Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурал гурван өдөр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурал гурван өдөр үргэлжилнэ

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурал гурван өдөр үргэлжилнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хурлыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ 2020 оны хоёрдугаар сард болох Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн Талуудын бага хуралд танилцуулан хэлэлцүүлэх, улмаар дэд бүс нутгийн хэмжээнд механизмыг бий болгон хамтын ажиллагааг эрчимжүүлэх дараагийн шатны алхмуудыг боловсруулах зорилгоор Төв болон Зүүн хойд Азийн бүсийн экспертүүдийн уулзалтыг гурван үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хурлаар дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, түүнээс сэргийлэх, өвчлөл, хамгаалал болон тархац, газар нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, оролцогч талуудын дунд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах механизмыг бүрдүүлэх нь нэн шаардлагатай байгаа тул энэ удаагийн хурлыг хамтран зохион байгуулж байна хэмээн онцоллоо.

Энэ удаагийн хуралд  Боннын конвенцийн нарийн бичгийн газар, ХБНГУ-ын Байгаль хамгаалах агентлаг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол  дахь газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв  болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг нийт 14 орны төлөөлөгчид оролцож байна.

Мөн Төв Азийн хөхтөн амьтдыг хамгаалах хамтын ажиллагаа буюу санаачлагад 15 зүйлийн амьтан хамардаг бөгөөд тус зүйлсийн тархац нутаг бүхий орнуудын төлөөлөгчид мөн оролцож байгаа болно.

Монгол орны хэмжээнд өнөөгийн байдлаар  141 зүйлийн сүүн тэжээлтэн, 486 зүйл шувуу, 22 зүйлийн мөлхөгч амьтан, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13 мянга гаруй шавж байна гэсэн статистик мэдээллийг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга П.Цогтсайхан хурлын үеэр танилцууллаа. Тэдгээрээс Амьтны тухай хуулийн дагуу 32 зүйл нь нэн ховор гэсэн ангилалд багтаж буй бол  Засгийн газрын тогтоолоор 76 зүйлийг ховор ангилалд авсан байна. Харин устах аюулд орсон 110 зүйл амьтныг 2016 онд Үндэсний улаан дансны номд бүртгэсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Түүнчлэн манай улсын хэмжээнд 19 аймгийн нутаг дамжсан тусгай зориулалтын буюу агнуурын бүс байгааг дурдав. 2018 оны байдлаар амьтны гаралтай зөвшөөрлийн төлбөрийн орлого 5,8 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс 718 сая төгрөг нь зөвхөн олзворын ангаас улсын төсөвт төвлөрчээ. Агнуурын нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг эргүүлж ашиглах ёстой ч 25 хувийг ашиглаж байгаа нь чамлалттай үзүүлэлт болж байна. Тиймээс уг асуудлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын 21  аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээнд тодорхой  тусгасан гэдгийг ч онцолж байсан юм.

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурал

  • 9 дүгээр сарын 23-ны өдөр – Зэрлэг амьтдын худалдаа
  • 9 дүгээр сарын 24-ны өдөр – Зэрлэг амьтдын өвчлөл 9 дүгээр сарын 25-наас 28-нд Төв Азийн хөхтөн амьтны хамгаалах хамтын ажиллагаа гэсэн асуудлаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж