АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон гадаадын улс орнуудтай холбоотой улс төрийн шинэхэн дуулиан дахиад дэгдэж эхэллээ. Энэ дуулиан яг 2016 оны сонгуулийн үеэрх Хиллари Клинтон, Дональд Трамп, ОХУ-тай холбоотой маргааныг санагдуулж байна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байгаа юм. Гэхдээ маргааны гол дүрүүдийн хувьд нэг хүнээс бусад нь өөрчлөгдсөн. Мэдээж, дуулианы хамгийн чухал дүр нь Дональд Трамп.
Учир явдлыг тодруулбал, Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй, өмнө нь тус улсын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байдены нэр хүндийг унагаахын тулд Украины Ерөнхийлөгч рүү утсаар ярьж шахалт үзүүлэн, Байденыг тагнаж чагнахыг Дональд Трамп шаардсан гэсэн мэдээлэл АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан ажилтнаас иржээ. Уг дуулианы талаар тоймлон хүргэе.
Ардчилсан намаас нэр дэвшигч Дэд Ерөнхийлөгч асан бол Трампын гол өрсөлдөгч. Тэрбээр Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, түүнийг болон хүүг нь тагнаж чагнан нэр хүндийг сэвтүүлэх гэлээ хэмээн буруушааж байгаа ба энэ үйл хэрэгт Украин улсыг холбоотой хэмээн сэжиглэж буй. Өнгөрсөн долдугаар сард Дональд Трамп Украины шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа түүнд Байдены хүүг тагнахыг хэдэнтээ даалгасан гэж тэр мэдэгдээд утасны яриаг олон нийтэд дэлгэхийг шаардав. Хэрэв энэ асуудал үнэ болж таарвал Дональд Трампыг огцруулах хүртэл асуудал яригдана хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.
“Дональд Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүхий л шатанд хэтрүүлэн ашиглаж, миний алхсан мөр бүрийг шиншилж байна. Гэхдээ энэ хэрээс хэтэрч байна. Би хэзээ ч хүүгийнхээ хийдэг бизнест оролцож, бизнесийнх нь талаар ганц ч удаа хамт суугаад ярилаж байгаагүй” хэмээн Жо Байден бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.
Харин Трамп болон түүний дэмжигчид Жо Байден болон түүний хүү Хантер Байден нарыг эрх мэдлээрээ дулдуйдан мөрдөн байцаах ажиллагаанаас зугтахын тулд Украинд дарамт үзүүлсэн гэж үзэж байгаа аж. Жо Байден нь Обамагийн үед Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж байсан юм. Харин түүний хүү Украины байгалийн хийн компанид хувь эзэмшигч бөгөөд тухайн үед Байден хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан прокурорыг ажлаас нь халуулах шахалтыг Украины талд үзүүлж байсан гэх яриа гарч байсан юм. Жо Байден тухайн үед Украины прокурорыг халуулах хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй огт хамааралгүй гэж мэдэгдэж байв.
Магадгүй Трамп Байдены дээрх хэргийг Украинаар дахин “сэвүүлж” түүний нэр хүндийг унагаах гэснийг ч үгүйсгэх аргагүй юм. Харин нөгөө талаас Байден болон түүний хүү үнэхээр л мөрдөн шалгалтын ажиллагаанаас зайлсхийхийн тулд Украины прокурорыг ажлаас нь халуулсан байж болох юм.
Трамп энэ бүхний эцэст хийсэн мэдэгдэлдээ “Би Зеленскийтэй утсаар ярихдаа Украин авлига хээл хахуульд идэгдэж байгаа, Жо Байден болон түүний хүү гэх мэтийн хүмүүс Украинд авлигыг цэцэглүүлж байгаа талаар болон өөр бусад асуудлуудын талаар ярилцсан нь үнэн. Гэхдээ Украины Ерөнхийлөгчөөс энэ хэргийг шалгаад өгөөч гэж хүссэн зүйл байхгүй. Энэ зүгээр л шүгэл үлээгчдийн худал мэдээлэл. Украины тал ч миний зүгээс ямар нэгэн дарамт шахалт, хүсэлт байгаагүй гэдгийг батлаад байна шүү дээ. Харин Жо Байден болон түүний хүү хэргээ нуухын тулд Украинд дарамт шахалт үзүүлсэн нь бол үнэн” хэмээн хэлсэн байна.
Энэ дуулиан дэгдсэний дараа Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко хоёр Ерөнхийлөгчийн ярианд Жо Байденыг тагнаж чагнах асуудал яригдаагүй хэмээн мэдэгдсэн юм.
Мөн Зеленский, Трамп нар утсаар ярьсны дараа АНУ Украины зэвсэгт хүчний салбарт 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон нь Трампын Зеленскийд барьж буй хариу мэт харагдуулж байгааг зарим шинжээчид онцолж байна.
Ямартай ч АНУ-д өрнөж буй уг маргаан Украины шинэ ерөнхийлөгч Зеленскийд таагүй байгаа нь ойлгомжтой. Трамп түүнд шахалт үзүүлсэн байлаа гэж бодоход түүнийг нь баталчихвал дахиж АНУ-аас тусламж дэмжлэг авах талаар мөрөөдөөд ч хэрэггүй болно. Харин Трампыг хамгааллаа гэж бодоход 2020 оны сонгуульд хэн ялалт байгуулахыг тааж мэдэх аргагүй учир Трамп ялагдчихвал мөн л АНУ-ын шинэ эрх баригчидтай харьцах нүүргүй болох юм.
Холбоотой мэдээ