Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллав.

Тэрээр Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа Орон сууцны 1А хорооллын төслийн явц, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн ажилтай танилцав. Тус парк сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах чиглэлээр 2017 онд байгуулагдсан. Одоогоор  гагнуурын электрод, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 33 үйлдвэрлэл, үйлчилгээ ажиллуулж байна. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болох, татварын болон бусад орлого нэмэгдэх зэргээр ахиц дэвшил гарч байна. Цаашид цогцолбор болгож үйлдвэрлэгчид хамтдаа хөгжин, техник, технологийн дэвшилд тулгуурлаж импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Ерөнхий сайд дараа нь “Бэрэн” металл гангын үйлдвэрээр орлоо. Үйлдвэр 500 орчим ажиллагсадтай. Ган төмөрлөгийг байгалийн хүдрээс боловсруулан гарган авч жилд 200.000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал арматур төмрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, жилд 40.000 айлын орон сууцны арматурын төмөр  үйлдвэрлэх боломжтой юм.

Ерөнхий сайд мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг оруулсан, оны эцэс гэхэд 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр 2019 оныг хөрөнгө оруулалтын жил болгосон байна.  Энэ хүрээнд ордын нөөцийг нэмэгдүүлэх, ил уурхайд мөчлөг урсгалт технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, нуруулдан уусгалт, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөл  хэрэгжүүлэх юм.

Орхон аймагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийг ирэх онд хүлээлгэн өгөх гэж байна. Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангахыг зорьж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд ажлаа хугацаанд нь чанартай хийхийг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж