Наймдугаар сарын 13: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 13: Өдрийн гол үйл явдлууд

Наймдугаар сарын 13: Өдрийн гол үйл явдлууд

“Боко Харам” хэлэлцээ хийхэд бэлэн гэв

“Боко Харам” террорист бүлэглэлийн лидер солигдсон тухай Чадын ерөнхийлөгч Идрис Деби мэдээлснийг ВВС дамжуулжээ. Идрис Дебийн хэлснээр террористуудын шинэ лидер Махамат Дауд Нигерийн оролцоотой хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ. Чадын эрх баригчид уг бүлгийн хуучин лидер Абубакар Шекаугийн талаар мэдээлэл байхгүй гэв. Чадын ерөнхийлөгч уг бүлэглэлийнхэнд хандан, "Бууж өгөх, эсвэл амиа алдах" хоёр л сонголт байгааг сануулсан байна.


Экс-ерөнхийлөгч Жимми Картер элэгний хорт хавдартай болжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер элэгний хорт хавдартай болсноо мэдээлжээ. Тэрбээр одоо курс эмчилгээ хийлгэж байгаа аж. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерт мэс засал хийж, элэгний жижиг хэсгийг авсан тухай мэдээлж байсан юм. Огцорсныхоо дараа байгуулсан Картерийн Засгийн газрын бус байгууллагын мэдээлснээр, "Эмч нар ойрын үед түүнийг бүрэн эмчлэгдэнэ" гэж хэлжээ.


АНУ Туркийн нутгаас анх удаа ИУ-ыг бөмбөгдөв

Туркийн “Инжирлик” нисэх баазаас анх удаа  “Исламын улс" бүлэглэлийн байрлалд цохилт өгөхөөр сөнөөгч онгоц хөөргөсөн тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлжээ. Террористуудад цохилт өгөхөөр “Инжирлик” баазад F-16 мөнөөгч онгоцыг байрлуулж байгаа тухай өмнө нь мэдээлсэн юм. Америкийн онгоцнууд Туркийн нутгаас Сири дэх “Исламын улс" бүлэглэлийн байрлалд довтолгоо хийж байх гэнэ.


Америкийн генерал Оросыг хамгийн аюултай орноор нэрлэв

Орос орон бол АНУ-ын хувьд “хамгийн аюултай улс” гэж АНУ-ын Хуурай замын цэргийн жанжин штабын дарга, генерал Рэймонд Одиерно мэдэгджээ. Энэ тухай Оросын "РИА Новости" агентлаг дамжуулав. “Миний бодлоор ОХУ хэд хэдэн шалтгааны улмаас аюултай оронд тооцогдоно. Нэн түрүүнд тэд бусад өрсөлдөгч нараасаа хамгийн сайн бэлтгэлтэй байдаг” гэж генерал онцлов. Тэрбээр мөн “Украинд цэргийн нарийн ажиллагаа явуулах онцгой боломж Орост бий” хэмээжээ.


ИУ Хорватын иргэнийг цаазалжээ

“Исламын улс” бүлэглэлийн барьцаанд байсан Хорватын иргэнийг Египетэд хөнөөсөн тухай исламчуудын интернэтийг шалгадаг SITE байгууллага мэдээлэв. Тус байгууллагын мэдээлснээр, террористууд хохирочийн зургийг сүлжээгээр тараажээ. Исламчуудын интернэтэд байрлуулсан видео бичлэгт шар хувцас өмсгөсөн, 30 настай Томислав Салопек гэж хорват хүн исламчуудын илгээлтийг уншихдаа "Долдугаар сарын 22-нд исламчуудад олзлогдсон" гээд “Хэрэв Египетийн засгийн газар шоронд байгаа мусульман эмэгтэйчүүдийг чөлөөлөхгүй бол түүнийг цаазална” гэжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Хорватын Гадаад хэргийн яамнаас Каир хотноо тус улсын хэд хэдэн иргэнийг хэт даврагчид хулгайлан, барьцаалсан тухай мэдээлж байв. Барьцааны хүмүүсийг худалдан солих нь исламчуудын орлогын чухал эх сурвалж бөгөөд тэд өнгөрсөн онд ийм аргаар 63 сая ам.доллар олжээ.


Шууд эфирт эвгүй үйлдэл гаргажээ

Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимд Миссури мужийг төлөөлөн сууж буй Энн Вагнер (Ann Wagner) шууд нэвтрүүлгийн үеэр хамраасаа ямар нэгэн зүйл гаргаж, түүнийг амандаа хийсэн тухай дуулиант бичлэг цацагджээ. Тэрээр Бүгд найрамдах намын Муссури мужийн салбарын дарга Жон Хэнкоктай улс төрийн талаар ярилцаж байсан аж.


Сөүл дэх Японы ЭСЯ-ны өмнө өөрийгөө шатаахыг оролджээ

Чой (Choi) гэх наян настай хөгшин Сөүл дэх Японы ЭСЯ-ны өмнө өөрийгөө шатаахыг оролдсон талаар Bloomberg мэдээлэв. Япончууд 1923-1945 онд эзэлсэн орныхоо эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч болгон, “Зугаа гаргах эмэгтэйчүүд” гэж нэрлэж байсныг буруутган, уучлалт гуйхыг шаардсан жагсаалын үеэр дээрх хэрэг гарчээ. Жагсагчид яаралтай галыг унтраа, настаныг эмнэлэгт хүргэжээ. “Зугаа гаргагч эмэгтэйчүүд” (comfort women) гэж цэргийн эмсийн хүрээлэнд ажиллаж байсан Зүүн ба Зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүдийг нэрлэдэг байсан бөгөөд тэдний тоо хэдэн мянгын хооронд хэлбэлзэж байжээ. Токио тэднийг сайн дураараа ажиллаж байсан гэдэг бол харин түүхчид охид, бүсгүйчүүдийг хүчээр тэнд ажлуулсан гэж үздэг байна.


Нидерландын эрх баригчид Украинд сүйрсэн онгоцны баримтуудыг ил гаргахаас татгалзав

Өнгөрсөн оны долдугаар сард Украинд сүйрсэн “Боинг” онгоцны ослын талаарх бичиг баримтыг ил гаргахаас Нидерландын эрх баригчид татгалзжээ. Энэ тухай RTL телевиз мэдээлэв. Зарим хэвлэлийн байгууллагууд тус орны Аюулгүй байдал, Хууль зүйн яамны сайдад илгээлт явуулж, мэдээллийг чөлөөтэй авах эрхийн тухай хуулийн дагуу Голландыг доргиосон энэ сүйрлийн тухай боломжтой бүх баримтыг ил гаргахыг уриалсан байв. Сайд тэдний хариуд "Энэ хэрэг үнэхээр Голландын нийгмийг доргиосон ч тухайн нөхцөлд нууц байх нь илүү чухал болж байна” гэсэн хариу зориулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж