Хүн амын 66,6 хувийг орон сууцаар хангана

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Хүн амын 66,6 хувийг орон сууцаар хангана

Хүн амын 66,6 хувийг орон сууцаар хангана

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр /2019.09.23/ Барилга, хот байгуулалтын яамны танилцуулга, мэдээллээр үргэлжилж байна.

Нээлттэй өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны харьяа байгууллагууд болох “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар”, “Барилгын хөгжлийн төв”, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ зэрэг нийт 40 орчим байгууллага оролцож байгаа юм. Эдгээр байгууллагууд барилга хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа иргэдэд тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгч, ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архиваар үйлчлэх, бичиг хэрэг, өргөдөл, гомдол, албан бичиг хүлээн авах, газар өмчлөх, эзэмших талаар зөвлөгөө өгөх, гэр хорооллыг хөгжүүлэх хэсэгчилсэн инженерийн хангамжтай бичил дэд төвийн танилцуулга хийх, 150.000 айлын орон сууцын бодлогын танилцуулга хүргэх зэрэг үйлчилгээ үзүүлж буй юм.

Бид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн асраар орлоо. Энд Баянзүрх дүүргийн иргэн Н.Төгсөө газар эзэмшүүлэх, өмчлөх асуудлаар сонирхож, хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авч байв. Түүний охин, хань хоёр ямар нэгэн газар эзэмшдэггүй. Газар эзэмшиж, өмчлөхийн тулд яах ёстой вэ гэсэн асуултад мэргэжилтэн хариулахдаа "Монгол Улсын иргэн бүр нэг удаа 0,07 га газар өмчлөх эрхтэй. Үүний тулд эхлээд та Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл гаргах ёстой. Өргөдлийн дагуу суурин болон хээрийн судалгаа хийнэ. Засаг даргын шийдвэр гарч, иргэнд хариу мэдэгдэл өгнө. Ингээд газрын албанаас нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт тэмдэгжүүлэх ажил хийнэ. Эдгээр үйл явцын дараа таны газар эзэмших эрхийн гэрчилгээ бий болох юм” гэв.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баянсангийн “Хотын ойролцоо иргэдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах газар байна уу, ер нь хангалтгүй байдаг юм биш үү” гэсэн асуултад Газрын улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Чинзолбоо хариулахдаа "Нийсэлэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дагуу хотын ойролцоо газар өмчлүүлэхээр болсон. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэг гэхэд 2020 он гэхэд хойшоо Гүнтийн зусланд иргэдэд зуслангийн зориулалттай 0,07 га 100 газрыг өмчлүүлнэ гэсэн төлөвлөгөө гарсан. Тэгэхээр иргэд тухайн дүүргийнхээ газар зохион байгуулалтын албанд очиж, төлөвлөгөөтэй танилцаарай гэж хэлмээр байна" гэлээ.

С.МАГНАЙСҮРЭН: БОГД-УУЛЫН УРД БУЙ МАЙДАР ХОТЫН АСУУДЛЫГ ИДЭВХТЭЙ ЯРЬЖ БАЙНА

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Нийслэлд баригдаж буй барилга, байгууламжийн норм, норматив хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Барилга, хот байгуулалтын яамнаас барьж буй бодлогын хүрээнд бид норм, нормативын тогтолцоогоо шинэчиллээ.

Өнөөдөр үйлчилж байгаа 7000 нормативт үзлэг хийж, 2019 онд шинэчлэх шаардлагатай төлөвлөгөөг тусгаж ажиллаж байна.

Одоо ашиглалтад орж буй байшин, барилгууд хэдэн жилийн өмнөөс зураг, төслөө гаргасан учир эдгээр барилгууд хуучин нормативаар зураг төсөл нь батлагдсан байна. Харин шинээр зураг, төсөл нь гарсан, одоо баригдаж буй барилгуудад бид бүх норм, нормативын шаардлага тавьж, шалгасны дараа улсын комисс хүлээн авч байна.

-Хот ачааллаа даахгүй, хэт төвлөрч байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнийг яаж шийдэх вэ?

-Нийслэл 1,6 сая хүн амтай, төвлөрөл ихтэй хот. Үүнийг сааруулах нь манай яамны нэг үндсэн бодлого. Тиймээс шинэ нисэх буудлыг дагаад хөгжих хотын Ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Мөн Богд-Уулын урд буй Майдар хотын асуудлыг идэвхтэй ярьж байна. Нөгөө талаар захын хорооллын хөгжлийг сайжруулах замаар төвлөрлийг сааруулна гэж үзэж байна. Үүнээс гадна төв шугам, сүлжээ хүрэхгүй газруудад хэсэгчилсэн байдлаар сервис центр барьж байгуулах ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. 2019 онд манай салбарт түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл Улсын төсөв болон гадны зээл тусламжаар 1,9 их наяд төгрөгийн ажил хийгдэж байна. Энэ нь салбарын 7000 аж, ахуй нэгжид хангалттай ачаалал бүхий ажлууд байгаа юм.

Тиймээс бид энэ өссөн түвшин, хүрсэн үр дүнг харгалзан үзээд, өнгөрсөн 2018 онд барилгын салбар хямралаас гарч, шинэ шатанд гарах болсон гэж үзсэн.

Үүний дагуу барилгын салбарт төрөөс баримтлах бодлогоо шинэчилж баталлаа. Мөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих 150.000 айлыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрөө баталсныг хэлэх нь зүйтэй.

Ингэснээр 2023 он гэхэд хүн амынхаа 66,6 хувийг орон сууцанд оруулна гэсэн төсөөлөл гаргаад, хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж