Улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг ард нийтийн санал асуулгатай хамт хийх сонирхол МАН-ын удирдлагуудад байгаа. Гэхдээ бүлгийн гишүүдийнх нь хувьд харзнасан байдалтай байх шиг. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь Монгол Улсад хэр ашигтай вэ?
-Парламент чадамжаа алдсаны илрэл. Иргэд, олон нийт парламентад итгэх итгэл нь буурсан энэ үед 2020 оны ээлжит сонгуулиар улс төрийн намууд нэлээд ширүүн өрсөлдөөнд орох байх. Тэр утгаараа УИХ-ын сонгуулийг наашлуулах нь МАН-д ашигтай гэж асуудалд хандаж байх шиг. Сүүлийн үеийн судалгаануудыг багцлаад дүгнэхэд МАН, АН хоёрын рейтинг нийлээд 20 гаруйхан хувьтай байгаа. Энэ хэрээр гуравдагч хүчний орон зай идэвхжиж магадгүй. Тухайлбал, ХҮН, МАХН-ын рейтинг өсч магадгүй. Энэ тохиолдолд МАН, АН яах вэ гэсэн асуулт аль алинд нь бий. Хэдэн сарын өмнө АН-ынхан УИХ-ыг тараах асуудлыг ярьж байсан бол өнөөдөр эсрэг байр суурийг илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй АН илүү хариуцлагатай байх гэж шахаж байгаа боловч нөгөө талдаа цаг үеэсээ хамаарч улс төрийн шийдвэрүүд нь өөрчлөгдөж байна л даа. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх, улс төрийн тоглолтуудыг урьдчилан таамаглахад маш бэрх болж байна.
-Ээлжит бус сонгууль хийснээр МАН-д ашигтай, бусад намд ашиггүй гэж ойлгож болох уу?
-Хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн гурван жил хийж, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээ хангалтгүй гэж үзээд ирэх зургадугаар сард дүнгээ тавиулахаасаа өмнө ээлжит бус сонгууль хийе гэхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, улс төрийн намд итгэх иргэдийн хандлага буурсаар байвал 2020 оны сонгуулиар нам биш хувь хүнийг нь харах сонголт нэмэгдэнэ. Энэ тохиолдолд шинэ нэр дэвшигчид сонгогчдод танигдахаас нь өмнө сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх гэсэн тактик ч байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт маш олон хүчин зүйлээс хамаарах бодлогын сонголт явагдаж байгаа байх. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх улс төрийн шийдэл байж болно. Гэхдээ нийгэм эдийн засаг, байгаль орчин, цаг уурын нөхцөл байдлыг сайтар тооцож үзэж байж шийдвэр гаргахгүй бол дараа нь үүсэх үр дагавар нь магадгүй парламент бүрдэж чадахгүй сунжирсан нөхцөл байдал үүсэх вий гэдгийг сайн бодох л хэрэгтэй.
-УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хүлээж авсан, Ерөнхий сайд томилох санал оруулснаас хойш 45 хоногт асуудлыг шийдэж чадаагүй бол хугацаанаасаа өмнө тарах хууль эрх зүйн бүрдэнэ. Тэгвэл өнөөдөр дээрхийн аль аль нөхцөл үүсгээгүй байна. МАН-ын зарим гишүүн УИХ тарах үндэслэл нь тодорхой бус байна гэдгийг ч хэлж байгаа?
-Удахгүй намрын чуулган эхэлнэ. УИХ арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх жилийн улсын төсвийг батлах учиртай. Хэрэв төсвөө баталж чадахгүй өнөөгийн байдлаар үргэлжлэх юм бол хүссэн, хүсээгүй УИХ тарах нөхцөл нь бүрдэнэ. МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ гэлээ. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цэвэр улс төрийн тоглоом боллоо. Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийг хангах суурь баримт бичиг байх үндсэн чадамжаа алдчихлаа. Магадгүй энэ нь цааш яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаа учраас ээлжит бус сонгуулийг дэмжиж гишүүд гарын үсгээ зурахыг үгүйсгэхгүй.
-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрх байхгүй гэдгийг зарим улс төр судлаач хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Төсөөллийн хүрээнд л яръя даа. Тухайн гишүүн “Өнөөгийн УИХ чадамжгүй байна, бид муу ажиллалаа" гэж хэлээд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд дараагийн УИХ-д нэр дэвших нь ёс зүйн хувьд мэдээж зөрчилтэй ойлголт.
Харамсалтай нь, өнөөдөр ёс зүй ярих байтугай хуулиа ч дагаж мөрддөггүй манай улсад үндсэндээ улс төр нь ёс зүйгүй тоглолтууд болж хувирсан.
–Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хоригт тусгагдсан тайлбарууд нь хууль эрх зүйн хувьд хэр үндэслэлтэй вэ?
-Тодорхой үндэслэлүүд байсан. Жишээ нь, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Гурав хүртэл асуултаар асууна” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 35 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа. Энэ өөрчлөлтүүдийг ард нийтийн санал асуулгаар яаж асуух уу гэдэг нь тодорхой бус байна. МАН-ын нөлөө бүхий гишүүний хэлж байгаагаар нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан заалтуудыг багцлан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих үү, эсвэл дэмжихгүй юу гэсэн ганцхан асуултаар санал асуулга явуулна гэж хэлж байсан. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд яг ямар ямар заалт орж байгаа вэ гэдгийг нарийн сайтар мэдэхгүйгээр иргэд дэмжинэ, дэмжихгүй гэж хариулах нь яг үнэндээ ард нийтийн санал асуулгыг хуурмагаар ашиглах гэсэн дүр зураг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн сонголт хийх эрхийг магадгүй эрх баригч нам маш бүдүүлгээр ашиглах.
Ерөнхийлөгчийн хоригийн тухайд цэвэр институт хоорондын зөрчил явагдаж байна гэж дүгнэж байна. Өөр, өөртөө оноо нэмэх гэсэн улс төрийн тоглолтууд улам ихсэх боллоо шүү дээ. Нэгдүгээрт, МАН анхнаасаа нам дотроо зөвшилцөл, эв нэгдлийг хангаж чадалгүйгээр асуудалд орсон. Үр дүнд нь өнөөдөр улс төрийн тоглоом задарч байна.
-Цаашид улс төрийн нөхцөл байдал хэрхэхийг таамаглах аргагүй болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Маргааш ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ийм л улс төрийн өрнөл, улс төрийн тоглолтууд явагдаж байна. Магадгүй энэ дундаас улс төрийн ашиг хонжоо хайхыг ч оролдож байна. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол магадгүй Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж болох хүлээлтийг нийгэмд хангаад эхлэх вий дээ гэдгээс эмээж байна.
"ЁОЛКИЙН ЧИМЭГЛЭЛ ШИГ ОЛОН ЗҮЙЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ"
-Үндсэн хуулийн өөрчлөлт одоо мөрдөгдөж байгаа хуулиас дээр болж реформ хийж чадах болов уу?
-Үнэндээ иргэд юуг хүлээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гээд байна вэ гэдгээ мэдэхгүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн дөрөв дэх бүлгийн нэгдүгээр нь зорилт нь. Тэгэхээр энэ нь цэвэр улс төрийн арга хэмжээ болж хувираад байна л даа. Уг нь бол Үндсэн хуулиар ёолкийн чимэглэл шиг олон зүйлийг зохицуулах шаардлагагүй юм. Дэлхийн ардчилсан улс орнууд Үндсэн хуульдаа хоёрхон зүйлийг л зохицуулдаг. Нэгдүгээрт, хүний эрхийг Үндсэн хуульдаа яаж баталгаажуулах уу, хоёрдугаарт, эрх мэдлийг яаж хуваарилах уу гэдэг энэ хоёрыг маш тодорхой зохицуулдаг. Бусад нь яг үнэндээ Үндсэн хуульд тусгах асуудлууд биш. Манайхан аргаа бараад амьдрал дээр тулгамдсан асуудлуудаа шийдэж чадахгүйгээс гадна бусад хууль, тогтоомжуудаа хэрэгжүүлж чадахгүйгээс Үндсэн хуульдаа юм бүхнийг оруулах гэж оролдож байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мянга сайн хууль болж магадгүй гэхэд дагаж мөрдөхгүй л юм бол үр дүн байхгүй.
Уг нь бол парламентын ардчилал гэдэг улс төрийн намуудаар дамжиж хэрэгждэг. Намууд хариуцлагатай, ил тод, ардчилсан байж илүү бодлогын чадамжтай байж чадсанаар парламент оршин тогтоно. Ингэж чадвал өнөөдрийн үүсээд буй төөрөгдөл буюу засаглалын тухай асуудал хүчтэй яригдаж байгаагийн гол буруутан нь парламент өөрөө. Нөгөөтэйгүүр одоогийн хууль, эрх зүйн хүрээнд засаглалыг асуух эрх байхгүй.
Тангараг өргөсөн улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн эсрэг үзэл санаа ярьж байна гэдэг нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж, эх орноосоо урвасантай адил ойлголт.
-Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асуух гэж байгаа нь ч гэсэн үү?
-Тийм. Ерөнхийлөгч Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж байна гэсэн үг. Уг нь бол улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол Үндсэн хуулийг сахиж мөрдөнө гэж тангараг өргөсөн хүн шүү дээ. Гэтэл одоогийн Үндсэн хуулиа сахиж мөрдөхгүй гэж түрүүлж дуугарч байгаа нь Үндсэн хуулийн бус үзэл санаа. Жишээ нь, Германд Үндсэн хуулийн бус үзэл санаа ярьсан тохиолдолд шууд шүүх, цагдаа болдог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг ярих улс төрийн нам, улстөрчдөд шууд хариуцлага тооцдог механизмтай.
Холбоотой мэдээ