Өнөөдөр төрийн бус байгууллагуудын төлөөлөл Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм. “Мөнх дайчин нөхөрлөл” тэргүүтэй төрийн бус байгууллагууд Өршөөлийн тухай хуулийг иргэдэд хэрэгтэй бус, харин эсрэгээрээ эрх мэдэлтнүүдийн авлигын үйл ажиллагааг өөгшүүлсэн хэмээн дүгнэжээ. Цаашид энэ хуулийг хэрэгжүүлбэл их хэмжээний авлига авсан, улсын хөрөнгийг үрэн таран хийсээр гаршсан “цагаан захтан”-уудыг өөгшүүлсэн хэрэг болно гэв.
“Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэг тэргүүтэй ТББ-ынхан нэгдэн энэ асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлжээ. Үүнд “Улс орны язгуур эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа үндэсний, ард түмний язгуур эрх ашгийг сахин ажиллах”-ыг анхааруулсан байна.
Төрийн бус байгууллагуудын зүгээс төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн шаардлагынхаа талаар ийнхүү мэдээлсэн юм. Тэд энэ мэдэгдлээрээ төрийн өндөрлөгүүдээс Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэн яралтай авахыг шаардсан байна.
Мөн энэ үеэр Удирдлагын академийн доктор, профессор М.Мөнхболд “Одоо манай улсын эдийн засгийн нөхцөл бүгд уналттай байна. Ийм нөхцөлд Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлбэл эдийн засгийн нөхцөл улам дордоно. Гадаадын хөрөнгө оруулалт саарсан, эдийн засаг унасан энэ үед дайн дээр дажин болно” гэв.
Б.ЗАЯА