“Fitch Solutions” байгууллагын аж үйлдвэрийн салбарын трендийн сүүлийн үеийн судалгаагаар коксжих нүүрсний ханш энэ 2019 онд тонн нь 195 ам.доллар орчим байхыг таамаглажээ. Үүнд АНУ, Хятадын харилцаа муудах, засгийн газраас эдийн засгийн дэмжих үйл ажиллагаа буурах, гангийн салбар дахь Хятадын коксжих нүүрсний эрэлт зэргийг харгалзан үзсэн байна. Шинжээчдийн таамагласнаар 2019 сүүлийн улиралд коксжих нүүрсний ханш өмнөх оны мөн үеэс харьцангуй өндөр бас тогтвортой байх аж. АНУ болон Хятадын хоорондох худалдааны дайнаас шалтгаалан Бээжин нь орон нутгийн аж үйлдвэрийг дэмжих бодлого баримтлах, ялангуяа дэд бүтцийн салбарт түлхүү анхаарах тул гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, тэр хэрээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх аж.
Австралийн коксжих нүүрсний гол импортлогч Энэтхэгийн хувьд энэ оны эхний улиралд импортын хэмжээ 11,7 хувиар буурсан бол Хятадын импорт 35 хувиар нэмэгдсэн байна. Хятад улс нь коксжих нүүрсний үйлдвэрлэгчдийн зах зээлд давамгайлсан хэвээр байх ба энэ 2019 онд 536 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэсэн нь 2028 онд 551 сая тонн болж нэмэгдэх гэнэ. Харин ОХУ нь 2026 оноос Индонезийг давж дэлхийн гурав дахь том коксжих нүүрсний үйлдвэрлэгч болох ирээдүйг шинжээчид таамаглажээ. Хятад, Австрали, Индонези гэх гурван том үйлдвэрлэгч дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний хувиа бага багаар алдсаар ОХУ, Энэтхэг Монгол Улсын байр суурь өсөх хандлагатай байна.
Хятад улс өнгөрсөн наймдугаар сард 32,95 сая тонн нүүрс импортолсон нь 2018 оны наймдугаар сараас 14,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятадын наймдугаар сарын нүүрсний импортын хэмжээ долдугаар сараас 0.18 хувиар өссөн байна. Өмнө нь зургаагаас долдугаар сард нүүрсний импорт 21 хувиар огцом нэмэгдсэн байв. Хятад улс нь энэ оны эхний найман сард нийт 220 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8 орчим хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн долугаар сард Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2018 оны мөн үеэс 38,5 хувиар өссөн ба зургадугаар сараас 16,6 хувиар нэмэгджээ. Австрали улс нь өнгөрсөн долдугаар сард 3,4 сая тонн коксжих нүүрс нийлүүлснээр хамгийн том экспортлогч болсон ба Канад Улс 679 мянган тонныг нийлүүлжээ.
Эх сурвалж: coalGlobal
Холбоотой мэдээ