УИХ-ын гишүүн Г.Уянгатай Өршөөлийн хуулийн талаар ярилцлаа.
-Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж, батлаад байна. Хаалттай хэлэлцсэн асуудал нь ардаа ихээхэн хардлага төрүүлж, өөрсдөдөө зориулсан хууль баталлгаа гэх яриа байна. Та энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-Би өчигдөр баталсан Өршөөлийн хуульд сэтгэл дундуур байгаа. Төр алдсан хүмүүсээ өршөөж болно. Гэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, алдаж эндсэн хүмүүсээ өршөөх нэрийдлээр авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг давхар өршөөж байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Прокуророос авлига, хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санаануудыг бодитойгоор оруулж ирсэн. Гэвч энэ саналыг ажлын хэсэг авч хаясан. Өөрөөр хэлбэл, прокурорын саналыг хэрэгсээгүй. Бие даагч гишүүд болон миний бие прокурорын саналыг буцааж тусгая гэсэн ч мөн гишүүдийн олонх дэмжээгүй. Мөн авилга, хээл хахуулийн хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн нь ч УИХ-аар дэмжигдээгүйд сэтгэл гонсгор байна. Ингэх юм бол бүгдээрээ нийлж нийгэмд шударга бус зүйлийг өөгшүүлж, хамтаараа улс төрийн тохироогоо хийж хоёр талынхаа албан тушаалтнуудыг өршөөдөг байдлаар хамтарвал цаашдаа энэ хамтрал нийгмийг өөрчилж, чиглүүлж чадахгүй. “Шударга ёс” эвсэл маш шударга бус хууль дээр ажлын хэсгийг ахалж, ийм санал орууллаа.
-Аливаа зүйл эерэг болон сөрөг талтай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн эерэг талыг та юу гэж харж байна вэ?
-Эерэг тал нь хоёр хүн өршөөлд хамрагдахаар байгаа. Энэ хуулийн гэгээлэг тал нь энэ юм уу даа. АТГ-т шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдийн 90 хувь нь өршөөлд хамрагдаж байна. Тэгэхээр АТГ гэж байгууллага байх хэрэг байна уу. Энэхүү албан тушаалын хэргүүдийг илрүүлэх гэж Төрийн албан хаагчид болон хууль, хүчний байгууллагынхан ажилласан. Гэтэл энэ бүхнийг үсгүйсгэж УИХ Өршөөлийн хууль баталж байна. Төрийн эрх барих дээд байгууллага нь Төрийн албан хаагчдынхаа хийсэн ажлыг ийнхүү үгүйсгэж байгаа нь Монголын төр аль хэдийнэ байхгүй болсны илрэл. Мөн Оюутолгойн хөрөнгө орлогын хэтрэлтийг Сангийн яам, ТЕГ-ын ажлын хэсгийнхэн шалгаж, 1.8 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын хэтрэлтийг илрүүлсэн атал Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар үгүйгэх жишээтэй. Энэ мэтчилэн төр өөрөө ТАХ нарынхаа хийсэн шударга ажлуудыг үгүйсгэсэн хуулийг батлуулаад байвал энэ төрд зүтгэх хүн байхгүй болно. Одоо Төрийн ордонд алдаагаараа сүлбэлдсэн, бие биендээ зориулж хууль баталдаг гэмт хэргийн бүлэглэлүүд төр барьж байна гэхэд хатуудахааргүй болж байна.
-Өршөөлийн хуулийг хаалттай, хэлэлцэн батлахад та байсан уу. МАН-ынхан чуулганы хуралдаанд суусан уу?
-МАН-ынхан чуулганы хуралдаанд оролцоогүй. “Шударга ёс эвсэл”-ийнхэн болон АН-ынхан гурван заалтыг оруулсан. Ерөнхийлөгч авлигатай тэмцэх ёстой хүний хувьд энэ хуулийн албан тушаал, авлигыг өршөөсөн заалтуудад хориг тавих болов уу гэж бодож байна.
-Энэ хуулийн МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж гаргалаа гэх хардлага мөн байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Ингэж хардах үндэслэл бий юү?
-Хоёр талтай л даа. “Шударга ёс” эвслийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэмт хэрэг үйлдээгүй гэдэг. Түүнтэй холбоотой асуудлыг өршөөлд хамруулахгүй шударга ёсны зарчмаар шийдэх боломж байсан гэж би боддог. Зарчмын хувьд буруу тал руугаа явж байна гэж хэлж болно.
-УИХ-ын гишүүдийг сэжигтнээр татсан ч юм уу, хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн байдлаар шалгаж буй тохиолдол бий юу. Өршөөлийн хуулийг УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж гаргалаа гэх хадлага байгаа учраас ийн асууж байна л даа?
-Гишүүдийг шууд шалгаж байгаа асуудал байхгүй ч Өршөөлийн хууль тэдэнтэй холбоотой. Албан тушаалын хэргүүд парламентаас гадуур байх ямар ч бололцоо байхгүй. Тэр тусмаа томоохон авилга, их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүд гарцаагүй энэ парламенттай ямар нэгэн сэжмээр холбогдоно. Цэв цэвэрхэн байна гэж байхгүй. Тэр ч утгаараа энэ лобины хуулийг баталж байна. Хэрвээ парламентын гишүүд өөрсдөө цэвэр бол албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй, тийм заалт хуульд оруулж батлуулахгүй байх байсан шүү дээ.
-Өршөөлийн хуулийн зүйлчлэлийн хугацааг хэрхэн заасан байгаа вэ?
-Энэ хууль батлагдахаас өмнө үйлдэгдсэн албан тушаал, авлигын гэмт хэргүүд хожим хойно илэрсэн ч гэсэн өршөөлд хамрагдана гэж хуулийн төсөл оруулж ирсэн гишүүд хэлж байсан. Тэгэхээр авлига, албан тушаалтай холбоотой бүх хэрэг энэ хуулиар өршөөгдөж байгаа юм. Тухайлбал, миний бие Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой баримтуудыг дэлгэж тавьсан. Үүний дагуу АТГ-аас түүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байсан. Бодвол энэ хэрэг албан тушаалынх учир өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгож байгаа байх.
Би чуулган дээр нэг асуултыг асуусан. Тэр нь юу вэ гэхээр, Ц.Мөнхбаяр өршөөгдөх үү, С.Баяр өршөөгдөх үү гэж. Орж ирсэн хуулийн төслөөр бол аль аль нь өршөөгдөхөөргүй байсан. Миний хувьд Ц.Мөнхбаярын хэргийг заавал өршөөлд хамруулах ёстой гэсэн зарчмын санал тавьж байсан. Гэтэл Ц.Мөнхбаярын хэргийг өршөөлд оруулж байгаа бол одоо дуугуй сууж бай хэмээн олон гишүүн надад хэлсэн. Энэ парламент шударга бусыг өөгшүүлж байна. “Шударга ёс” эвслийнхэн ч ялгаагүй. Н.Энхбаяр даргыг Монгол төрийн зүтгэлтэн байсан хүний хувьд асуудлыг ийм зарчмаар биш арай өөрөөр шийдэх ёстой гэж би үздэг. Тэр ч утгаараа ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж байсан. Харамсалтай нь хэлэлцүүлэг рүү оруулахгүй яваад байна.
Ц.ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.eagle.mn