Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайнд шалгалт хийжээ. Тус газраас иргэний гомдол, мэдээлэлд үндэслэн БЗД-ийн IX хорооны нутагт байрлах Ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль дээр шалгалт явуулахад сурагчдын хоол шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан төдийгүй иргэн Н.О-гийн цайны газар нь Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрчээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Инж-Ану ХХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулан зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч, иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн аж. Сурагчдын үдийн цайны асуудлаар маргааш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийх юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ