Улс орнууд үндэстэн дамнан, өндөр зохион байгуулалт дор үйлдэгддэг хар тамхины хэрэгтэй тэмцэхдээ сүлжээг нь илрүүлж, үндсээр нь устгахын төлөө ажилладаг бол Монголын цагдаа хэрэглэгч дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, баривчилснаар хязгаарлагддаг болов.
Олон нийтэд цацаж байгаа бичлэгээр нэг л сүртэй баривчилгааг хийж харагдах ч сүлжээ илэрсэнгүй. Гэтэл хар тамхины хэрэгт холбогдогсдын тоо нэмэгдэн, залуужсаар…
Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харьяа Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсаны 11 нь хүүхэд аж. Хэдхэн жилийн өмнө энэ төрлийн хэрэгт хөрөнгө, мөнгө, нэр нөлөөтэй хүмүүс холбогддог байсан бол өнөөдөр дунд сургуулийн сурагч холбогдох болтлоо тэлсэн нь цагдаагийнхан зохион байгуулалттай гэмт хэргийн өмнө хүчин мөхөстсөнөөс сүлжээг илрүүлж чадахгүй байгаа юм биш биз гэх хардлага руу ч хөтөлж буй.
Хар тамхитай тэмцэнэ гэдэг хулгайч барихтай зүйрлэх хэрэг биш. Амь өрссөн ажил. Мафижсан, үндэстэн дамнан үйлдэгддэг хэргийг уг үндсээр нь илрүүлэхийн тулд цагдаагаас гадна тагнуул, гаалийн байгууллага ажиллах шаардлагатайн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг Монголд саатуулагдсан гадаад иргэдээс харж болно.
Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар гадаад улсын 11 иргэн энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагийн хоёр нь англи хэл заах нэрээр Монголд орж ирсэн байдаг.
Хэлний сургалтын төвүүд, хувийн өмчит ерөнхий боловсролын сургуулиуд гадаад багшийг урьж, хүүхдүүдэд англи хэл заалгаж байгаа нь буруу биш. Гагцхүү хүнийг нь сайн судлалгүй оруулж ирдэг нь гадаад улс дахь Монголын Элчин сайдын яамдын ажлын чанарыг харуулах бас нэг үзүүлэлт болов уу.
Учир нь Монгол хүн гадаадад ажиллах, сурахаар болж, виз мэдүүлэхдээ цагдаагийн байгууллагын тодорхойлолт хавсаргадаг. Элдэв муу хор зуршилгүй болохоо мэдүүлдэг ч тухайн орны Элчин сайдын яаманд давхар судалгаа хийгддэг. Хэтрүүлсэн байж болох ч зарим тохиолдолд нэг шүд өвчтэй байхад л виз олгодоггүй.
Харин Монголд хар тамхи хэрэглэдэг нь битгий хэл сүлжээний хүн нэвтрэхээр виз мэдүүлэхэд ч хориггүй, шууд нэвтрэх эрх олгож байхыг ч үгүйсгэхгүй юм.
Хэрэв Монголд ирэхээр виз мэдүүлсэн иргэдийг сайн судалдаг байсан бол өнөөдөр гадаадын 11 иргэн хар тахлын хэргээр шалгагдах байсан уу. Хамгийн ноцтой нь тэдний нэг хэсэг нь хүүхдүүдтэй ажилладаг байснаараа улам аюултай. Хүүхдийн үлгэрлэн дуурайдаг хүнийх нь нэг багш байдаг. Тэдний сонирхдог бүгдийг шавь нь шохоорхон хэрэглэх дуртай байдаг нь хар тамхи гэдэг хорт бодис руу хальтирах хамгийн их эрсдэл дагуулж байгаа.
Долоон жилийн өмнө Монголд хар тамхи айл бүрийн хаалга тогшин аюул дагуулж эхэллээ гэдгийг тэр үеийн Ерөнхийлөгч анхааруулж, хар тамхитай тэмцэх бүтэцтэй болох тухай хөндөх үед улсын хэмжээнд 10 мянга гаруй хэрэглэгч байгаа тухай мэдээлэгджээ. Нэг хэрэглэгчийн ард 3-4 хүн байдаг гэсэн олон улсын аргачлаар тооцолж үзвэл хамгийн багадаа 30 мянга орчим хэрэглэгч Монголд бий болсон байсан гэсэн үг. Харин өнөөдөр хэрэглэгчийн тоог мэдээлэхээс татгалздаг болсон хэдий ч зөвхөн энэ онд шалгагдсан иргэдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн нь эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтыг чангаруулж, хэнтэй үерхэж, нөхөрлөж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна.
Дээр нь Монгол Улс хар тамхитай тэмцэх бүтцээ төрийн бусад байгууллагуудтай хамтарч ажиллах уялдаа холбоог нь сайжруулж, мөрдөгчдийг сургаж мэргэшүүлэн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөлөөр хангахгүй бол сүлжээг илрүүлж чадахгүй байна.
Мөс зэрэг химийн аргаар гаргаж авдаг бодисууд Монголд үйлдвэрлэгддэггүй. Гэтэл хэрэглэгчид нь баригдаад байгаа нь хилээр ороод ирсний л баталгаа. Үүн дээр гаалийнхны нүд, чих дутаж байна. Дээр нь хуулиа чангаруулж, хэрэглэгчээс гадна худалдан борлуулж ашиг олдог, тээвэрлэдэг зэрэг этгээдүүдэд оноох ялын бодлогыг чангатгахгүй бол гуравхан сая хүн амтай үндэстнийг хар тахлаар мөхөөхгүй гэх баталгаа алга боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ