Сонгуулийн үеэр пэйж ашиглахдаа заавал зөвшөөрөл авна

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Сонгуулийн үеэр пэйж ашиглахдаа заавал зөвшөөрөл авна

Сонгуулийн үеэр пэйж ашиглахдаа заавал зөвшөөрөл авна

Улсын их хурлын ээлжит сонгууль ирэх 2020 онд болно. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ёс зүйтэй, эх сурвалжтай, хариуцлагатай ажиллах талаарх “Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг өнөөдөр /2019.09.23/ “Blue Sky зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг дугуй ширээний уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хуульч, судлаачид цугларч, ирэх 2020 оны сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлэн үү, Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээлэлд хамаарах ямар нэмэлт, өөрчлөлт орж буй талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байв.


ХМЗ СОНГУУЛИЙН ҮЕЭР ШУУРХАЙ АЖИЛЛАЖ, САНАЛ ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир ярихдаа “Сонгууль нь мэргэжлийн сэтгүүл зүйд чухал сорилт болж, том хариуцлага хүлээлгэдэг. Тэр утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн мэдэх эрхийг хангах, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр олон нийтэд үнэн бодит, баримттай, эх сурвалжтай мэдээллийг өгч, хуурамч мэдээлэлд автахгүй байх ёстой. Саяхан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Удирдах зөвлөлийн шийдвэрийг гаргасан.

Сонгуулийн үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл шуурхай ажиллана. Одоогоор Хэвлэл мэдээллийн зөвлөл улиралдаа нэг удаа хуралдаж, иргэдээс хүлээн авсан гомдлоо хэлэлцдэг бол сонгуулийн үеэр нэн даруй хуралдаж, асуудлыг хэлэлцдэг болж байгаа. Түүнээс гадна зөвхөн уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллага гэлтгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд сошиалд хэрхэн зөв мэдээлэл түгээж, байр сууриа илэрхийлэх вэ, хуурамч мэдээллийн давалгаанд яаж өртөхгүй байх юм бэ гэдгийг анхааралдаа авч ажиллаж байна. Энэ талаарх тодорхой зохицуулалтууд ойрын үед орох байх гэж бодож байна” гэв.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААГ НЭМСЭН

Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээлэлд хамаарах ямар нэмэлт, өөрчлөлтүүдийг шинээр тусгаж байгаа, үүнийг хэрэгжүүлэхэд талууд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа танилцуулсан юм.

Тэрбээр “Өмнөх 2016, 2017 онд сонгууль зохион байгуулсан хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн хуультай байсан бол одоо Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэсэн тусад нь гурав салгаж, зохицуулахаар болсон. Гэхдээ сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт гурван хуульд ижилхэн тусгасан. Шинээр орж байгаа зохицуулал гэвэл өмнө нь 17 хоног сонгуулийн сурталчилгаа явдаг байсан бол 21 хоног болсон.

Мөн ялангуяа өмнөх Сонгуулийн тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй байсан, орхигдож байсан асуудлуудыг аль болохоор зохицуулахаар ажилласан. Сүүлийн үед нэлээд яригдаж буй цахим орчинг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах талаар тусгасан байгаа. Мөн телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байсан бол шинэ зохицуулалтаар мэргэжлийн байгууллагаас гаргасан санал хүсэлтээр хоногт 120 минутаас хэтрэхгүй байна гэж тусгасан” талаар мэдээлэл өглөө.

СОШИАЛД СУРТАЛЧИЛГААНЫ ПЭЙЖ АШИГЛАХДАА ЗААВАЛ ЗӨВШӨӨРӨЛ АВНА

Мөн өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдэгдэл хүлээн авч, зөвшөөрөл олгодог байсан. Харин шинэ зохицуулалтаар энэ ажлыг Харилцаа холбооны зохицуулагч хороо хариуцдаг болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээ ашиглахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид сошиал пэйж хуудас ашиглахаар бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх ёстой. Энэ пэйж хуудсаараа сурталчилгаа явуулахдаа олон нийтийн сэтгэгдлийг оруулахгүй тохиргоог хийнэ гэж тусгасан гэдгийг мэргэжилтэн онцолж байлаа.

А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж