Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр /2019.09.24/ сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж, “Дураараа биш ээ, дүрмээрээ” урьдчилан сэргийлэх аяны талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар замын хөдөлгөөнтэй холбоотой нийт 1200000 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ зөрчлийн 72 хувь нь нийслэлд, 27 нь хөдөө орон нутагт гарчээ.
Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 585 хүн насбарж, 4000 гаруй хүн бэртэж, гэмтдэг байна. Үүнээс 1300 гаруй хүнд хэлбэрийн гэмтэл авдаг аж.
Мөн эд материалын хохирлын хэмжээ жилд 20 тэрбум төгрөг байна гэсэн тооцоо гарчээ.
Эдгээр зөрчлүүд ихэвчлэн жолооч нар дүрмээ биелүүлдэггүй, хариуцлагагүй байдлаас болж гардаг байна. Тиймээс Зам тээврийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Оюутолгой ХХК компани хамтран “Дураараа биш ээ, дүрмээрээ” аян зохион байгуулахаар болжээ. Уг аяны гол зорилго нь зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж, жолооч нарт соёлтой, хариуцлагатай хандлагыг бий болгоход нөлөөлөх юм. Аяны хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид дээр бусад анги, байгууллагаас хүч нэмж, бүх зам, уулзвар дээр камерын болон биечлэн хяналт, шалгалт явуулах аж. Үүнээс гадна иргэдэд сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийг давхар хүргэх юм байна.
Өмнө нь Цагдаагийн Ерөнхий газар мөн "Яараад яахав дээ" аяныг гурван сарын хугацаанд хэрэгжүүлж байсан. Уг аяны хүрээнд зам тээврийн ослоор насбарагсдын тоо 11 хувиар буурчээ. Тиймээс одоо хэрэгжүүлэх "Дураараа биш ээ, дүрмээрээ" аян мөн үр дүнтэй байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх хэдий ч цаашид зам тээврийн зөрчлийн мэдээллийг байнга бүртгэж, шалгаж, хянаж байх аж.
Холбоотой мэдээ