У.Хүрэлсүх: Улс орноо гэсэн сэтгэлтэй улстөрч алга

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Улс орноо гэсэн сэтгэлтэй улстөрч алга

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.09.23/ Булган болон Хөвсгөл  аймагт ажиллалаа.  Энэ үеэр нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм.  Хоёр аймгийн иргэдийн зүгээс  ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх  зэрэг нийтлэг шаардлагыг  тавьж байсан бол 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа.


Тэрбээр “Өнгөрсөн гурван жилийн  хугацаанд нийтдээ 7.2 их наяд төгрөгийн өр зээлийг төлж барагдууллаа. Уул уурхайгаас олсон  мөнгөөр бид анх удаа ирээдүйн өв сан буюу хуримтлалтай болж 315 тэрбум төгрөг хадгалсан. Ирэх жил ирээдүйн өв сангийн хуримтлалын мөнгийг 1.5 их наяд хүргэнэ. 2030 он хүртэл энэ мөнгийг ашиглахгүй хадгална. Энэ нь үр хүүхдэдээ үлдээж байгаа өв юм. Монгол Улсын эдийн засагт гарсан сэргэлтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага өндрөөр үнэлж манай улсын  зээлжих зэрэглэл ахиж  эдийн засгийн тогтвортой  ангилал руу  шилжсэнийг онцолж байна. Олон улсын байгууллагаас Монгол Улсыг хөрсөн дороо 15 нэр төрлийн 1.3 их наяд ам.доллартай тэнцэх  байгалийн баялагтай гэж тооцоо гаргасан байдаг.

Гэтэл бид яагаад ядуу зүдүү амьдраад байна вэ? Өнөөдөр 3.2 сая хүний нэг сая нь ядуу  амьдарч байна. Нэг сая хүний ахуй амьдралыг дээшлүүлэх нь Засгийн газрын хамгийн чухал асуудал. "Хэрэв зовлонгоос ангижрах тухай бодож байвал  зовлонгийн шалтгааныг"сол гэдэг үг бий.

Бидэнд зовлон бий. Тэр нь ядуурал. Ядуурлын шалтгаан нь сахилга хариуцлагагүй, дэг журамгүй байдал газар авсанд байгаа юм. Нэн ялангуяа санхүүгийн сахилга бат байхгүй. Нөгөө талаасаа улс орноо гэсэн сэтгэлтэй улстөрч алга. Төрийн албаны сахилга бат дэг журам алдагдаж ажлын хариуцлага суларсан. Ард түмний зүйрлээд байгаа шиг төрийн алба төрлийн алба болсон. 

Дүү нарын тавьсан өрийг дарах гэж өнөөдөр  хичээж байна. Тухайн үедээ ямар ч тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр Чингис, Самурай зэрэг бондуудыг авч улс орноо асар их хэмжээний өрөнд унагасан. Эдгээр шалтгаануудаас болж улс орон маань өнөөдрийн нөхцөл байдалд оржээ. Бид үүнийг өөрчлөх ёстой. Ингэхийн  тулд Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд  нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны сахилга хариуцлагыг сайжруулах, эдийн засгийг сэргээх гэсэн үндсэн хоёр асуудал дээр хамгийн гол анхаарлаа хандуулж ирсэн.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлсэн  эдийн засгийн зөв бодлогын үр дүнд  2016 онд нэг   хувьтай унасан байсан эдийн засгийг өнөөдрийн байдлаар 7.3 хувь болгож өсгөж чадлаа. Долоо дахин өсгөсөн гэсэн үг. Энэ бол том амжилт.

Сүүлийн найман жил байнга алдагдалтай гарч байсан улсын төсөв 2018 онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Мөн төсвийн тодотгол хийлгүйгээр хоёр жилийг давжээ.Энэ бол санхүүгийн сахилга бат сайжирсны нэг шинж юм” гэв.

БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН ЗҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАН:

  1. Булган Орхон Хишиг Өндөр Гурванбулаг сумын 133.7 км хатуу хучилттай автозам, замын байгууламжийн ажлыг дуусгахад шаардагдах 82.333.2 сая төгрөгийг 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж ашиглалтад оруулах,
  2. Тэшиг сумын сургуулийн 240 суудалтай өргөтгөлийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд баригдаж эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа бөгөөд барилгын ажлыг дуусгах асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  3. Булган сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих  280 хүүхдийн цэцэрлэг барих төсөвт суулгах,
  4. Нэгдсэн эмнэлэгт томографи, холбогдох тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа хүссэн юм.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН ЗҮГЭЭС:

  1. Мөрөн, Хилэнтийн гүүр  чиглэлийн 5.6 км хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
  2. Хөвсгөл далайн эрэг дээр Олон улсын “Найрамдал-2” хүүхдийн зуслан байгуулахад дэмжих,
  3. Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлэг барих,
  4. Төсвийн хүндрэлээс шалтгаалж дулааны станц болон сумдын  уурын зуухнуудын хэвийн үйл ажиллагаа  алдагдаж өвөлжилтийн бэлтгэлээ хангаж  чадахгүйд хүрээд байгаа учраас үүссэн өрийг барагдуулах хөрөнгийг шийдвэрлэх, цаашлаад 2020 оны төсөвт халаалтын зардлыг  бүрэн тусгах зэрэг асуудалд туслахыг хүслээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж