Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссоос татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссоос татгалзлаа

Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлийг Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст багтаасан боловч тэрбээр уг комисст ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд  хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр  хэлэхдээ:

-УИХ-ын баталсан  Өршөөл үзүүлэх тухай хууль олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа нь зүй ёсных юм. Эрүүгийн хуульд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан АТГ-ын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал, болон төрийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангарагаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалгаж байна гэлээ.

Ц.Энхцэнгэлийг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны наймдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд оруулсан байсан аж.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж