Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн насбарсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ асуудалд Цагдаагийн Ерөнхий газраас албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.
Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Энэ бол ташаа мэдээлэл. Бид энэ асуудалд хэн нэгнийг хамгаалах гэсэнгүй, бодит байдлыг албан ёсны тайлбартай хүргэе. Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч. Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг.
Талийгаач нь 61 настай Э гэж хүн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгаан нь ажилтнуудыхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гар, хөлөө угаалгүй явж байсан юм билээ.
Талийгаач цагдаагийн ажилтнуудын өөдөөс эсэргүүцэж, тэдний хооронд маргаан үүссэн гэсэн. Цагдаагийн алба хаагч нар тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна. Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Бидэнд одоогоор ийм тайлбар, мэдүүлэг өгсөн. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Хоёр цагдаа хэрэг хийчихээд зугатаад явсан гэсэн асуудал яригдаж байгаа.
Талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед дөрвөн залуу ирж, цагдаагийн ажилтнуудын биед халдсан байна. Ахлах офицерийн толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл байна.
Үүнийг мөн цагдаагийн байгууллага холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шалгана. Цагдаагийн биед халдсан асуудал тусдаа хуулиар шийдэгдэх асуудал. Хохирогчийн биед гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Манай мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор мөрдлөг, шалгалт үргэлжилж байна" гэв
Холбоотой мэдээ