"Сүрьеэгийн халдвар авсан сурагчид байнгын хяналтад байгаа"

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

"Сүрьеэгийн халдвар авсан сурагчид байнгын хяналтад байгаа"

"Сүрьеэгийн халдвар авсан сурагчид байнгын хяналтад байгаа"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль нь 1710 хүүхэдтэй. Тус сургуулийн 529 нь сүрьеэгийн халдвар тээгч, 38 хүүхэд нэг багш өвчилсөн гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард олон нийтэд дуулиан тарьж, эцэг эхчүүдийг  багагүй бухимдуулсан юм. Энэ асуудал юу болсон нь одоо ч эцэг эхчүүдийн анхаарлын төвд байгаа юм.

Есдүгээр сар дундаа орж, хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед тус сургуулийн сурагчид эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ эдэлж чадаж байгаа эсэхийг тодруулахаар 15 дугаар сургуулийг зорилоо.

 Сүрьеэгийн халдвар тээгч болсон 529, өвчилсөн 38 хүүхдийн биеийн байдал сайжирч, хичээлдээ явж буйг сургуулийн эмч Д.Ариунзул хэлж байна. Түүний хэлснээр сүрьеэгийн халдвар тээгч болон  уг өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эмээ ууж, тогтмол эмчийн хяналтад байгааг онцолсон. Тиймээс тэд бусад хүүхдүүдэд халдвар тараах үндэслэл байхгүй гэв. Учир нь, халдвар авсан хүүхдүүд нь сүрьэгийн халдваргүй тээгч байсан тул бусад хүүхдүүдэд халдах, халдвар тархах ямар эрсдэлгүй аж.

ЦААШИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ГАРАХГҮЙ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эмч Д.АРИУНЗУЛ:

-Сүрьеэгийн халдвар тээсэн гэх хүүхдүүд маань зуныхаа амралтаар эмээ байнга  ууж байсан. Тэд одоо хичээлдээ явж байна. Саяхан биохимийн шинжилгээнд хамрагдсан, биеийн байдал нь сайжирсан гэх онош гарсан. Хүүхдүүдийн хувьд халдвартай сүрьеэгийн тээгч болоогүй. Харин бид халдвар авахаас нь урьдчилан сэргийлж эм уулгаж байгаа. Хэрэв сүрьеэгийн халдвартай тохиолдлоор өвчилсөн бол манай сургууль өдийд хичээллэхгүй шүү дээ. Өнгөрсөн хавар дэгдсэн асуудлын тухайд бид сүрьеэгийн савханцар вирус идэвхжихээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдэд үзлэг, оношилгоо, шинжилгээг хийснээр ийм дуулиан тархсан.  Үнэндээ бол  нэг дор олон хүүхэд сүрьеэгийн халдвар аваагүй. Харин багш өвдсөн асуудал  ташаа мэдээлэл юм. Сүрьеэгээр өвдсөн гэх багш маань манай сургуульд багшилахаас өмнө нь сүрьеэгийн халдваргүй болсон, өвчин нь эдгэсэн байсан. Эцэг эхчүүд ч бас өнгөрсөн хавар дэгдсэн асуудлыг зөвөөр ойлгож, урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг ойлгосон.  Шинэ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулийн багш ажилчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Бүх сургууль цэцэрлэгийн багш, ажилчид ийм үзлэгт  заавал хамрагддаг. Хичээлийн шинэ жил эхлэхэд бид хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээ эл үзлэгт хамруулаад эхэлсэн. Үзлэгээр сүрьеэгийн халдвар илрээгүй, шүд цооролт, томуу төст өвчин, ханиад хүрэх, хоолой нь өвдөх тохиолдол түгээмэл байна. Мөн бид долоо хоногт хоёр удаа ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байгаа. Хүүхдүүд хүрч болох бүхий л зүйлсийг ариутгаж халдваргүйжүүлдэг. Цаашид дахин сүрьеэгийн халдварын тохиолдол гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сорил тавьсан байна. Дүн шинжилгээ нь ирэх аравдугаар сарын 1-нд онош нь тодорхой болох аж.

Эцэг эхчүүдийн зүгээс дээрх асуудлын талаар тодруулахад сүрьеэ өвчний халдвар дахин тархахгүй байх гэдэгт санал нэг байв.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ СУДАЛСНЫ ДАРАА НЬ ХҮҮХДҮҮДЭЭ  15 ДУГААР СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛСЭН

Иргэн Л.АЛТАНХУЯГ: 

 Манай хүүхэд энэ жил  15 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон. Одоо халдварт өвчний тохиолдол дахиж гарахгүй байх. Тухайн үед л шуугиан болж, эцэг эхчүүд хүүхдүүдээ өөр сургууль руу шилжүүлэх тухай ярьж байсан байх.

Иргэн Д.ЦОГЗОЛМАА: 

-Хүүхдийнхээ дархлааг сайн дэмжиж, өөрсдөө мэдээлэл сайтай байхад сүрьеэ өвчний халдвараас айх зүйлгүй. Би өөрөө эмнэлгийн байгууллагад ажилладаг. Мэргэжлийн хүний нүдээр харахад халдваргүйтлийн цэвэрлэгээ, квардсын гэрлээ тогтмол хугацаанд нь асаасан, өмнөхөөсөө илүү ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарсан юм шиг ажиглагдсан.

Иргэн О.АЗАА: 

-Хүүхдээ 15 дугаар сургуульд оруулахаас өмнө сүрьеэ өвчний халдварын талаар судалж үзсэн. Энэ өвчнийг шинжилгээ өгч оношлуулбал айх зүйл үгүй. Харин өвчнөө оношлуулаагүй бол маш аюултай юм билээ. Бид сургуулийн эмч багш нарт ч бас шаардлага тавьсан. Сургуулийн зүгээс анх удаа зориглож өнгөрсөн хавар  урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулснаар олон хүүхэд сүрьеэгээр өвдсөн мэт асуудал гарсан. Гэхдээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хүүхдүүдийг үзлэг шинжилгээнд тогтмол хамруулна гэдгийг хэлсэн. Хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй юм билээ гэлээ.

Сургуулийн зүгээс квардсын гэрлээр ариутгал хийж, мөн уусмалаар өдөр бүр цэвэрлэгээ хийдэг гэх тайлбарыг өгсөн билээ. Мөн тус сургуульд дүүргийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулиудад багш ажилчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлага тавьж, зөвлөмч өгч ажиллаж байгаа” гэх хариулт өглөө. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж