Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Баасан гаригт /2019.09.20/ хориг тавьснаар У.Хүрэлсүхийн улс төрийн гол реформ ерөнхийдөө жонхуурах тийшээгээ явчихлаа.
Өнгөцхөн харахад, Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан тогтоол, шийдвэрт хоригт тавьж байгаа мэт боловч цаанаа өнгөрсөн гурван сар УИХ дахь үнэмлэхүй олонхийн нухаж гаргаж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болоод эцэг хуулийн шинэчлэлтээр ард нийтийн санал асуулга явуулах нь төрийн тэргүүний эрх ашгаас илүү Х.Баттулга гэх хувь хүний хүсэл сонирхолтой нь зөрчилдсөн болоод ийнхүү “хориг”-т орж байгаа хэрэг. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ.
Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн шинэчлэлт үнэндээ хүлээж байсанчлан гол концепцоо суулгасан томоохон өөрчлөлт болж чадаагү. Гэхдээ өнгөрсөн 29 жилийн алдаа, завхралыг засах, засаглалын хямралыг тогтворжуулах, төр засгийг хариуцлагажуулах, шүүхийг хараат бус болгох тодорхой зүйл, заалтууд орсныг УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсэгт ажилласан гишүүд, хуульчид хүлээн зөвшөөрч буй.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэх нь өдгөө ард түмний мэдлийн асуудал болсон. Ард түмэн дэмжсэн нөхцөлд түүний “албажуулах” эрх нь УИХ-ын 75-д бий. Харин Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн саналын эрхтэй/саналаа буцаасан/. Бас УИХ-ын баталсан хууль тогтоомжид хуулийн дагуу хориг тавих эрхтэй.
Үйл явдлыг өрнөлийг харвал, Үндсэн хуулийн реформыг анхнаас нь жонхууруулах бодол Ерөнхийлөгч Х.Баттулгад байжээ гэлтэй. Хуулийн хугацаанд саналаа өгөөгүй Ерөнхийлөгч “надаас санал авсангүй” хэмээн Тамгын газрын даргаараа үг дайж тунирхаж сууснаа гэнэтхэн баяр наадамтай давхцуулан УИХ-ын даргад саналаа хүргүүлж, "Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байгаа"-г онцолж байв. Уг саналыг харсан хуульчид “Ерөнхийлөгч юу оруулаад ирэв ээ” гэж гайхширч суусан нь худлаа биш. Гэхдээ Ерөнхийлөгчийн санал болгосон ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ нь чухам юу байсан нь, цаад ашиг сонирхол нь одоо нэгэнтээ ил тод болжээ.
Ерөнхийлөгчийн оруулсан саналыг боловсруулсан төсөлдөө нэгтгэхийн тулд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллаж байсан ажлын хэсгийнхэн нэлээд асуудалтай тулгарсан нь бас худлаа биш билээ. Гэвч бас л гэв гэнэт, ард нийтээс санал асуулга авах УИХ-ын тогтоолтой зэрэгцээд оруулсан саналаа буцаасан нь, хориг тавьсан нь ондоо "захиалгатай" байж. Товчхондоо, парламентын засаглалын бэхжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол манай Төрийн тэргүүнд байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ анхнаасаа түүний амбиц өөр байсан нь ойлгомжтой байна.
Ердөө хэдхэн жилийн өмнө “парламентын засаглалыг дэмждэг"-ээ телевизийн камерын өмнө тайлбарлаж суусан Ерөнхийлөгч Х.Баттулгын баярын мэндчилгээ болгондоо дурддаг байсан “эрх шинэчлэл” гэх үгийн ард түүний Ерөнхийлөгчийн засаглал гэх холын шунал нуугдаж явсан нь илэрхий болсон. Тиймээс ч өдгөө “Ерөнхийлөгчийн засаглал” гэх нэрийн дор “Монголын авторитори” болох далд санаархлаа ил цагаанаар рекламдаж, энэхүү рекламных нь гол дүрд сүүлийн өдрүүдэд Тамгын газрынх нь дарга З.Энхболд тоглож буй.
Түүний хуулийн хүрээнд хориг тавьсан ганц шалтгаан нь Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдгийг асуусангүй гэж л.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ард нийтээс санал асуулга авахаар бол Ерөнхийлөгчийн засаглалыг уу, парламентын засаглалыг сонгох уу гэж асуух ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлэх болсон билээ. Ийм асуулт тавих хуулийн гаргалгаа байхгүйг сануулсан Ардын намынхныг шахаанд оруулах, цаашлаад У.Хүрэлсүхийн улс төрийн реформыг нураах замаар хүссэн эрх мэдэлдээ хүрэх гэсэн Ерөнхийлөгчийн улс төрийг улс орон маань дааж гарах эсэх нь улам эргэлзээтэй болж байна.
Үнэндээ, Монголд Ерөнхийлөгчийн засаглал огтоос тохирохгүй гэдгийг амтай болгон хэлж буй. Адаглаад Монголд нэг хүний дарангуйлал тогтох магадлал тун өндөр. Учир нь, түүх эргэдэг гэдэг. Тэр тусмаа 1937 оны хэлмэгдүүлэлт эргээд ирэв үү гэлтэй, өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг өдгөө цагдаа, шүүхээр айлгах нь хэвийн үзэгдэл болсон. Зөвхөн эндээс харахад л Монголд яагаад ч Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй юм.
Монгол бол хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон. Гадаад бодлого хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хуульд хориг тавих, хууль санаачлах, эрх хэмжээнийхээ асуудлаар зарлиг гаргах, зарим албан тушаалтныг томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид бий. Мөн Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах, УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцох, онц болон дайны байдал зарлах эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой заалт төдийлөн хөндөгдөөгүй гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдэлгүй Төрийн тэргүүн лав биш. Түүнд одоогийн эрх мэдэл нь огтоос багадаагүй. Тиймээс, Ерөнхийлөгч өө, та жолоогоо тат!
Холбоотой мэдээ