Шинэ төмөр зам цагаан зээрийн нүүдлийг таслах аюул байна

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр зам цагаан зээрийн нүүдлийг таслах аюул байна

Шинэ төмөр зам цагаан зээрийн нүүдлийг таслах аюул байна

Монголын төмөр зам болон хилийн зурвас дагуух өргөст торонд жил бүр цагаан зээр, хулан, хар сүүлт зэрэг нүүдлийн амьтад олон арваараа өлгөгдөж, орооцолдон үхдэг талаар баримт бий. Тухайлбал, 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж 5000 гаруй зээр өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сэг зэмийг нь олон машинд ачиж газарт булжээ. Энэ бол наад захын жишээ.

Тиймээс тал хээр, говь цөлийн бүсийн дагуух амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Үүгээр зогсохгүй уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар батлаад удаагүй байна. Ингэснээр Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилж өгсөн гэсэн үг. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг олон зэрлэг амьтны нүүдлийн зам, амьдрах орчинд саад учрахгүй байх боломж бүрдэх юм.

Гэвч өдгөө стандарт хараахан хэрэгжиж, хөрсөн дээрээ “амилаагүй” байтал дэд бүтцийн томоохон ажлууд эхнээсээ эхэлж байна. Ялангуяа хялганат хээрийн бахархал болсон цагаан зээрийн гол идээшил нутаг болох зүүн аймгуудад, тодорхой хэлбэл, “Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто замын төсөл” эхлэхэд ойрхон болжээ. Эдийн засаг талаасаа ач холбогдолтой ч нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг  гадаад, дотоодын мэргэжлийн судлаачид сэтгэл зовнин хэлж байна. Дээр нь нутгийн зүүн хэсэгт тавигдах төмөр зам бүр ч их саад болж мэдэхээр байгаа билээ.

ЦАГААН ЗЭЭРИЙН СҮРЭГ ЕС, ХУЛАН, ХАР СҮҮЛТИЙН СҮРЭГ ДОЛООН ХЭСЭГТ  ХУВААГДАНА

Цагаан зээр бол нүүдэллэдэг амьтан. Заримдаа хэдэн зуун мянгаараа нэг дор сүрэглэж газар дэлхийг доргиодгийг дэлхийд зөвхөн Африкийн зэрлэг үхрийн нүүдэлтэй зүйрлэх нь бий. Ийм сүрлэг нүүдлийг өөр хаана ч харахгүй гэсэн үг. Саяхныг хүртэл цагаан зээрт хамгийн их аюул заналыг төмөр зам учруулж байв. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваасан билээ. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо маш цөөхөн үлдсэн байна.

Зүүн чиглэлд тавих авто болон төмөр зам нүүдэллэдэг амьтдад бодит аюул учруулахаар байна. Учир  нь, Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам, Даланзадгадаас Чойбалсан хүртэл тавих төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр ган, зуд болоход бэлчээрээ дагаж олон арван километр нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр, төмөр зам дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг.

Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Нутгийн зүүн хэсэгт шинээр барих авто болон төмөр зам хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна. Хэрвээ одоогийн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт  хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд судалгаанд үндэслэн хэлж байгаа юм. Нүүдэллэдэг амьтдын сүрэг олон хэсэгт хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS)  томоохон конвенц байдаг. Үүнд манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Тиймээс шинээр барих авто, төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих нь маш чухал юм. Компаниуд ч энэ тал дээр идэвх зүтгэл гаргаж стандартын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах цаг болжээ.

Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу философийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг билээ.

Р.Дулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж