-АН-ынхан бүлэг дотроо ч асуудлыг шийдээгүй сурагтай. Тэд оногдсон дөрвөн яамандаа хэнийгээ томилбол үлдсэн багахан хугацаанд оноогоо дээшлүүлэх вэ гэдгийг бодолцохоосоо илүүтэй фракци, бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгож байх шиг-
УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн өнөөдөр хуралдаж, МАХН-ын дарга хуралд оролцсоноороо улс төрд сонин хачин нэмэв. Төрийн ордноор дүүрэн сэтгүүлчид бужигнаж байгаа ч Н.Энхбаяраас өөр тэдэнд “олзлогдох” хүн ховор байна. Энэ хуралдаанаас "Шударга ёс" эвсэл Засгийн газарт орж ажиллах шийдэлд хүрсэн гэх бөгөөд "Улс төрийн зарим тохиролцоо хийж байгаа… Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаярыг томилсон…. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан, бас Ардчилсан намын даргатай уулзах гэж байна…" гэх албан бус мэдээллүүд байна.
Засгаа самарч, авлигачдыг өршөөх хууль баталчихаад алга болж өгсөн Ардчилсан намынхны бараа сураг ордон хавиар алга. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдэгдэл хийж, Өршөөлийн хуулийг АН, "Шударга ёс" эвсэл хүч түрэн баталлаа хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр "Монполемит"-ийн цементийн үйлдвэрийн тууз хайчлахаар мордсон гэхээс өөр мэдээлэл алга. Өчигдөр орой Сөүлээс Улаанбаатарт буусан МАХН-ын дарга Н.Энхбаяр Ардчилсан намын дарга З.Энхболдтой намын даргынх нь хувиар уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч одоогоор цаг, нар товлосон зүйлгүй байна.
Ээлжит бус чуулган наймдугаар сарын 14-нийг хүртэл 14 хоног үргэлжилнэ гэж тохирсноор бол сайд нарыг томилоход одоо ердөө МАРГААШ гэсэн ганцхан өдөр үлдлээ. Харамсалтай АН-ынхан бүлэг дотроо ч асуудлыг нэг тийш шийдээгүй сурагтай.
МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргаж, зургаан сайдынх нь эрхийг цуцалснаас хойш ажлын долоо хоног өнгөрлөө. Нөгөө айхтар сүржин эхэлсэн Ээлжит бус чуулганы эрч хүч суларчээ.
Ээлжит бус чуулган наймдугаар сарын 14-нийг хүртэл 14 хоног үргэлжилнэ гэж тохирсноор бол сайд нарыг томилоход одоо ердөө МАРГААШ гэсэн ганцхан өдөр үлдлээ. Харамсалтай АН-ынхан бүлэг дотроо ч асуудлыг нэг тийш шийдээгүй сурагтай. Оногдсон дөрвөн яамандаа хэнийгээ томилбол үлдсэн багахан хугацаанд оноогоо дээшлүүлэх вэ гэдгийг бодолцохоосоо илүү фракци, бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгож байх шиг. Сангийн яамаа Фортуна Н.Батбаярт, Зам тээврийн яамаа Л.Эрдэнэчимэг өгнө гэх сураг хэвлэлээр нэг явлаа. Гарьдхүүгийн Баярсайханыг ямар ч байсан сайд болгоно гэсэн яриа ч бас сонстож буй. Гэхдээ энэ бүх сайд нарын таамаг бол баталж нотолсон мэдээлэл биш.
Энэ мэт хачирхалтай томилгооны сураг ажиг өдөр бүр сонсогдож байгаа ч албан мэдээлэл Төрийн ордноос гарсан нь үгүй. АН дотооддоо учраа үл ойлголцохын зэрэгцээ "Шударга ёс" эвслийнхэн ч сайд нарынхаа нэрсийг зарлахгүй байгаа нь улс төрийн гацаа үүсэхэд нөлөөлж байгаа нь мэдээж. Намын даргыгаа онгоцноос буув уу, гүй юу хуралдсан гэх МАХН-ынхан өнөөдөр "Шударга ёс" эвслийн хуралд тун идэвхтэй оролцсон ч хэлэлцсэн асуудлынхаа талаар хэвлэлд мэдээлэл хийсэнгүй.
Ийнхүү Засагт эвсэх АН болон "Шударга ёс" эвслийнхний аль нь ч сайдаа тодруулж амжаагүй байтал Ээлжит бус чуулганы товлосон хугацаа дуусах гэж байна. Шинээр томилогдох сайд нараа тогтож, тодруулсан юмгүй, төрийн ажлыг гацаан, өөрсдийнхөө дураар дургиж байгаа нам, эвслүүдийн аясыг харсаар Ээлжит бус чуулганыг хаахад гайхах юм алга. Энэ хоёр нам, ялангуяа Ардчилсан нам төрөөрөө ичих нүүргүй тоглож байгаа нь гэхдээ дэндүү хайран байна.
Өдөр өдрийн улс төрийн амьдралд сонин хачин хачир багагүй байдаг ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын "Чингис хаан" нисэх буудал дахь учраа бас л гайхашрал төрүүлээд амжив. Өчигдөр буюу МАХН-ын даргыг ирэх өдөр Ерөнхий сайд МИАТ-ын үйл ажиллагаатай танилцаж таарсан нь бас сонин л учрал юм. Ч.Сайханбилэг МАХН-ын даргыг онгоцны буудалд тоссон нь үнэн эсэхийг мэдэхгүй ч онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцахаар очсон Ерөнхий сайдын гэнэтийн шалгалт Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгтэй давхацсан нь бол худал мэдээлэл биш.
Энэ мэтчилэн иргэд нь дуулиан дагуулсан Өршөөлийн хуулийг нүдээр харж итгэх гэсэн хүлээлттэй, зургаагийн зургаан яамны ажил нь зогсонги байдалтайгаар зуны улс төр үргэлжилж байна. Сайдуудын суудал эзгүй ч санаа зовсон хүн алга байна. Аргагүй ч биз дээ, Өршөөлийн хуулийнхаа өнгийг өөрчлөөд батлачихсан юм чинь.
Д.ЦЭЭНЭ