Тамирчин хүнд сэтгэл зүйн тогтвортой байдал хэчнээн чухал болохыг “Нурсултан-2019” тэмцээнд оролцсон чөлөөт бөхийн тамирчин Э.Сумьяагийн жишээнээс бид харсан. Тамирчин хүний дотоод сэтгэлд чухам юу болдог вэ, ямар зөрчилдөөн, тэсвэр, тэвчээрийг даван туулдаг вэ. Энэ сэдвээр бид "Аварга" дээд сургуулийн спортын сэтгэл судлалын багш Г.Гантулгатай ярилцлаа.
-Тамирчин хүний сэтгэл зүй бусад хүнийхээс онцлогтой байдаг уу?
-Тамирчин хүний сэтгэл зүй энгийн хүмүүсээс маш их ялгаатай. Учир нь, тамирчин хүн өдөр бүр бие махбодын ачаалал авч, хөлс хүч, нойр хоол, бэртэл гэмтэл гэх мэт зүйлсийг даван туулах шаардлагатай байдаг. Тиймээс энгийн хүнээс хоёр дахин амьдралын ачаалалтай амьдардаг гэж болно. Энэ бүхнийг даван туулна гэдэг тухайн тамирчнаас асар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Ер нь тамирчин хүн хүчтэй байхаас өмнө сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлтэй байх ёстой.
-Тамирчин хүний амжилтад сэтгэл зүйн байдал хэр их нөлөөлдөг вэ?
-Тамирчин хүний үндсэн дөрвөн бэлтгэл байдаг. Техник, бие бялдар, тактик, сэтгэл зүйн бэлтгэл гэж бий. Энэ дөрвийг амжилттай даван туулж байж тамирчин хүн сая нэг бэлтгэл хангагдлаа гэж үзэж болно. Шалгалтдаа бэлдэж хичээлээ уншаагүй оюутан шалгалт өгөх нь ямар айдас сандрал төрүүлдгийг бид оюутан байхдаа мэдэрсэн. Түүн шиг тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл чухал. Гэтэл дээрх сэтгэл зүйн байдлыг даван туулаагүйгээс болж тамирчин хүн өөрийн сэтгэхүйд олон асуулт, хий хоосон айдас сандрал тээдэг. Үүнээс болоод тэмцээнд амжилт үзүүлэхгүй байх тохиолдол олон.
-Саяхан болсон явдлаас бид тод сургамж авлаа. Тамирчин хүнд сэтгэл зүйн байдал ямар нөлөөтэй вэ гэдгийг ч мэдэрлээ. Казакстанд болсон чөлөөт бөхийн төрлөөр олимпийн эрх авах чухал барилдаанд Э.Сумъяа өрсөлдөгчтэйгээ бус, өөрийнхөө дотоод хүнтэй тэмцэлдсэн болов уу гэж санагдсан?
-Ер нь хэнд ч саяын асуудал хүнд тусна. Э.Сумъяагийн хувьд олон нийтийн өөрт нь хандах хандлага хамгийн их сэтгэл зүйн дарамт болсон нь тодорхой. Ялангуяа сошиал орчин дахь өөрийг нь хар бараанаар хэлж буй сэтгэгдэлүүд. Сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс түүний ирээдүйн амьдрал, амжилтын замналд маш том шарх үлдээж байна шүү дээ. Үүнээс гадна надаас болж чөлөөт бөхийн холбоо асуудалд орох вий гэсэн айдас тэр хүний дотор байсан болов уу. Мэдээж тамирчин хүн бүр өөрийн хайртай спорт, дасгалжуулагч, хамт олноо өмөөрч, өмөлзөнө шүү дээ.
Сая болсон ДАШТ-д Э.Сумъяа өөртэйгээ ч тэмцэлдэх боломж гараагүй гэдгийг ард түмэн маань нэг талаас харж үзээсэй гэж бодож байна.
-Монгол улс тамирчдын сэтгэл зүй дээр хэр анхаарч ажилладаг вэ? Бусад орны жишээ ямар байдаг бол?
-Манай ард иргэд сүүлийн жилүүдэд спортыг илүү ойлгож хайрлаж, хүндэлж байна. Үүний хамт тамирчин хүнийг бас хүн талаас ойлгох хэрэгтэй байгаа юм. Амжилт гаргахаар нь бахархаад л, алдаа гаргахаар нь зүхээд байж болохгүй. Бид улсын шигшээ багийн тамирчдыг улсаас цалин хөлс авдаг, гадагшаа дотогшоо явдаг боломж бололцоотой гэж ойлгодог. Гэтэл үгүй шүү дээ. Авч буй цалин хөлс хаанаа ч хүрдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас манай орны хувьд тамирчдад сэтгэл зүйч нар төдийлөн хүрч ажиллалаад байдаггүй. Гадны орон тэр дундаа Европын орнууд болон Япон, Солонгос, Казакстанд тамирчиддаа сэтгэл зүйн тусгай тест оношилгоо явуулж, тохирох үйлчилгээ үзүүлдэг. 2016 онд Казакстан улсын Караганда хотын Буготовын их сургууль дээр очиж уулзахад тухайн хотын тамирчид бэлтгэлийн бүх нөхцөлөөр хангагдсан байсан. Саяхнаас Монголд Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчийн орон тоо бий болсон шүү дээ. Үүнтэй адил спортын холбоодыг төр засгаас дэмжээд сэтгэл зүйчийг бий болговол тэдний амжилтын үзүүлэлт илүү сайжирна даа.
-Олимп, дэлхийн аварга гээд олон улсын чанартай тэмцээн уралдаанд тамирчин явахад уг нь сэтгэл зүйч заавал дагалдах ёстой. Манайх санхүүгийн асуудлаас болоод дасгалжуулагч нь сэтгэлийг нь зассан болоод л явдаг гэсэн. Гэтэл энэ нь хангалттай байдаг уу?
-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайн дасгалжуулагч, багш нар тамирчинтайгаа өдөр бүр байнга хамт байдаг учир сэтгэл зүйн бэлтгэлээ давхар хийчихдэг гэж ойлгодог. Гэтэл тэр хүн дотроо өөрийн гэсэн үзэл бодолтой, нийгмийн амьдрал, ар гэрийн байдал өөр, үерхэл нөхөрлөл, нийгмийн хандлага ч ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр болгоноо дасгалжуулагч, багшдаа хэлээд байх нь ховор. Өөрт тохиолдож байгаа асуудлаа хэн нэгэнд ярихад хүний сэтгэл сайхан болооод хөнгөрчихдөг. Ингэж доторхоо уудалж, нээх нь чухал байна. Ингэж тамирчдыг сонсож, зөвлөгөө өгч, сэтгэлийн бэлтгэл хангадаг хүмүүс бол сэтгэл зүйчид юм. Харамсалтай нь, санхүүгийн асуудлаас болоод эмч, бариач, сэтгэл зүйчид тэр бүр тамирчдыг дагалдаад байж чаддаггүй. Өнөө л багш, дасгалжуулагч нь амжилт хүссэн болоод л яриад өнгөрдөг.
Заримдаа бүр амжилт гаргахыг хэтрүүлж сануулаад дарамт болох тохиолдол ч бий. Нөгөө талаас тухайн тамирчин сэтгэл зүйгээ, өөрийгөө ойлгохгүй үе ч байна. Яг дотоод хүнд ямар асуудал үүсээд буйгаа ч мэдэхгүй шаналж байдаг.
-Мэдээж хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн эцэг эхийг буруутгахгүй. Гол нь чөлөөт бөхийн холбоо сая хэл ам гаргахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан уу?
-Чөлөөт бөхийн холбооны тэр асуудлыг би сайн мэдэхгүй байна. Гол нь тэр хүүхдийн сэтгэл зүрх яаж урагдаж сэмэрч байгааг бодохоос ч аймшигтай байна. Ид хийж бүтээх насандаа яваа ургаж буй цэцэг шүү дээ. Тэр өөрийн асуудлаа аав, ээждээ хэлээд эцэс сүүлд нь олон нийтийн бай боллоо.
Охиндоо ирэх сэтгэл зүйн дарамтыг эцэг, эх нь нэг талаар бодож үзсэнгүй.
Мэдээж бэлтгэл сургуулалтаа хийгээд эхлэхэд сэтгэл зүй нь маш олон асуудалтай тулгарна. Түүнийг дасгалжуулагч багш, хамт бэлтгэл сургуулилалт хийж байгаа үе тэнгийнхэн, ах эгч нар нь ойлгоосой билээ. Үгүй бол тэр хүн спортын замналаа ч орхиж магад. Энэ чинь бүхэл бүтэн нэг хүний амь, амьдрал шүү дээ.
-Тамирчин хүн сэтгэл зүйн дарамтад орлоо гэхэд хэр хугацааны дараа эргэж хэвэндээ ордог вэ?
-Дээрх асуудалд нилээн хугацаа орно. Гэхдээ тухайн тамирчин маань өөрөө хэр сэтгэлийн хаттай вэ гэдгээс бас шалтгаална. Сэтгэл зүйн дарамт гэдэг үүсээд буй асуудлыг зөвөөр шийдчихвэл аяндаа намждаг асуудал.
-Амжилт гаргасан тамирчнаас допинг илрэхэд тухайн хүний сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ?
-Сэтгэл зүйн маш том хямрал явагдана. Нэг үгээр хэлбэл тэр хүн хорт хавдар туссан, үхлээ хүлээж буй өвчтөн шиг л болно.
-Монгол Улсын Аварга Э.Оюунболдын жишээг дурдаж болох юм. Эхлээд бид түүнийг хүндэлсэн, хайрласан, шүтсэн. Дараа нь муулсан доромжилсон, үзэн ядсан. Тэр хүний дотоод ертөнцөд юу болж буйг анзаараагүй?
-Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Олон нийтийн хэл ам гэдэг ямар аюултай байдгийг харж байлаа. Яг л аймшигт тахал өвчин шиг.
“Олон нийтээс ирэх сөрөг хандлага бол сэтгэлийн тахалт өвчин” юм. Э.Оюунболдын доторх хүн ямар байгааг төсөөлөхөд бэрх.
-Нийгмийн энэ хандлага түүний дараагийн барилдаанд нөлөөлөх болов уу?
-Дараагийн барилдаанд мэдээж нөлөөлнө. Хүнд хэцүү, бас хугацаа орох байх. Сэтгэл зүйгээ сайн бэлдээд, бие бялдрын бэлтгэлээ сайн базаагаад, барилдахад болно доо. Ер нь монголчууд бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлийг зөв зохистой хэрэглэх нь их чухал болоод байна. Нэг зүйлд нийтээрээ анхаарал хандуулахад нөгөө талдаа нэг хүний амьдрал өөрчлөгдөж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ.
-Энэ байдлаас гарах түүний хийх алхам юу вэ, сэтгэл зүйгээ яаж бэлдэх ёстой вэ?
-Одоо маш олон хүн ингэ, тэг гээд зөвлөж байгаа нь мэдээж. Гол нь өөрөө энэ бүх асуудлыг сайн тунгааж бодох хэрэгтэй. Тамирчин хүн сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг бол өөрийгөө сайн таних юм. Тамирчин хүн тэмцээнд амжилт үзүүлэх, үгүй нь хоёр зүйлээс их хамаардаг. Энэ нь бие бялдрын бэлтгэл, нөгөө нь сэтгэл зүйн бэлтгэл юм. Манай орны тамирчид бие бялдрын бэлтгэлээ их сайн хийдэг. Харин сэтгэл зүйн бэлтгэлээ бараг хийдэггүй.
Холбоотой мэдээ