Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо.
Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм.
Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд Гаганьян жолоодлогот хөлгийг товлосон хугацаанд хөөргөхөөр эрчимтэй ажиллаж байгаа талаар Сансар судлалын байгууллагын дарга К.Сиван танилцууллаа.
Мөн өнөөдрийн байдлаар харилцаа холбооны 17, судалгаа шинжилгээний 21, навигацын 8, сансрын шинжлэх ухааны 3 хиймэл дагуул хөөргөсөн тул сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж хамтран ажиллахдаа таатай байна гэлээ.
Тус байгууллагаас явуулдаг сургалтад өнөөдрийг хүртэл 242 монгол хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр зурагдсан чухал баримт бичгүүдийн нэг нь Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр байсан гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүссэн юм.
Мөн Монгол Улс нь сансрын салбарт шинэ тоглогч биш, олон жилийн түүхтэй гэдгийг хэлж АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос зэрэг томоохон сансар судлалын төвүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тухай ярилцлаа.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Холбоотой мэдээ