даан сайдаа парламентад оруулж ирдэг болгосон. Харин өөрөө огцруулдаг томилдог эрхийг нь олгохгүй байя гэж үзсэн.
- Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхтэй хамт хянах тогтолцоог маш сайн тавьж өгсөн.
- Төрийн аудитыг хараат бус болгож өгсөн.
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийг маш тогтвортой байхаар зааж өгсөн.
- УИХ-ын чуулган нэг улиралд 50-аас доошгүй өдөр хуралддаг байсныг 75 болгон өөрчилсөн.
- Сонгуулийн хуулийг өөрчилдөг байсан явдлыг халж, ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглож өгсөн.
- Шүүх нэг хүнээс хэт хараат байсныг өөрчилж, хараат бусаар ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эдийн засгийн хувьд бие дааж ажиллах эрх зүйн үндсийг тавьж өгсөн.
- ИТХ-ын Тэргүүлэгч гэдгийг огт байхгүй болгож байна. Мөн нэгжийг өөрчлөх, хотын статусыг илүү тодорхой болгож байгаа. Байгалийн баялагтай холбоотой тодорхой заалтууд тусгагдсан.
Хэрвээ бид Үндсэн хуульд энэ өөрчлөлтөө оруулж чадахгүй бол ардчилалд итгэх иргэдийн итгэл алдагдана. Энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол одоогийн Үндсэн хуультайгаа үлдэх юм байна гэж бодож байсан бол Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөчхөөд Үндсэн хуульдаа баяртай гэж хэлсэн, Үндсэн хуулийн хамгийн гол зүйл болох парламентын засаглалыг устгах гэж байгаа Ерөнхийлөгчийн санаархал биелэх вий гэсэн болгоомжлол байна.
"ЭНЭ ПАРЛАМЕНТ ЭХЛҮҮЛСЭН АЖЛУУДАА ДУУСГАХ ЁСТОЙ"
Хуульч Ж.Эрхэмбаатар:
-Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтад нь явуулах нь учир дутагдалтай. Улс төрийн сонгуулийн үед өрнөдөг хар Пи-Ар нь эргээд Үндсэн хуульд туссан зарим заалтыг бүдгэрүүлэх талтай. Төсөлд орсон зарим заалтуудтай санал нийлэхгүйгээс гадна иргэдийн дунд мэдээлэл хангалтгүй байна. нийт иргэдийн 80 орчим хувь нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх ямар ч мэдээлэлгүй байгаа нь судалгаагаар гарсан. Төсөл хэлэлцүүлгийн явцад нэлээдгүй өөрчлөгдсөн учраас мэдээлэл бага байх нь аргагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэдээс асуухдаа нийт төслийг бүхэлд нь дэмжинэ, дэмжихгүй гэдэг хоёрхон сонголтоос саналыг нь авна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ард иргэдийн гарт одоогоор ирээгүй байна. Таниулга мэдээлэл нь ч хийгдээгүй. Ийм ойлгомжгүй нөхцөлд Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийг яагаад дэмжих ёстой вэ гэдгийг яръя. Анх өргөн барьсан 62 гишүүний өргөн барьсан төсөл нь шүүх эрх мэдлийг хараат бус болгох, засаглалын тогтвортой байдлыг бий болгох, иргэдэд баялгийг тэгш хуваарилах гэх мэт зүйлүүд нь маш сайн байсан. Гэвч энэ төсөл эхний хэлэлцүүлгийг давах явцад маш их өөрчлөгдөж, маш чухал зүйл заалтууд нь дэмжигдэхгүй унасан.
Хоёрдугаар хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч ахалж явуулсан. Тэрхүү хэлэлцүүлгээр мөн л маш чухал заалтууд хасагдсан ч гэлээ өнөөгийн Үндсэн хуулиас хавь илүү буюу Засгийн газрыг бэхжүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэхэд нэлээдгүй сайжирсан өөрчлөлтүүд орсон. Хэрвээ бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоогийн төслөө одоо л баталж чадахгүй бол нэг алхам ухарна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа 30 гаруй органик хуулиудад өөрчлөлт орно. Хэрэв УИХ хугацаанаасаа өмнө тарчихвал дараагийн УИХ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бусад органик хуулиудад бодитой заалтуудыг тусгахгүй бөөн маргаан үүснэ. Хуулийг бодит болгох үндсэн ажлаасаа энэ парламент татгалзаж болохгүй. Хамгийн аюултай заалт болох ард түмэн стратегийн ордны дийлэнх өгөөжийг хүртэнэ гэсэн заалт орсон. Гэтэл өгөөж гэдгийг зарим нам одоо хүртэл хувьцаа гэж тайлбарладаг. Өгөөж гэдгийг хувьцаа гэдэг утгаас нь салгаж органик хуульдаа тодорхой зохицуулах ёстой. Гэтэл дараагийн УИХ нь өгөөж гэдгийг хувьцаа гээд органик хуулиуддаа оруулчихвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн гарахгүй гэсэн үг. Иймээс энэ парламент эхлүүлсэн ажлаа дуусга гэдгийг шаардмаар байна.
"АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ЯВЦУУ УЛС ТӨРДӨӨ АШИГЛАХ ГЭСЭН САНААРХАЛ БАЙНА"
Эдийн засагч Г.Ганбат:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл, заалт надад таалагдахгүй байгаа. Гэхдээ бүх иргэдийн таалалд нийцүүлнэ гэвэл хоёр сая санал гарах учраас нийтийн эрх ашгаа хамгаалж, бататгах өөрчлөлтүүдээ дэмжин батлах ёстой. Ард иргэд өөрт байгаа эрхээ дөрвөн жилийн турш УИХ-д өгдөг. Харин нэг удаа олдсон түүхэн боломжоо ашиглаж тэр эрхээ өөртөө авъя. 1945 оноос хойш ард нийтийн санал асуулга хоёр дахь удаагаа л явагдах гэж байна. 1945 онд бичиг үсэггүй хүмүүс хурууны хээгээрээ саналаа өгч байсан талаар эмээгээсээ би сонсч байсан. Өнөөдөр бид Ерөнхийлөгчийн хоригоос хамаараад эсвэл ээлжит бус сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгыг явуулах нь утгагүй. Төрт ёсныхоо Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналаа өгөх эрхээ эдлэх ёстой. Дэмжих үгүй эсэхээ иргэд бид өөрсдөө шийдмээр байна. Х.Баттулга гэдэг хүнээр хориг тавиулж шийдүүлмээргүй байна. Ард нийтийн санал асуулгыг явцуу улс төрдөө ашиглах гэсэн санаархалд маш харамсаж байна.
Ерөнхийлөгч бидний саналаар сонгогдчихоод одоо бидний санал өгөх эрхтэй яагаад булаацалдаад байгаа юм бэ. Мөн удахгүй ээлжит сонгууль болох гэж байхад Ард нийтийн санал асуулгатай хамт сонгуулийг хийнэ гэж шахаж байгаа нь цаашид буруу үр дагаварт хүргэнэ. Сүүлийн үед манай удирдагчид ШХАБ-д учиргүй хайртай болчихсон. Бүгдэд нь нэг юм амласан болоод л зүтгээд байх шиг байна.
Би Азийн 30 гаруй орноор явж аялж байсан. Бид энэ бүс нутагтаа ардчилал, эрх чөлөөний баян бүрдийг өөртөө тогтоож чадсан байгаа нь харагддаг. Бидэнтэй Япон, БНСУ л ардчиллаараа ойртох байх. Тиймээс энэ бүхнээ хамгаалж ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа баталъя. Ард нийтийн санал асуулгыг хоригт оруулж наймааны хэрэгсэл болгохыг эсэргүүцгээе.
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ УИХ ХҮЛЭЭЖ АВАХ ХЭРЭГГҮЙ"
Хуульч, өмгөөлөгч Н.Баасанжав:
-Одоогийн УИХ түүхэнд бичигдэх байх. Нэр бүхий 62 гишүүн зоригтой санал гаргаад түүнийгээ энэ хүртэл явуулж чадлаа. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг боломжийг олгоогүй ч гэлээ бодитой ахиц дэвшлийг оруулж чадсан. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа дэмжихийг зөвшөөрч байна гэдэг шийдвэрээ иргэд гаргах түүхэн мөчийн зааг дээр Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ битгий хүлээж аваасай. Үндэсний эв нэгдлийг сахиулах үүрэгтэй хүн маань тогтвортой байж чадахгүй байна. Ийм улстөржилтийг ухамсартай иргэд бид бүхэн дэмжих ёсгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ гэсэн асуултад профессор, доктор О.Мөнхсайхан хариулахдаа “Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатгаж явуулах нь зохисгүй. Хэрэв УИХ-ын сонгуультай хамтад нь санал асуулгыг явуулбал, агуулгын гэхээсээ илүү одоогийн олонхын хийсэн өөрчлөлт гэдэг хандлагаар улс төрийн намууд үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүмжилж , улс төржилт явагдана. Гурван парламент дамжиж арай гэж гацаанаас гарсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадахгүй бол гарах үр дүн нь аль нэг нам, улс төрч гэхээсээ илүүтэй Монголчуудад бүгдэд нь хохиролтой. Хоёрдугаарт, УИХ тарах ямар ч эрхзүй үндэслэл алга. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үед тарах зохицуулалттай. Гэтэл өнөөдөр ийм байдал үүсээгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж ард түмнээс 65 суудал авсан олонх ажлаа гүйцээж хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа дагаж гарах бусад хуулиудаа маш сайн хийх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээж үр дүнг нь гаргахын тулд дагаж гарах 30 гаруй хуулиа маш сайн боловсруулж баталснаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн хамаарна” гэлээ.
Холбоотой мэдээ