Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.24/ Батлан Хамгаалах яам болон Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулга, мэдээллээр үргэлжилж байна.
Уг нээлттэй өдөрлөгт Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын Их сургууль, Монгол цэргийн музей, Цэргийн төв эмнэлэг, Мал эмнэлгийн Ерөнхий газар, Хөдөө аж, ахуйн бирж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан зэрэг яамдын харьяа байгууллагууд оролцож байна. Тухайлбал: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан өдөрлөгийн хүрээнд иргэдэд Хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийг зээлээр олгож буй аж. Үүний тулд иргэд Сүхбаатарын талбайд очиж, тус сангийн асраар зочлон, холбогдох мэргэжилтэнтэй уулзах юм байна. Энэ талаар бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Өдөрлөгийн хүрээнд танай сан ямар үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа вэ?
-Өнөөдөр бид манай зээлийн сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэн аж, ахуй нэгжийн тухай мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бид дэлгэн тавилаа. Мөн гарын авлагаар хангаж, төсөл хэрхэн бичих талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулаад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл шаардлагатай тоног, төхөөрөмжийг бид худалдаж аваад, буцаагаад бизнес эрхлэгчиддээ хөнгөлэлттэй нөхцөлөөр зээл олгох болон түрээслэх хэлбэрээр ашиглуулах юм.
-Тухайлбал ямар салбарын төхөөрөмжүүд байгаа вэ, иргэд яаж хамрагдах вэ?
-Ихэвчлэн сүүний чиглэлийн төхөөрөмжүүд байна. Жишээлбэл, саалтуур, цөцгий цохигч машин, сүүгээ хадгалах ариун цэврийн шаардлага хангасан сав гэх мэт юм. Иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд ирж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асраар зочилсноор холбогдох мэргэжилтнээс мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгийн үеэр бид мөн иргэдээс санал, асуулга авч байна. Цаашдаа ямар салбарын бизнес сонирхож байна. Энэ нь хүнс, хөнгөн, арьс ширний чиглэлд ямар тоног, төхөөрөмж шаардлагатай байгааг мэдэх зорилготой юм. Ингэснээр зөвхөн зээл бус тоног, төхөөрөмж хэлбэрээр өгөх нь илүү үр дүнтэй гэж харж байна.
-Жижиг, дунд үйлдвэрийн сан энэ онд ямар төсөвтэй зээлийг хэчнээн иргэн, аж ахуй нэгжид олгов?
-2019 оны хувьд батлагдсан төсвөөс нийтдээ 47 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бизнес эрхлэгчдэд олгохоор болсон. Энэ хүрээнд бид зээлээ хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн багц зарласан байгаа. Хамгийн жижиг буюу 20-100 сая төгрөгийн төсөвтэй зээлийг 48 аж, ахуй нэгжид олгоод, бүрэн санхүүжилт хийх шатандаа явж байна.
Өнөөдрийн нээлттэй өдөрлөгт Зэвсэгт хүчний жанжин штаб мөн өөрсдийн тоног, төхөөрөмжөө дэлгэн тавьж, иргэдэд үйл ажиллагааны танилцуулга хүргэж байна.
Зэвсэгт, хүчний жанжин штабын холбоо, мэдээллийн харьяа сүлжээний инженер, хошууч Г.Мөнхтүвшин
Батлан хамгаалах яамны өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчинд ашиглагдаж буй холбооны техник хэрэгслүүдийг бид иргэдэд сурталчилж, таниулж байна. Эдгээр техникийг яаж, хэрхэн ашиглах вэ, хүчин чадал нь ямар байх вэ зэрэг мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар Судан улсад Монголоос нэг батльон, Афганистанд тусдаа бие даасан хоёр рот үүрэг гүйцэтгэж байна. Бид Өмнөд Судан болон Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудтай медиум болон утсан холбоогоор ар гэртэй нь холбох үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Тухайлбал, бид сая арваад гэр бүлийг цэргийн алба хаагчидтай холболоо. Өглөө нэг ээж санамсаргүй явж байгаад бидний асарт ирж, Суданд үүрэг гүйцэтгэж байгаа хүүтэйгээ дүрсээ харж холбогдлоо. Ээж нь нүдэндээ нулимстай, сэтгэл нь нэлээн хөдөлсөн, баяртай харагдсан. Тэнд одоо хуурай улирал нь эхэлчихсэн, нэлээн халуун байгаа гэж ээждээ ярьсан гэсэн. Бидний авсан мэдээллээр Суданд энхийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.