Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорсон байна. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээл ажээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Гэрлийн урт шөнө” арга хэмжээг есдүгээр сарын 21-нд зохион байгуулж, “Норд-Арт 2019” шагнал болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулжээ. Энэ ёслолын арга хэмжээнд нийт 4000 зочин, урлаг сонирхогч хүрэлцэн ирсэн байна.
Уран барималч А.Очирболдын хүртсэн дээд шагналыг "Норд-Арт 2020" үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах аж. Шагналын албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “Норд-Арт 2020” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм байна.
Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан шилдэг 371 уран бүтээлчид энэ жилийн Норд-Артад оролцсон байна. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм. Тэрбээр 2015 онд Норд-Арт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж, “Норд-Арт 2015” үзэсгэлэнгийн “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.
“Норд-Арт 2019” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй юм.








А.СҮРЭН
Холбоотой мэдээ