“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

Түүнийг Г.Дөлгөөнхэрлэн гэдэг. Одоо 38 настай. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд таван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Г.Дөлгөөнхэрлэн уламжлалт монгол гэрийг орчин үеийн шийдлээр барьсан нь олон нийтийн сүлжээнд багагүй лайк, шейр цуглуулсан билээ.

Дөрөв, таван ханатай хоёр гэрийг залгуулан барьж, томоос том цонх хийжээ. Том гэрт нь хүүхдүүд нь тоглон, унтаж амардаг бол урд гэрээ гал тогооны өрөө болгон тохижуулсан харагдана. Тэрбээр хоёр жилийн өмнөөс гэрийнхээ тохижилтыг өөрөө зурж, бодож, увуулж цувуулж хийсээр 4-5 сая төгрөгөөр хүссэн гэртэй болжээ.

Г.Дөлгөөнхэрлэн бүсгүй бага хүүгээ төрүүлсний дараагаар хүүгийнх нь толгой маш их хөлөрч, гэрт агаар их дутагддаг байжээ. Тэгээд л түүнд “Яагаад монгол гэрийг том цонхтой болгож болохгүй гэж” гэдэг бодол төрж, гэртээ цонх хийлгэхээр шийдсэн байна. Түүнийг нутгийнхаа вакум цонх хийдэг үйлдвэрт очиж “Монгол гэрт том вакум цонх хийх захиалга өгье” гэхэд зарим хүн “Галзуурчихсан юм уу” гэж ч хэлж байсан тухай ярилаа.

Нутагт нь тэднийхээс санаа авч монгол гэрээ залгасан айл ганц хоёр байдаг ч яг вакум цонх суулгасан айл байхгүй ажээ. Гэрийнхээ паркетин шалан дээрээ нэг хана бүтэн тойруулаад хойд талын ханаа зөрүүлж тааруулаад, цонхны дээд талын униа бага зэрэг тайрч цонхоо тааруулсан байна. Мөн вакум цонхондоо хаалганд байдаг шиг бүслүүрийн гогцоо хийлгэж, бэхэлж уясан тухай хэлсэн юм.

“БИ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ МАШ ИХ УРМЫГ АВДАГ”     

Ингээд Г.Дөлгөөнхэрлэн бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Дѳлгѳѳнхэрлэн гэдэг. Би Дорнод аймагт тѳрж ѳссѳн. Одоо Өмнѳговь аймгийн Цогтцэций суманд амьдраад есөн жил болж байна. Би “Энержи рессурс” компанийн туслан гүйцэтгэх компанид үйлчлэгчээр ажиллаад найман жил болж байна. Саяхан бага хүүгээ төрүүлж, одоо хүүхэд асрах  чөлөөтэй байгаа.

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Хүүхдүүд нь баяртай байна уу?

-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ гэр нь гоё болсонд хүүхдүүд маань их баяртай байгаа. Хүүхдүүд маань “Манай гэр яг байр шиг болсон тээ ээжээ” гээд л баярлаад гүйлдээд байна.

-Таван сайхан хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүд нь одоо хэдэн настай вэ?

-Том охин Д.Оюун-Эрдэнэ маань гэр бүлтэй болсон. Дараагийнх нь хүү Д.Тэнгис маань “Мѳрѳѳдѳл” сургуулийн зургадугаар ангид сурдаг. Дундах охин Д.Нарангоо бас тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Багын маань дээд талын хүү Д.Мѳнгѳншагай цэцэрлэгт явдаг. Хамгийн бага хүүг маань Д.Эрдэнэбилэг гэдэг. Одоо долоон сартай. Би ийм л сайхан гарын таван хуруу шиг үрстэй хүндээ.

-Ханийнх нь талаар асууж болох уу?

-Нөхрийнхөө талаар ярьмааргүй байна. Хүнд итгэж найдаж явсан. Тэр итгэлийг минь эвдсэн. Миний хувьд хүүхдүүдийнхээ тѳлѳѳ л зүтгэх үүрэг, хариуцлагыг  хүлээсэн дээ.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, ирээдүйд ямар хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг вэ?

-Миний мѳрѳѳдѳл гэвэл хүүхдүүдээ оюутан болохоор хотод байшин барьж амьдрахыг хүсдэг. Хүүхдүүдээ хүнд тустай, худал хэлдэггүй, үнэнч шударга зорьсондоо хүрч чаддаг хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг. Үрс минь эрдэм номтой, үнэнч шударга, хүн хайрлах сэтгэлтэй ѳсч торниж байгаа нь л миний аз жаргал юм даа.

-Олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжид чамгүй бэрхшээл тулгардаг биз. Шантрах үедээ юунаас эрч хүч авдаг вэ?

-Мэдээж амьдрал юм чинь бэрхшээл гаралгүй яахав. Заримдаа шантарна. Гэхдээ тэр болгондоо хүүхдүүдээ хараад л маш их урмыг авдаг. Өөртөө “Би улам хичээх ёстой” гэж хэлж зоригжуулдаг. Намайг ѳдий зэрэгт хүрэхэд маш олон хүний дэм бас байгаа. Халамжийн ажилтан н.Нандинзаяа, манай ерѳнхий менежер н.Нямхүү гээд олон хүн бий. Энэ бүх хүмүүстээ завшааныг ашиглан “Би  маш их баярладаг шүү. Та бүхнийхээ итгэсэн итгэлийг тань алдахгүй хичээх болно” гэж хэлмээр байна

-Та хашаагаа бас тохижуулсан уу?

-Одоохондоо хашаандаа ганц нэг мод суулгасан байгаа. Цаашдаа хашаагаа ч гэсэн гоё тохижуулах санаагаа олчихсон байгаа. Удахгүй хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
152
ЗөвЗөв
22
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж