&#34Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийг хориг тавина гэж харж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

&#34Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийг хориг тавина гэж харж байна&#34

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Өршөөлийн хуулийн талаар тодрууллаа.

 

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэн, баталлаа. Таны хувьд энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Би өчигдөр хуралдсан байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаас болоод оролцож чадаагүй. Гэхдээ энэ хуулийн ерөнхий зарчмуудыг нь харж байсан. Тухайлбал, өршөөлд хөнгөн, хүндэвтэр гэмт хэргүүд хамрагдана. Одоо хоригдож байгаа 7000 орчим хүнээс 3000 орчим нь ямар нэгэн хэмжээгээр өршөөлд орж байгаа. Мөн хүн гэмт хэрэгтэй хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас олсон орлогоо улсад тушаасан тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах зарчмаар явна гэсэн ойлголт гишүүдийн дунд байсан. Үүний хүрээнд хуулиа баталсан гэж ойлгож болно.

 

-Энэ хуулийг албан тушаалтнуудад зориулж баталсан гэх хардлага нийгэмд байна л дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд хэлсэн нэг том хүсэлт байсан. Манай байгаль хамгаалагч Ц.Мөнхбаяр Эрүүгийн хуулийн 177.1 гэсэн зүйл ангиар 7.3 жилийн хорих ял сонссон. Түүнтэй адил жирийн иргэд маш олноор шүүхээс ял сонсдог. Өнөөдөр монголын шорон дүүрчихсэн байгаа. Энэ хэргүүдийг зайлшгүй Өршөөлийн хуульд хамруулах ёстой гэдэг байр суурьнаас ажилласан. Ямартай ч Ц.Мөнхбаярт холбогдох хоёр зүйл ангийн нэг нь өршөөлд хамрагдаж байгаа. Одоогийн Эрүүгийн эрх зүйн зарчмаар хөнгөнийг нь хүндэд нь багтааж ял оноодог. Тэгэхээр Ц.Мөнхбарын хувьд хүнд зүйл анги нь  өргөөлд хамрагдаж байгаа учраас түүний асуудал нааштай шийдэгдэх болов уу гэж найдаж байна. Харин авилга, албан тушаалын зарим хэргүүд дээр гишүүдийн байр суурь янз бүр байсан. Ерөнхийлөгч тодорхой асуудлууд дээр хориг тавих байх. Би тэгэж харж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэмжээний гишүүд олон байгаа. Тэгэхээр Өршөөлийн хууль батлагдсан ч гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг давж байж цаашаа хэрэгжинэ. Энэ хуульд нухацтай хандах ёстой.

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх боломж хэр байгаа вэ?

 

-Сөрөг хүчин 25 гишүүнтэй. Тэд Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээж авсан тохиолдолд хориг хүчин төгөлдөр болоод л явна. Шударга гишүүд цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Өршөөлийн хуульд алдаа, завхрал байгаа бол тэрийг засч, залруулаад явах ёстой гэж хэлмээр байна.

 

Ц.СОНОР

 

Эх сурвалж: www.eagle.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж