Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

SOS: Хоолой давах хор

SOS: Хоолой давах хор

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэж байсхийгээд л тийм нян илэрлээ, ийм ч бактер гарлаа, тэдэн хүүхэд хордлоо, төчнөөн хүн өвдлөө гэсэн зарын мэдээллээс  харахад монголчууд бид ам руугаа хоол халбагадаад байна уу, хор хийгээд байна уу гэж асуумаар.  Хүнсний аюулгүй байдлын асуудал Монголын хувьд аль хэдийнэ алдагдсан. Ялангуяа нийслэлийнхний хувьд уудаг уснаасаа эхлээд эрсдэл ихтэй. Төмс, гурил, махаа зуун хувь дотоодоосоо хангадаг ч хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь импортын бараа. Дотоодоосоо хангадаг мах нь  эрүүл ахуйн чанар хангадаг эсэх нь бас эргэлзээтэй.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Ингэхэд Мэргэжлийн хяналтын газрын үндсэн үүрэг юу юм бэ? Зөрчил гарсан хойно торгох уу, эсвэл зөрчил гарахаас өмнө шалгаж, хянаж, урьдчилан сэргийлэх юм уу. Одоогийн явуулж буй тэдний үйл ажиллагаа бол яалт ч гүй зөрчил гарсан хойно, торгох болчихоод байна. Яг л загасанд өгөөш өгч, отож байгаад бариад авдаг шиг. Барьж авчихаад шарж идэх үү, буцаагаад усанд хийх үү гэдэг нь магад төлөх торгуулиас шалтгаалах биз. Ийм байхад ил, далд хэлбэрийн хахууль цэцэглэхгүй гээд яах юм бэ, иргэд бид хардахаас өөр яалтай ч билээ.

ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬДАА ХОРДСООР…

Хичээлийн шинэ жил эхлээд гуравхан долоо хонож байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордсон асуудал байнга гарах боллоо.

Тухайлбал:

  • 09.06 – Нийслэлийн 84-р сургуульд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Коко Дисерт” компани “Үдийн цай хөтөлбөр”-ийн хүрээнд сурагчдад барилгын материалын саванд тараг зөөж өгдөг болох нь тогтоогдов.
  • 11 – Баянзүрх дүүргийн 13-р хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрэв. Тус сургуулийн үдийн хоолыг Фаунд Таун ресторан нийлүүлдэг. Шалгалтаар 42 дээжид шинжилгээ хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасын 76 хувьд гэдэсний бүлгийн нян, 33 хувьд бактер илэрчээ. Эдгээр нян, бактер нь дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай. Тиймээс жирэмсэн хүн болон бага насны хүүхдүүд өвчлөх өндөр эрсдэлтэй.
  • 13-15-ны өдөр – Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн ахлах “А”, бэлтгэл “Б” бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд цусан суулга оноштойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтжээ. Шалгалтаар хэрэглээний халуун усгүй, ажилчдын гар угаах цэгт ариутгагч бодис байхгүй, цэвэр усны хоолойд шүүлтүүргүй, хүнс нийлүүлж буй газрын бичиг баримт дутуу, дотоод хяналтын журам мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРУУДАД БАС ХОРДСООР

Эдгээр зөрчил бол есдүгээр сар эхлээд зөвхөн сургуулийн орчинд гарч, илэрсэн тохиолдлууд юм. Өөрөөр хэлбэл, хамгийн эрүүл, аюулгүй хүнсийг нийлүүлж, ариун цэврийн өндөр шаардлага хангах ёстой газарт хүүхдүүд хордсон жишээ.Үүнээс өмнө өнгөрсөн зуны хугацаанд нийслэлийн хэмжээнд түргэн хоолны газруудад гарсан зөрчил, хоолны хордлогыг дурдвал нэлээн урт жагсаалт гарна. Жишээлбэл, Зайсан дахь KFC-д 247, “Burger king”-д 80, ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн 21 хүн тус хоолны хордлогод орж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. KFC-ийн салбарт бүр удаа дараа зөрчил илэрч, иргэд хордсон. Тэдний хамгийн бага нь гурван настай хүүхэд байсан. Нэг гэр бүлийн таван хүнд зэрэг хордлого илэрсэн тохиолдлуудаас харахад Монголд хүнсний аюулгүй байдал SOS зарлах хэмжээнд оччихжээ гэлтэй.

БУСАД УЛС ОРОНД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ

Гадаадыг улсад түргэн хоолыг “хогийн хоол” гэж нэрлэдэг. Хурдан томруулахын тулд антибиотик тарьдаг талаар олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр бид үзсэн. Дээр нь генийн өөрчлөлттэй тул хүний гормонд нөлөөлдөг гэдгийг байнга ярьдаг. Тэгсэн хэрнээ хашрахгүй, тоохгүй идэж л суух. ОХУ газар нутагтаа үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газруудад хяналт, шалгалт хийхэд хоолнууд нь чанарын шаардлага хангаагүйгээр барахгүй тогооч нар нь хоолондоо антибиотик ашигладаг байсныг илрүүлсэн. Тиймээс Төрийн думын доод танхимд энэ асуудлыг хэлэлцэж, бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ.

Мөн БНХАУ-ын телевизийн эрэн сурвалжлах баг түргэн хоолны газруудад мах нийлүүлдэг нэгэн цехэд нууц зураг авалт хийхэд хугацаа нь дууссан мах нийлүүлдэг, бүр дахин боловсруулж, үнэр амтыг нь дараад хугацааг нь өөрчилдөг байсныг баримтжуулан илрүүлсэн байдаг. Үүний дараа Шанхай хотын захиргаа тус цехийг бүрмөсөн хаажээ.

Гэтэл  Монголд түргэн хоолны газруудад хүн ардыг хэдэн зуугаар нь хордуулаад байдаг. Тэгсэн хэрнээ тоож, гэмшсэн шинжгүй үйл ажиллагаа нь үргэлжлээд байдаг. Төр засаг, хяналтын байгууллага нь ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа юм чинь яалтай билээ. Хэд хоног хаасан нэр зүүгээд, хэл ам намжихаар ахид л ажиллаад эхэлнэ. Харин ч хамгийн сайн гэж ирээд хачин сайхан өнгө будгаар хуурч, рекламдана. Монголчуудын хэнэггүй, мартамхай зан дээр дөрөөлөн ахиад хордуулж эхэлнэ.

НИЙТИЙН ЭРҮҮЛ АХУЙН ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Саяхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шинэ ургацын жимс, хүнсний ногоонд нян судлал, цацрагийн тандалт хийж байна гэж мэдээлж байсан. Хариу нь хэзээ гарах вэ. Шинэ ургацын жимс, хүнсний ногоо хэрэглэсээр бид хоёр сар боллоо. Ялангуяа гадаа халуун наранд, тоос шороо дунд ил задгай жимс, ногоо зарсаар л байна. Эрүүл ахуй, чанарын шаардлага хэр хангадаг юм бол доо.

Барууны улс оронд Public safety буюу нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хууль дүрэм гэж байдаг. Энэ хуулиар баталгаагүй хүнс, хортой хоол зарж, түгээсэн тохиолдолд иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Гэтэл Монгол Улсад торгосон болоод өнгөрдөг. Яг хэдэн төгрөгөөр торгоод байгаа нь тодорхой бус. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээлдэг, зөвлөдөг үйлчилгээ хиймээргүй байна. Хариуцлага хүлээлгэж, бүр хаах хүртэл арга хэмжээ авмаар байгаа юм. Зөвхөн түргэн хоолны газар ч биш. Бусад эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй байгаа газруудад хатуу хариуцлага тооцмоор байна. Ингэж байж асуудал цэгцэрнэ. Үгүй бол бид хоолойгоороо хор давуулсаар, хордсоор, өвчилсөөр л байх нь.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж